Comment.mn

Монголын гурван иргэн хилийн чанадад цаазын ял сонсчээ

-13 улсад 107 монгол хүн ял эдэлж байна-

Монгол Улсын 297 иргэн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон тоо өнгөрсөн оны эцсээр гарч байсан бол энэ сарын байдлаар 168 иргэн гэмт хэрэгт холбогдож, 13 улсад 107 иргэн ял эдэлж байгаа талаар Гадаад хэргийн яам өчигдөр мэдээллээ. Үүнээс хар тамхины хэргээр 31 иргэн ял эдэлж байгаагийн гуравт нь цаазаар авах ял оноосон байна. Тэдний ялын гүйцэтгэлийг түр хугацаагаар хойшлуулаад байгаа аж.

Тухайлбал, Малайзын Давж заалдах шатны шүүхээс хар тамхины хэргээр Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гарсан байна. Энэ асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн Сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар тус улсын холбогдох байгууллагад бичгээр хандаад байгаа гэнэ. Тэд “хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулах” ёстой гэж үзжээ.

Мөн Н.Золзаяагийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөл үзүүлэх зэрэг зардалд 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байна. Үүнээс гадна, АНУ-ын Виржиниагийн олон улсын сургуульд сурал­цаж байсан М, Ц нарыг ман­сууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг тус улсын цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Одоо­гоор сэжигтнээр татаж, гадуур байцаан шалгаж байгаа аж. Түүнчлэн Малайзад хэрцгий­гээр хөнөөгдсөн Ш.Алтан­туяагийн хэргийн буруутай этгээдүүдэд цаазаар авах ял оноосон, уг хэргийн улмаас түүний ар гэрт учирсан хохирлыг барагдуулах асуу­далд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа талаар Гадаад хэргийн яам мэдээлэл өгсөн юм.

125 мянган иргэн гадаадад амьдарч байна

Энэ оны есдүгээр сарын байдлаар 58 улсад манай улсын 125 мянган иргэн оршин сууж байна. Тэдний 167 нь хэрэгт холбогдсоноос 107 нь ял эдэлж байгаа юм. Ялтан солилцох гэрээний дагуу БНХАУ-аас нэг иргэнийг шилжүүлэн авчирсан бол одоо тус улсаас дахин хоёр иргэнийг, Хонгконгоос нэг иргэнийг шилжүүлэн авчрахаар яриа хэлэлцээр хийж үргэлжилж буй аж.
Мөн есөн сарын хугацаанд бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан дөрөв, амиа хорлосон ес, золгүй тохиолдлоор 10, авто замын болон үйлдвэрийн ослоор 16, өвчний улмаас 32 нийт 71 иргэн хилийн чанадад нас баржээ. Тэдний нэг болох Ч.Б нь өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр АНУ-д учир бүтүүлгээр нас барсан бөгөөд хэргийн сэжигтнийг олоогүй, өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлах ажил явагдаж байна.

Мөн Б.М-ыг өнгөрсөн гуравдугаар сард Францад гаднын нөлөөтэй нас барсан байхыг тус улсын цагдаагийн байгууллага олсон бөгөөд сэжигтнээр Монгол Улсын харьяалалтай эмэгтэйг сэжиг­лэн, цагдан хорьж, шалгаж эхэлжээ. Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 21-нээс хойш сураггүйд тооцон хайж байсан манай улсын иргэн А.А-г өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нас барсан байдалтай олсон байна. \Одоогоор уг хэрэгтэй холбогдуулан хэн нэгнийг сэжигтнээр татсан зүйл байхгүй аж. Харин БНХАУ-ын Эрээн хотод манай улсын иргэн амиа алдсан хэргийн сэжигтнээр тус улсын иргэнийг баривчилсан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

17 улсад визгүй зорчиж байна

Энгийн паспорттой иргэд 17 улсад визгүй зорчиж байгаа бол дипломат, албан паспорттой иргэд 46 улсад визгүй зорчиж байгаа юм байна. Азийн орнуудад суугаа Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-нд виз мэдүүлж байгаа гадаадын иргэдийн визийн материалыг тус улсын Филиппинд байрлах нэгдсэн визийн төвд хүргүүлэн шийдвэр гаргуулах болсонтой холбогдуулан виз мэдүүлж байгаа монгол иргэдийн материалыг хүргүүлэх бол­сон юм. Харин визийн хариуг 21 хоногийн дотор өгч байгаа аж.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ манай улсын иргэдэд виз олгох хөнгөвчилсөн жур­­мыг шинэчлэн 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн мөрдөж эх­лээд байна. Шинэ журмын дагуу банкинд байршуулах барьцаа мөнгийг таван сая төгрөг болгон бууруулах, Монгол Улсын шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгжид нэг жилээс дээш хугацаанд ажил­лаж байгаа үндсэн ажилтнуу­даас санхүүгийн батал­гаа шаардахгүй болсон зэрэг хөнгөлөлтүүд үзүүлж эхэлжээ.
Эх сурвалж: www.assa.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.