Энэ оны төсвийг хэд хэдэн татвараас бүрдүүлэхээр зэхсэн гэхэд болно. Үүний нэг нь Нийслэл хотын албан татвар юм. Уг хуулийг 2003 онд анх санаачилж 2015 оны зургаадугаар сард УИХ-ын чуулганаар баталсан юм.
Ингэснээр татвар төлөгчийн худалдан авсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд 0-1 хувийн татвар авахаар заажээ. Үйлчилгээн дээр ресторан, баар, амралтын газар, зочид буудлаас татвар авах нөхцөлтэй байгаа юм. Харин дэн буудал, цайны газар гэсэн өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг газраас татвар авахгүй.
-Татвараас олох орлого-
Нийтдээ 13.2 тэрбум төгрөгийн орлогыг нэг жилд хотын татвараас олох боломжтой гэсэн ерөнхий тооцооллыг нийслэлээс хийжээ. Цаашид хуулинд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын тоо нэмэгдвэл дээрх мөнгөн дүн нэмэгдэх боломжтой аж.
Хуулийн дагуу олсон орлогыг Хотын албан татварын тухай хуулийг дагаж УИХ-аас давхар батлагдсан тогтоолын дагуу Улаанбаатар хотод зохиогдох олон улсын үзэсгэлэн, яармаг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах юм байна.
Архи, тамхинаас олох орлого нь 11 орчим тэрбум, харин зочид буудал, ресторан, баар эрхлэх үйлчилгээнээс хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж хууль хэрэгжүүлэх байгууллага тооцоолжээ. Одоогоор Улаанбаатар хотод 5600 орчим аж ахуй нэгж татвар төлөх үүрэг хүлээх гэнэ.