Мес.mn судалгааны байгууллагын улс төрийн хүрээнд хийсэн есдүгээр сарын судалгааны дүн гарчээ. Эл судалгаагаар Монгол Ардын Намын рейтинг эрх баригч Ардчилсан намынхаас дөрвөн хувиар илүү гарсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын рейтингийг МАН 18 хувиар тэргүүлж байгаа бол эрх баригч АН 14, “Шударга ёс” эвсэл 10 хувийн рейтингтэй яваа аж.
Эрх баригчдын эхний засаг буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед АН-ын рейтинг 27 хувьтай байсан ч Ч.Сайханбилэг, З.Энхболд нарын
үед 14 хувь болтлоо буурчээ.
Мөн хамгийн муу нэр хүндтэй улстөрчөөр өдгөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодорсон байна. Үүгээр ч зогсохгүй олон нийтэд таалагддаггүй улстөрчдийн нэрсийг АН-ынхан толгойлж явна.
Жишээлбэл, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Э.Бат-Үүл нарыг олон нийт таалдаггүй гэсэн судалгаа гарчээ. Дээрх хүмүүс дээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Засгийн газрын шинэхэн гишүүн Л.Эрдэнэчимэг нэмэгдэнэ. Улаанбаатар хотыг удирдаж асан хүмүүсээс түүхэндээ хамгийн муу үнэлгээг Э.Бат-Үүл авчээ. Судалгаанд оролцсон нийт иргэдийн 67 хувь нь өнөөдрийн хотын даргад дунд, муу, маш муу гэсэн дүн тавьсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд сонгууль дөхөх тусам АН, “Шударга ёс” эвслийн рейтинг унасаар байгаа аж. Харин эсрэгээрээ МАН-ын рейтинг өсөх хандлагатай байна.