Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг эцэслэн хэлэлцэгдэлгүйгээр ээлжит бус чуулган завсарласан. Тодруулбал, УИХ ээлжит бус чуулганаараа Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлалгүй завсарласан юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнгөрсөн баасан гарагт хоёронтоо зарлагдахад ирц бүрдээгүйгээс энэ асуудал гацсан. Дээрх үйлдэл санаатай, санаандгүй аль нь болохыг мэдэхгүй ч ирэх 10 дугаар сард намрын чуулган нээлт хийх үеэр энэ асуудал нэг тийш болох бололтой.
Тэгвэл Ерөнхийлөгчийн хориг Ч.Сайханбилэгийг суудалдаа үлдэх эсэхэд нөлөөлөх тухай бор шувуу нисээд эхэлжээ. Учир нь 2014 оны 11 дүгээр сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг томилогдох үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга “Би Ч.Сайханбилэгийг дэмжихгүй байгаа. Нүүрээ угаагаад нөгөө хувцсаа өмсөөд ороод ирлээ. АН-ын ҮЗХ төрийн дээр болж байгааг энэ явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр өнөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүн бүгдээрээ АНУ-д төгссөн, неолиберализмийн төлөөлөгчид болчихоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан жил УИХ-д тайлангаа тавьсангүй. Ц.Элбэгдорж Үндсэн Хууль, УИХ руу алхам тутамдаа нулимж байгааг харахад хүнд байна. Мөн таны найз С.Баярцогт та хоёр Оюутолгойн асуудлыг шийдэх зорилготой томилогдож байгаа юм уу гэж их айж байна. Ч.Сайханбилэг та томилогдох нь томилогдох бололтой. Гэхдээ та аль хэдийн ялагдчихаад томилогдож байна. Оюутолгойн луйврыг үргэлжлүүлнэ гэвэл би өөрөө огцруулах санал гаргана” хэмээж байсан.