”Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлэл хийсэн. Тэрбээр Өршөөлийн хууль болон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн шүүх хурлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тиймээс энэхүү асуудлаар Х.Бат-Ялалттай ярилцлаа.
-Өчигдрийн хэвлэлийн хурлаар та Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулж байгаа талаар шүүмжилсэн. Ямар учраас шүүмжилж байна вэ?
-Ерөнхийлөгч авилгын хэргийг өршөөхгүй гэж хориг тавьсан. Яг энэ цаг үед авилгын гэмт хэргийг шүүж олон нийтэд нээлттэй үзүүлж байна. Шүүх иргэдээ ингэж алагчилж үзэж болохгүй. Шүүхийн алагчлал явагдаж байна гэж харж байна. Жирийн иргэний хэргийг ингэж олон нийтэд нээлттэй үзүүлж, явуулж байсан тохиолдол байхгүй. Гэтэл авилгачид маш хүчтэй юм байна. Тэд шуудай шуудайгаар нь олсон мөнгөө телевиз худалдан авахад зориулдаг юм байна. Хэвлэл мэдээллийг худалдан авахад зориулдаг юм байна гэсэн МУ-ын Ерөнхийлөгчийн үг үнэн болж байна. Би 500 гаруй шүүх хуралд орж байсан. Гэхдээ шүүгч нар шүүгдэгчийг микрофон бариулаад гарыг нь хармаанд нь хийлгэчихээд хүссэн зүйлийг нь яриулаад шүүгч, прокурор луу дайрдаг тохиолдлыг анх удаа харж байна.
-Магадгүй энэ нь шүүхийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж болох уу?
-Мэдээж. Энэ бол шүүхийн хараат бус байдалд шууд халдаж байгаа явдал. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө иргэдийн санаа бодлыг сонсож, иргэдийг талцуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч улстөржүүлж байна. Нэг ярилцлага өгөхөөр очиход телевизүүд секунд нь тэдэн төгрөг хэмээн тооцон авдаг. Тийм өртөгтэй байж өнөөдөр АНУ-ын хөрөнгө оруулалттай ”Ийгл” телевиз эфирийнхээ үнэт цагийг бүтэн дөрвөн өдрийн турш Л.Гансүхийн шүүх хуралд зориулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг харуулж байна.
-Мэдээж шүүх баримт нотолгоонд тулгуурлаж шийдвэрээ гаргах байх?
-Шүүхээ өмөөрөх цаг иржээ. Улстөрчдийн нөлөөнд автаж шийдвэр гаргадаг хүмүүс байна. Улстөрийн намыг бүртгэхдээ хүртэл хууль бусаар бүртгэж байсан тохиолдол бий. Шүүх, хууль зүйн салбараар тоглож болдоггүй юм аа гэдгийг бид хатуу ойлгомоор байна. Нийгмийн шударга ёсны баталгаа, нийгмийн харилцааны тэнцвэрт байдлыг хамгаалдаг ганц тогтолцоо нь шүүх засаглал. Тиймээс энэ асуудалд бид маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Шүүх улстөржмөөргүй байна.
-Энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг өглөө?
-Н.Алтанхуяг гишүүнийг шударга ёс яриад зогсож байгаад үнэхээр баярлаж байна. МУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч шүүгдэж байхдаа шударга ёс яриад зогсож байхад баярлаж байлаа. Гэхдээ эдгээр эрхмийг төрийн өндөр албан тушаалтан байхад шүүх шударга ажиллаач ээ гэх хүсэлтийг хүргүүлж байхад тоогоогүй байж одоо өөрсдөө шүүгдээд ирэхдээ шударга ёс яриад зогсож байгаа нь зохимжгүй юм. Өөрсдөө эрх барихдаа хүнийг эрхийг зөрчиж болдог. Өөрсдөө шалгагдаад ирэхээрээ нөгөө байгууллагуудаа аймшигтай мангасаар нь дуудаж, иргэдийн тархийг угааж болохгүй юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа бид энэ бичлэгт тулгуурлаж, шүүхэд тулгамдаад буй асуудал, ялангуяа төрийн хуйвалдаан луйвартай холбоотой асуудлыг дэлгэрэнгүй ярилцана.
Б.Анир