Дэлхий нийтийн анхаарал дүрвэгчдийн асуудалд төвлөрч буй энэ цаг үед Египтийн тэрбумтан Нагуиб Савирис дүрвэгчдэд зориулсан шинэ улсыг бий болгоно гэж амласан.
Түүний энэ амлалт олон хүнд хий хоосон зүйл санагдсан байж болох ч бодит амьдрал дээр биелэлээ олох цаг мөдгүй ирэх нь.
Тэрбээр Грек болон Итали улсуудад арлаа зарах санал гаргасан байдаг бөгөөд эдийн засгийн хямралтай байгаа Грек улсад магадгүй ашигтай санал ч байж болох юм.
Савирис Грекийн хоёр арлыг сонгосон байгаа бөгөөд эрх баригчдад уг саналаа хүргүүлсэн ч одоогоор албан ёсны хариу өгөөгүй аж.
Дүрвэгчдэд амьдарч болохуйц хамгийн таатай нөхцөлтэй тус арал дээр шинэ улс байгуулах бөгөөд арлын улсын нэр нь “Aylan Island” буюу “Аяланы Арал” гэж нэрийдэх аж.
Сириэс гэр бүлийн хамт дүрвэж явах замдаа далайд живсэн гурван настай хүүгийн цогцос дэлхий нийтийг цочирдуулсан. Савирис ч мөн тухайн зургийг хараад суусан газраа хөдөлж ч чадаагүй, үнэхээр цочирдсон гэдэг.
Аялан хүү намайг сэрээсэн, би ингээд зүгээр сууж болохгүй юм байна гэдгийг надад ойлгуулсан гэж Савирис хэлсэн юм.
Тухайн арлын улсад үйлдвэр байгуулж дүрвэгч иргэдэд ажлын байр бий болгох ба сургууль, эмнэлэг гээд хүний хэрэгцээний бүхий л зүйлс дагалдаж бий болно.
Бизнесмэн хүний хувьд тусламж шаардлагатай хүмүүст гараа сунгаж буй хэрэг боловч энэ бол бизнес төсөл юм.
Уг төслийн хүрээнд олон газартай хамтран ажиллах бөгөөд нэг үгээр шинэ улс гэдэг бол шинэ бизнесийн орчин гэсэн санаа явж байгаа юм.