Цагдаагийн байгууллага интернэт цахим гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд интернэт залилангийн ноцтой хэргийг илрүүлэн ажиллаж байгаа юм.
Тухайлбал, бусдын цахим хаяг руу “Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний таван хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна.
Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж, улмаар мөнгийг нь залилан авдаг байжээ. Энэ мэтчилэн 27 аж ахуйн нэгж, иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Түүнчлэн цахим секс төрлийн гэмт хэрэгт 15 иргэнийг хохирогчоор тогтоон шалгаж байна. Мөн зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүй авсан 4, садар самууныг сурталчилсан 6 хэргийг шалгаж, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр цахим сайтад кино байрлуулсан 4 иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийг 140.1-т зааснаар хариуцлага тооцжээ. Садар самууныг сурталчилсан Монголын 6 сайтыг хаасан бол гадаадаас хандах 35 сайтын хандалтыг хязгаарласан байна.
Эх сурвалж www.wikimon.mn