Comment.mn

Дүрвэгчдийн бодит байдлыг харуулсан зүрх шимшрэм зургууд

Гурван настай Сири хүүгийн Туркийн далайн эргээс нас барсан байдалтай олдсон зураг сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж, дүрвэгчдийн асуудлыг хурцадмал байдалд хүргээд буй. BBC.com сайт дүрвэгч цагаачдын асуудлыг үүнтэй холбогдуулан хөндөж, сүүлийн жилүүдэд Европд ирсэн дүрвэгчдийн сэтгэл өвдөм зургуудийг нийтэлжээ.

1. Жуан Медина хэмээх эр 2004 онд Канарын арлын сонинд албан ёсны зурагчнаар ажилладаг байжээ. Тэр үед Сахараас нэгэн жижиг завь Канарын эрэгт дөхөж иржээ. Испаний иргэний хамгаалалтын албаныхан тэдэн дээр ирэхэд, завь гэнэтхэн хөмөрч завин дээр байсан есөн хүн живсэн байна. Ийнхүү Медина амьд гарсан 29 хүн дунд байсан хоёр залууг уснаас гарахаар оролдож байх үед нь зургийг нь буулгажээ. Тэрбээр тус зургаараа тухайн жилдээ шилдэг хэвлэлийн гэрэл зургийн шагнал авчээ.

2. Дээрх үйл явдлаас хойш хоёр жил өнгөрсөн ч Канарийн арал Африкаас ирэх дүрвэгчдийн зорьдог гол газар хэвээр байсаар байлаа. Дүрвэгчид Сенегал, Мауританыг орхин Атлантын далайгаар 1000 гаран км туулан тэнд очдог байв. Тэд арал дээр буугаад маш их өлсөж, цангасан байдаг. Энэ зураг La Tejita далайн эрэгт болсон үйл явдал бөгөөд дүрвэгч залууд тэнд байсан жуулчид тусалж буй юм. Тус зургийг авсан гэрэл зурагчин Arturo Rodriguez 2007 онд дэлхийн шилдэг хэвлэлийн гэрэл зургийн шагнал авсан билээ.

3. Мороккогийн газар дундын тэнгисийн эрэг Ceuta, Melilla-аар хүрээлүүлсэн Испаний Канари эрэг Европийг зоригчдын гол “бай” гэхэд хилсдэхгүй. Дүрвэгчдийн эрхийг хамгаалагч  Jose Palazon энэ зургийг авчээ.

4. Адены далайн эрэг, Жибутид гар утасны сүлжээ орж ирэхийг хүлээж буй дүрвэгсэд. Энэ зураг 2014 оны шилдэг гэрэл зургаар шалгарсан

5. Дүрвэгсэд газар дундын тэнгист хүрч очихдоо маш хэцүү, аюултай замыг туулан ирдэг. Reuters агентлагийн зурагчин Murad Sezer Сири Туркийн хил дээр очих үед бяцхан хүүхдүүдийн уйлах дуун, асар олон нялх хүүхэдтэй эцэг эхчүүдтэй таардаг байсан ч нэгэн удаа түүнийг очиход анир чимээгүй, цөлөгдсөн тоос шороотой орчин, цор ганцаар хоцорсон хүүхдийн ор л ийнхүү угтаж авчээ.

6. Гэрэл зурагчин Massimo Sestini 2014 онд нисдэг тэрэгнээс энэ зургийг авсан ч, түүнээс яг нэг жилийн өмнө тэр яг л ийм зураг авч байжээ. Жилийн хугацаанд нөхцөл байдал сайжраагүй, хэвээрээ л байсан гэсэн үг. Турк Ливийн хооронд явж байсан тус завинд нийт 500 орчим хүн сууж явсан байна

“Хэрэв яг зөв өнцгийг нь олж зураг авбал завин дээр хамтдаа амьдарч буй 500 хүн надруу харж, даллаж, тусламж гуйж байгаа нь зурагт гарах байх даа гэж найдаж байсан минь биелж энэхүү зургийг дарсан. Тэд намайг харангуутаа дээш харж, тусламж гуйсан нь зургийг илүү хүчтэй болгосон” хэмээн тэрбээр ярьсан байна.

7. Энэ оны дөрөвдүгээр сард Сири, Эритранчуудыг авч явж байсан завь Роде аралд очих замдаа чулуун хад мөргөж живсэн. Энэ үед Грекийн армийн түрүүч Antonis Deligiorgis тэнгисийн эргийн хэсэгт эхнэртэй цай ууж байсан бөгөөд далайн давалгаанд өртөж усруу унасан ч завинаас осолдсон 93 хүний 20-ийнх нь амийг аварч чадсан юм. Түүний аварсан хүмүүсийн зарим хэсэг нь зурагт харагдаж байна: Энэ бүсгүй хөл хүнд байсан бөгөөд Родегийн эмнэлэгт төрж, хүүдээ амийг нь аварсан эрийн нэрийг өгсөн гэдэг.

8. Энэ зурагт Laith Majid хэмээх өөрийн хүү охин хоёрыг тэвэрсэн Сири эр харагдаж байна. Тэрбээр Туркээс Грекийн Кос арал руу явж байсан бөгөөд тэдний сууж явсан завины хий нь гарч эхэлжээ. “Бүх нутгийг хамарсан уй гашуу, хагацал зовлон ганц аавын царайнаас тодрох мэт. Түүний уйлж буй төрх миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн” хэмээн Герман зурагчин Daniel Etter ярьжээ. Зураг New York Times сонинд нийтлэгдсэн юм.

9. Македон улс цагаач дүрвэгчдийг өөрийн улсад нэвтрэхийг өнгөрсөн сард хориглосны дараа мянга мянган дүрвэгчид орох хориотой газар хоног төөрүүлжээ. Тус шийдвэр гарсны маргааш тэнд байсан цагаачид хилийн бүсийг давж гарахыг оролдсон ч цагдаагийн хүч тэднийг бүсэлж, тэдэн рүү тэсрэх бөмбөг хүртэл шидэж байв. Гэрэл зурагчин  Darko Vojinovic тус залуу аавын зургийг өөрийн дуранд ийнхүү буулгажээ.

10. Энэ зураг цахим ертөнцөд долоо хоногийн өмнө жинхэнэ шуугиан дэгдээсэн юм. Ливаны нийслэл Бейрут хотод амьдрахын тулд үзэг зарж байсан энэхүү эр Сирийн дүрвэгч Абдул Халим болохыг хүмүүс тэр дор нь тогтоож түүнд туслах хандивын аян өрнөж 181.000 ам.доллар цугларсан байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.