timthumb УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар Сангийн яаманд ажиллаа. Тус яамны сайдын суудал эзэнгүй, дэд сайд С.Пүрэв томилолттой байгаа тул Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй хэлтэс, газрын дарга нар тэднийг угтсан юм. Сангийн яамныхан гишүүдэд 2016 оны Монгол улсын төсвийн төлөвлөлтийн талаар танилцуулга хийсэн. Өнөөдрийн уулзалтаар боловсролын салбарт түлхүү анхаарна гээд БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг гишүүд урьсан боловч ирсэнгүй. Ер нь яамд эзэнгүй, улсын ажил багагүй цалгардаж байгаа бололтой.

Ирэх оны төсөв хэлэлцэх мөч ойртсон энэ үед Сангийн яамныхан 2015 оны тодотголоо Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж сууна. Үүний дараа л 2016 оны төсөв яригдаж эхлэнэ. Одоогоор түүхий байна гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн. Боловсролын салбарт л гэхэд 350 тэрбумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэх урьдчилсан тооцоо бий. Бүхий л яамд төсвөө Сангийн яаманд тушаагаад 20 гаруй хоног өнгөрч байгаа боловч чухам хаана хичнээн сургууль, цэцэрлэг нэмж барих талаар судалж амжаагүй байна гэцгээж байлаа.

Dornodimg

Гишүүд чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахад ард иргэдийн тавьсан санал хүсэлтийг нэгтгэн салбарын яаманд уламжилсан. “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малчдад олгодог арьс шир, ноосны урамшууллыг 2015 оны төсвийн тодотголоор хасчихаад байгаа. Энэ нь малчдын орлого буурахад нөлөөлж байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн онцолсон. Малчдынхаа амьжиргаа залгуулах орлогын эх үүсвэрийг иймэрхүү маягаар хумиад байвал цаашид мал маллах хүн олдохгүй болно. Тиймээс 2016 оны улсын төсөвт малчдын урамшууллыг бүрэн тусгах шаардлагатай гэж сануулсан юм. Сангийн яамныхан энэ асуултын хариуд ХХААЯ-аас малчдын арьс шир, ноосны урамшуулалд 86 тэрбум төгрөг төвлөвлөн оруулж ирснийг Засгийн газарт танилцуулан шийдэхээр болсон гэсэн мэдээллийг өглөө.

Dornodimg

Төрийн албан хаагчид, түүний дотор багш нарыг тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг тодорхойгүй болгож, төсөв хэмнэх тухай жил дамжин яригдаж буй. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед цалингийн зээлтэй иргэдийнхээ орлогыг бууруулбал ядуурал нэмэгдэх тул эдгээр тэтгэмжийг тодорхой болгож, төсөвт тусгах саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гаргаж байсан.

Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн албаны шаардлагагүй орон тоог цомхотгоё гэсэн болохоос багш нарын цалин хөлсийг бууруулж хэмнэлт хийе гэж яриагүй. Гэтэл төсөв боловсруулж батлуулдаг яамныхан маань ойлголцлын зөрүүтэй байна. УИХ-аас цалин хөлс нэмэхэд зориулж 90 тэрбум төгрөг баталсан. Энэ бүх асуудлаа нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд ярилцаж шийдээд явах учиртай гэв.

Төсвийг “борцолж, хатааж, царцаана” гэхийн оронд хаанаас нэмэлт орлого олж болох вэ гэдэг талаар бодох хэрэгтэй талаар гишүүд ярьж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Болорчулуун  Монгол улс газрын тосны борлуулалтаас роялти авах хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн ч үүнийгээ авах талаар санаачилгатай ажиллахгүй байна. Роялти бол татвар гэхээс илүүтэй тухайн баялаг эзэмшигч орны хүртэх хувь хишиг юм гэлээ.

Dornodimg

Оны эхний 7 сарын байдлаар Монгол улс газрын тосноосоо 103 тэрбум төгрөг хүртээд байгаа аж.  Энэ нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ. Тэгвэл роялтийн гэрээ байгуулснаар дээрх дүнг өсгөн нэмэгдүүлэх бүрэн боломж бий. Дорнод аймгийн Матад суман дахь 19-р талбай газрын тосны нийт олборлолтын 70 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Энд үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин тамсаг компани Монгол улсын хуулийн дагуу 10 хувийн роялтигаа төлбөд явбал улсын төсөвт хамгийн багадаа 70 тэрбум орчим төгрөг төвлөрөх боломжтой. Иймд роялти авдаг болох талаар холбогдох агентлаг, газруудад шахалт үзүүлж ажиллах ёстой гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлсэн юм.

Мөн иргэдийн дунд “шүдний өвчин” болж, инфляци өсөхөд хамгийн ихээр нөлөөлж буй бензин шатахууны үнийг хэрхэн хазаарлах талаар Сангийн яамны баримталж буй байр суурийг сонссон.  Өнгөрсөн жил нэг баррель нь 100-110 ам долларын үнэтэй байсан газрын тосны үнэ өнөөдөр 2 дахин буураад байхад манай улсад байдал эсрэгээрээ нэмэгдсээр байгаа. Уг нь нефть импортлогч компаниуд гаалиар бүтээгдэхүүн оруулахдаа онцгой албан татварт 1 ам долларыг 1450 төгрөгөөр тооцож, бусад төрлийн импортлогчдоос 30 хувь бага татвар төлдөг ч энэ нь ямар ч үр ашиггүй байгаа талаар Бие даагчдын зөвлөл шүүмжлэлтэй хандаж буй.

Шатахууны онцгой албан татвар болон бусад татваруудыг УИХ-аас эрх олгосны дагуу Засгийн газар тогтоодог. Энэ оны 1-р сард тонн тутамд нь 290 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулсан бөгөөд шатахууны үнэ өссөн үед татвараа бууруулж, үнэ буурсан үед татвараа нэмэх байдлаар зохицуулаад явж байгаа. Иймээс нефть импортлогчдод ямар нэгэн татварын дарамт учрахгүй. Энэ бол компаниудаас л шалтгаалж буй асуудал хэмээн Сангийн яам мэдэгдэж байна.

Бие даагчдын зөвлөлийн гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх орлогын биелэлт хэр байгаа талаар тодруулсан. Оны эхний 7 сарын байдлаар Оюутолгойн бүх төрлийн татвар, гааль дээр төлөгдсөн дүн нийтдээ 258 тэрбум төгрөг болжээ. Үүний 180 тэрбум орчим нь нөөцийн төлбөр аж. Гэвч дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ 4800 орчим ам. доллар/тн болж буурсан. Үнийн уналт цаашид ч үргэлжилсээр байх бөгөөд ирэх жилийн үнийг 4000 ам доллар/тн хэмээн тооцоолж байгаа аж. Энэ нь 2016 онд төсөвт хүндрэл учруулж магадгүй гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт мэдээлсэн. Үнийн өсөлт бууралтаас шалтгаалж  Оюутолгой энэ жил нийт 750 тонн зэсийн баяжмал экспортлох бөгөөд орлого нь үнийн хэлбэлзлээс шалтгаалж 500 тэрбум орчим гэж Сангийн яам тооцоолжээ.

Өнөөдрийн уулзалтад оролцсон гишүүд Төсвийн төсөл сайн хийгдээгүйгээс болж цоорхой үүсэх, үргүй зардал гарах, улмаар батлагдаж амжилгүй он дамжин сунжирдагийг сануулж байсан. Тиймээс 2016 оны Улсын төсвийг боловсруулахад нарийн тооцоо судалгаатайгаар хариуцлагатай хандаж, хямралын энэ үед иргэдийнхээ орлогыг бууруулахгүй байх чиглэл боловсруулан ажиллахыг Сангийн яамнаас хүслээ.