Comment.mn

С.БАЯРЦОГТ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

-Төсвийн орлого тасалдалттай байгаа. Энэ талаар нарийн тоо хэлбэл?

-Төсөв нэлээд хүнд байна. Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан. Энэ бол бодит эдийн засгийн нөхцөл байдлаас ургаж гарч байгаа. Татварын төлөвлөгөө, биелэлт төлөвлөсний дагуу явж байгаа ч гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импорт эрс буурсантай холбоотой. Худалдааны тэнцэл эерэг гарсан. Өөрөөр хэлбэл, экспорт нь импортоосоо давчихсан гэсэн үг. Энэ нь улс орнуудад сайн үзүүлэлт ч манай хувьд эдийн засаг агшиж байна гэсэн үг. Яагаад гэвэл манай эдийн засаг импорт дээр суурилсан байдаг учраас эдийн засгийн хувьд агшилт явагдаж байна. Үүнээс гадна дэлхий дахинд эдийн засгийн байдал хүнд байгаа. Мөн манай гол нэр төрлийн түүхий эдийн үнэ унасан. Нефтийн бүтээгдэхүүний үнэ л боломжийн түвшинд байна. Нефтийн үнэ буурахад манайд ашигтай байдаг. Үүнтэй зэрэгцээд бусад орлогын эх үүсвэр болох зэс, нүүрс, төмрийн үнэ унасан.

-Өмч хувьчлалаас нэлээдгүй мөнгө төвлөрүүлэхээр төсөвт тусгасан. Энэ ажил ямар шатанд байна вэ?

-Бид өмч хувьчлалаас 180 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. Энэ нь орлогын тасалдлын бас нэг үүсвэр. Өмч хувьчлалын үзэл баримтлалыг УИХ-аар баталсны дараа дээрх орлого 70 гаруй хувиар буурахаар болсон. Энэ хүчин зүйлүүдээс болж улсын орлогын тасалдал өндөр хувьтай гарах болчихоод байна. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.

 -Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр татварын өртэй компаниуд өршөөгдөнө гэсэн үг үү. Тэгэхээр “Иточү”, “Алтайн Хүдэр” зэрэг улсад их хэмжээний татварын өртэй компаниуд өршөөгдөнө гэж ойлгож болох уу?

– Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн хүлээгдэж буй татварын өр байгаа. Үүний тодорхой хэсгийг хүү, алданги эзэлж байна. Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг биш. Графикийнхаа дагуу татвараа төлөх бололцоогүй байгаа компаниудын жагсаалт. Компани үйл ажиллагаагаа явуулаад татвараа төлөх ёстой. Харин төлж чадахгүй байгаагаас татварын өрүүд үүсдэг. Татвар төлөлтийг бодитой болгох үүднээс ямар арга хэмжээ авах талаар Сангийн яам, Татварын Ерөнхий газар судалгаа хийж байна. 2007 оны татварын Өршөөлийн хуулиар тодорхой хувийг төлөөд бусдыг нь хөнгөлж байсан байна.

-УИХ-ын дарга З.Энхболд есдүгээр сарын 7-ны дотор сайдуудынхаа нэрийг өргөн барь гэсэн. Засгийн газар энэ хугацаанд амжуулж нэрсийг өргөн барих боломжтой юу?

-Засгийн газрын тухай хуулиар сайд нарын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын зүгээс намуудын хэлэлцээрийн үндсэн дээр сайд нарын нэрсийг өргөн барихаар ажиллаж байна.

-Хугацаандаа амжиж өргөн барьж чадах уу?

-Бүх асуудал намуудын хоорондын хэлэлцээрээр шийдэгдэнэ. Засгийн газрыг бүрдүүлж чадаагүй бол урт хугацаагаар үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан түүхүүд өмнө нь бий. 1998 оны Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед түр орлон гүйцэтгэгч сайд нар 7 сар ажилласан байдаг. Гэхдээ ийм тохиолдол болохгүй байх.

-Дэд сайд нарын асуудлыг танай нам дотор хэлэлцсэн үү?

-Дэд сайдуудыг сайд нарыг томилсны дараа томилно.

С.Заяа

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.