Comment.mn

ИЗНН Ц.Ганхуягаас өөр “боловсон хүчингүй” нам уу?

Сайд нарын нэрсийг намрын чуулганд өргөн барих боломжтой гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхтөр мэдэгдсэн. Тэгвэл өдгөө 7 яамны дэд сайдуудыг томилох асуудал улс төрийн хүрээний “халуун сэдэв” болоод байна.

Дэд сайдуудыг томилох асуудлаар АН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон Иргэний зориг ногоон нам тохиролцоонд хүрч, 3+3+1 гэсэн квотоор хуваахаар болсон талаар яригдаж буй.

Эдгээрээс УИХ-д 2 суудалтай ИЗНН-аас “дахиад л” Ц.Ганхуягийн нэр яригдаж байна.

“Дахиад л Ц.Ганхуяг” хэмээн тодотгосны учир ИЗНН-ыг төлөөлөх болоход С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэдэг гуравхан хүний нэр дуулддаг.

С.Оюун, С.Дэмбэрэл нарын хувьд намаа төлөөлөн УИХ-д сууж буй. Тэгвэл Ц.Ганхуяг хэмээх эрхэм мөн л дэд сайдуудын наймаанд “нэрээ дэвшүүлж эхэлжээ.”

Ц.Ганхуяг намаа төлөөлөн УИХ-д сууж төр барьж үзсэн. Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдын суудалд тухалж, тэр бүү хэл Болгар улсад элчин сайдаар сууж үзсэн хүн. Иргэний зориг ногоон намыг үүсгэн байгуулалцсан хүний хувьд нам нь түүнд өндөр их хариуцлага хүлээлгэж төрийн өндөр дээд албан тушаал хаших эрхүүдийг “хангалттай” олгосон.

Гэвч энэ удаад дэд сайдын суудалд мөн л Ц.Ганхуягийн нэр яригдаж байна.

Хувь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх либерал үзлийн зэрэгцээ дэлхийн нийтийн чиг хандлагыг дагаж мөрдөх ногоон хөгжлийн бодлогыг үзэл баримтлалдаа тусгасан Иргэний зориг Ногоон нам 2, 3-хан хүний нам мэт юм л бол С.Оюун, Ц.Ганхуягаа “түлхүүлдэг” жишиг энэ удаад ч давтагдаж байна.

Ногоон нам өөрсдийгөө “залуусын нам” гэж тунхаглах дуртай. Гэвч залуус боловсон хүчин, бусад гишүүддээ боломж олгодоггүй “ганц, хоёрхон лидертэй” нам мэт юм л бол Ц.Ганхуягийн нэрийг барьдаг тогтсон ёсыг намын гишүүд, дэмжигчид нь сайнаар хүлээж авахгүй байгаа бололтой.

Дэлхий нийтийг даган мөрдөж байгаа ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тусгасан 2 намын нийлбэр Иргэний Зориг Ногоон намд Ц.Ганхуягаас өөр дэд сайдад нэрийг нь өргөн барих боломжтой, мэдлэгтэй, туршлагатай боловсон хүчин “баймаарсан”.”Юм л бол хойд талын хар овоохой” гэдэгчлэн юм л бол Ц.Ганхуягын нэрийг түлхүүлдэг зуршлаа энэ удаад ч давтвал ИЗНН яах аргагүй иргэд сонгогчдын дунд  “ганц хоёрхон хүний боловсон хүчингүй нам”, эс бөгөөс “залуусдаа боломж олгодоггүй нам” гэх дүгнэлтэй үлдэх нь ойлгомжтой юм.

Д.Эрхэм

Эх сурвалж: www.zone.mn

 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.