Comment.mn

Л.Гантөмөр: Их сургуульд элссэнээс хойш сургалтын төлбөр нэмдэг байдлыг халж байгаа

Өнгөрсөн зуны хугацаанд тасарсан “Сайдын цаг” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ удаа БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож цаг үеийн мэдээллийг өгсөн юм.

Түүний хэлснээр улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянган хүүхэд байгаа аж. Харин 218 мянга орчим хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамрагдуулж 32 мянга гаруй хүүхэд гэртээ үлдэх бололтой. Ер нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо хоёр жил тутамд 30 гаруй мянгаар нэмэгдэж байгаа нь цэцэрлэг, сургуулийн барилга барих хугацаа хүүхэд төрөх, сургуульд элсэх хурдаас удаан байна гэсэн статистик гарахад хүргэжээ. Энэ үзүүлэлт буурах бус эсрэгээрээ нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар жилд 80 мянган хүүхэд төрж байгаа бол удахгүй монголчууд жилд 100 мянган хүүхэд өлгийдөн авч эхлэх нь байна. Энэхүү ачааллыг даван туулах гол арга зам нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр онцолж байна. Уг нь хууль 2016 оны нэгдүгээр сараас хэрэгжинэ. Гэхдээ энэ хичээлийн жилээс хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд 2015 оны төсвийн тодотголд тодорхой хэмжээний санхүүжилт суулгахаар ажиллаж байгаа юм байна. Асуудал шийдэгдчихвэл цэцэрлэгт орж чадалгүй үлдсэн хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулснаар бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана гэж үзжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хичээлийн хуваарийн тухайд “Цөм” хөтөлбөрийг нэвтрүүлж буй гэнэ. Энэ нь хүүхдийг сонирхолд нь тулгуурлан хөгжүүлэх ойлголт аж. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвараа хөгжүүлдэг дэлхийн фрактикт үздэг байна.

Бага боловсролын тухай мөн л “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ. Энэхүү хөтөлбөрийг өнгөрсөн онд хэд хэдэн сургуульд туршиж, бүрэн шинэчилсэн байна. Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлэх бөгөөд 20 мянга гаруй багшид энэхүү хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт явуулчихаад байгаа гэнэ. Түүнээс гадна сургуулиудын менежментэд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Тухайлбал, олон ангитай цөөн элсэгчтэй сургууль хүүхдүүдээ хөгжүүлэхийн тулд сул ангиудаа хэрхэн ашиглах вэ гэдгийг эрт тодорхойлж үр дүнтэй ашиглах ёстой гэж үзжээ. Хэт олон хүүхэдтэй, цөөн ангитай сургуулиуд номын сан, музейг ашиглах болно. Үүнтэй холбогдуулан номын сан, үзвэрийн газруудыг ерөнхий боловсролын сургалтад ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Байгаль шинжлэлийн ухааны зарим хичээлийг Байгалийн түүхийн музейд, Түүхийн музейд Түүх, нийгмийн ухааны хичээл заадаг цаг гаргахаар ажиллаж эхэлснийг Л.Гантөмөр сайд дуулгаж байв.

Харин төлбөрийн тухайд мушгин гуйвуулсан нэг асуудал яваад байгааг анхаарах ёстой байгааг өгүүлэв. Юу вэ гэвэл хоёр, гурав, дөрөвдүгээр курсын хүүхдүүдийн төлбөрийг 10-аас илүү хувиас нэмээгүй гэдгийг албан ёсоор салбарын сайд нь мэдэгдэв. Ер нь сургуульд орсных нь дараа төлбөр огцом нэмдэг байдлыг төрийн өмчийн сургуулиуд халж байгаа гэдгийг ч сайд өгүүлэв. Зөвхөн өндөр төлбөр гээд яригдаад байгаа нь нэгдүгээр курсын хүүхдүүдэд гарсан асуудал гэнэ. МУИС, Анагаахын сургуулиуд дээр 20-иос дээш хувиар нэмэгдсэн байна. Энэ хоёр сургууль руу төлбөрөө бууруулж, оюутнуудын суралцах орчныг сайжруулах чиглэлийг өгснөө тэрээр дуулгалаа. Мөн МУИС Байгалийн ухаан, Шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа нэгдүгээр курсын оюутнууддаа 30 хувийн тэтгэлэг өгье, дотуур байрныхаа төлбөрийг 100 мянгаар хямдруулъя гэсэн саналыг ирүүлсэн ажээ.

Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид дараахь асуултад хариулт авав.

-Яг ямар шалтгаанаар их сургуулиудын төлбөр нэмэгдээд байгаа юм бэ?

-Тайлбар нь “Чанартай боловсрол авсан хүнийг нийгэм хүлээж байна” гэдэг. Ялангуяа МУИС-ийн тавьж байгаа асуудал нь “Бид хөтөлбөрөө олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэлээ. Олон улсын түвшинд магадлан итгэмжлэл хийлгэсэн хөтөлбөрийг цаашдаа тэр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд нь хадгалахын тулд бидэнд сургалтын төлбөрийн үндсэн бааз хэрэгтэй байна. Олон улсын түвшинд ажиллахын тулд ажиллаж байгаа багш нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн баймаар байна. Сурах бичиг, лаборатори, сургалтын технологи олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм учраас төлбөр хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл чанар өгөхийн тулд төлбөрөө нэмэх шаардлагатай байна. Нөгөө талд огцом нэмэгдэж байгаа нэг хэсэг нь багш нараа хадгалах, сургалтынхаа чанарыг хадгалах шаардлагатай байна. Хуучин 40 мянган хүүхэд элсдэг байсан бол өнөө жил 20 мянган хүүхэд элслээ. Элсэгчдийнх нь 50 хувь байхгүй болчихоор тухайн сургууль дээр ажиллаж байгаа багш нараа цөөлөх хэрэг гарч байна. Зарим багш нараа чөлөөлөх ажил зохион байгуулахаар буцаад сайн багш олж чадахгүй. Нөгөөтэйгүүр сайн багш нараа гадагшаа алдах магадлалтай байгаа учраас бид төлбөрөө нэмэхээс өөр арга байхгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа.

-Цэцэрлэгт бүртгүүлэхэд арав хоног дугаарлаж зогсоод хүүхдээ оруулж чадалгүй харьж байгааг юу гэх вэ?

-30-аад мянган хүүхэд цэцэрлэггүй үлдлээ. Гэхдээ нөгөө талд нь 210 гаруй мянган хүүхдийг цэцэрлэгтэй болгож байна. Ард үлдэж байгаа хүүхдүүд эхний ээлжинд он гараад Хүүхэд харах үйлчилгээний хуулиар өөр, өөрийн гэсэн сургалтын орчинтой болно. Дараагийн ээлжинд концессын 72 сургууль, цэцэрлэгийн комплекс ашиглалтад орох юм бол 2016-2017 оны хичээлийн жилд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нэг тийшээ цэгцэрнэ. Гэхдээ дахиад 100 мянган хүүхдийн элсэлт гэсэн том тоо хүлээж байгаа.

-Жуулчны визтэй гадаад хүн орж ирээд хувийн дунд сургуульд багшилж байна. Салбар яам нь үүнд хэрхэн анхаарах юм?

-Гадаад хэл, гадны хөрөнгө оруулалттай сургуульд үйлчлэх дүрэм журмыг гаргасан. Хяналтын ажил бол мэргэжлийн хяналт дээр хийгдэнэ.

-Зарим дунд сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Энэ асуудал энэ жил шийдэгдэж байгаа юу?

-Гуравдугаар сургууль 16 дугаар сургууль дээр хичээллэж байсан. Гуравдугаар сургууль ашиглалтад орж байгаа учраас 16 дугаар сургуулийн гурван ээлжийн асуудал шийдэгдэж байна. 31 дүгээр сургууль дээр байсан 11 дүгээр сургууль 10 дугаар сараас өөрийнхөө байранд орчихно. 73,38,14 дүгээр сургуулийн концесс хийгдсэн. Энэ жил ажил нь эхэлбэл дараа жил ашиглалтад орчихно. Сургууль, цэцэрлэгийн комплекс 13 ашиглалтад орж байгаа.

Л.Мөнхөө

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.