Ерөнхий боловсролын дунд сургуульд энэ хичээлийн шинэ жил нийт 218.100 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх жилээс 11.464-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин нэгдүгээр ангид 64.364 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлсэн байна.
Уг тоон үзүүлэлттэй уялдуулан, Аж үйлдвэрийн яамнаас 200 мянган шинэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэн, зах зээлд гаргах хэрэгтэй гэсэн судалгааг гаргажээ. Энэ дагуу Үндэсний дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд ажлаа эхлүүлж, эцэг эхчүүд худалдааны төвүүд хэсэн, хүүхдүүддээ хувцсыг нь сонгож байна.
Ингээд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны чанар, эдэлгээ, салбар яамны бодлого, борлуулагдаж буй цэгүүд, үнэ ханшийн талаарх сурвалжлагыг багцлан хүргэж байна.
Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид энэ жил алдагдлаа нөхөх үү?
Манай улс 2012 оноос хойш сурагчийн дүрэмт хувцсаар жигдрэх бодлого барьж буй. Ингэхдээ 40 хувийн ноос, 60 хувийн полистор материалаар дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор тухайлсан ажлууд хийгдэж байгаа.
Тухайлбал, засгийн газрын шийдвэрийн дагуу Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нэр бүхий 18 дүрэмт хувцас үйлдвэрлэгчид 23 тэрбумын зээлийг өнгөрсөн жилүүдэд олгосон байдаг. Энэ жил тус сангаас хийсэн монитронгод уг компаниудын ихэнх нь бүдэрч, зээлээ хэвийн төлдөг ердөө таван компани байгаа нь тогтоогдсон нь бий.
Хачирхалтай нь, эдгээр дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниудад нийт 16.8 тэрбумын үнэлгээ бүхий бэлэн бүтээгдэхүүн буйг албаныхан онцолсон. Учир юу гэвэл өмнөх жилүүдэд иргэдийн Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэхүй саармаг, түүхий эдийн чанар муу, компаниудын марктенгийн бодлого сул зэргээс шалтгаалан агуулахад их хэмжээний нөөц үүсэхэд хүрсэн байна.
Харин энэ жил дотоодын дүрэмт хувцас үйлдвэрлэгчид харьцангуй өөдрөг үзэлтэй байна. Эдийн засгийн хямрал хүндэрч буй энэ үед иргэд дотоодын үйлдвэрлэлээ илүү дэмжих сэтгэлгээтэй болсныг тэд онцолж байлаа.
Ямартай ч өмнөх жилүүдийнх шиг агуулахдаа их хэмжээний дүрэмт хувцасны нөөцтэй дараа жилийг хүлээхгүй дүр зураг ажиглагдаж эхэлсэн нь сайн хэрэг. Дээрээс нь нэмж хэлэхэд, зангиа, бага зэрэг оёдлын нэмэлтийг эс тооцвол дүрэмт хувцасны загвар өмнөх жилээс өөрчлөгдөөгүй. Энэ нь дотоодын үйлдвэрлэгч компаниудад бас нэгэн давуу тал болж байна.
Эцэг эхчүүд харьяалал харгалзахгүй сонголтоо хийх эрх эдэлнэ
Сурагчийн дүрэмт хувцсыг өмнөх жилүүд нэр бүхий цөөн хэдэн компани хийх зөвшөөрөл авч, тухайлсан аймаг, дүүргүүдийг хувцсаар хангахаар хуваан авсан байсан. Тодруулбал, “Төмөр трейд” компани Баянзүрх, Баняхонгор аймгуудыг хариуцаж, дүрэмт хувцасны борлуулалтыг хийж байв.
Харин энэ жил салбар яамнаас зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг нээж өгөх бодлого барьж буй аж.Ингэснээр иргэд заавал харьяа дүүргийг дүрэмт хувцсаар хангах үүрэг бүхий компанийн хувцсыг сонгох шаардлага үүсэхгүй юм.
Гэсэн хэдий ч өмнөх жилийн гэрээ ёсоор “Төмөр трейд” компани Баянзүрх дүүрэгт, “Торгон хийц” компани Чингэлтэй дүүрэгт гэх мэтээр борлуулалтын салбараа нээжээ. Сонголт харин эцэг эхчүүд, сурагчдын гарт байгааг онцлон дуулгая.
Аж үйлдвэрийн яамнаас энэ жил сурагчдын дүрэмт хувцасны үнийг зохицуулахгүй. Нэгэнт дотоодын үйлдвэрлэгч хэн бүхэнд дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг бодлогоор нээсэн тул компаниуд үнэ болон чанараараа өрсөлдөх аж. Ингэснээр үнийн хэт хөөрөгдөл үүсэхгүй, чөлөөт өрсөлдөөний зарчим нээгдэнэ гэж салбар яамнаас үзжээ.
Дүрэмт хувцасны чанар стандартад МХЕГ чиг үүргийнхээ дагуу хяналт тавин ажиллах бөгөөд БСШУЯ-наас заавал лого, тэмдэгтэй байх, стандартыг чандлан мөрдөх шаардлага тавьсан байна.
Урдаас орж ирсэн дүрэмт хувцаснууд ч бас шошготой
Салбар яамнаас дүрэмт хувцсыг өмнөх жилээс эхлэн “ЕБС”гэсэн тусгай шошготой байх шаардлагыг үйлдвэрлэгч нарт тавьсан. Энэ нь эргээд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого юм. Учир нь, жилийн жилд урд хөршөөс их хэмжээний дүрэмт хувцас орж ирэн, дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хумисаар байгаатай холбоотой.
Хил гаалиар яаж ийгээд нэвтэрчихдэг эдгээр барааг нэгэнт лангуун дээрээс шуудхан хураачих эрхзүйн зохицуулалт байхгүй. Чухам иймээс л дотоодын үйлдвэрлэгч нар шошго хадан бараагаа тэмдэгжүүлэх чиглэлийг салбар яамнаас өгсөн байдаг.
Уг шийдвэр урд жил хичээлийн шинэ жил нэлээд дөхсөн үед гарсан тул компаниуд салгуу байдлаар хийх, сургуулийн онцлогоор хийх тухайлсан гэрээ байгуулах, дараа нь тараан өгөх зэргээр зохицуулалт хийгдэж байсан.
Харин энэ жил дотоодын үйлдвэрлэгчид шошгоо дүрэмт хувцасны энгэрт бэхлэн хадсан байдалтайгаар зах зээлд гаргажээ. Гэсэн хэдий ч урдаас орж ирсэн дүрэмт хувцаснууд шошгыг хаваасны зүүгээр тусад нь тогтоосон байдалтай борлуулагдаж байна.
Түүнчлэн шошгыг тусад нь 1500 төгрөгөөр үнэлэн зарж буй лангуу ч тааралдана. Энэ маягаар урдаас орж ирсэн дүрэмт хувцаснууд “Сатандартыг нарийн мөрдөн оёулсан” гэх нэрийн дор шошгыг бүр бөхлөөд хадчихсан нь тааралдсаныг дурдах нь зүйтэй.
Зарагдсан барааг буцаахгүй
Эрх чөлөөний талбай дээр очиход охиноо дагуулсан эмэгтэй, “Торгон хийц” компанийн борлуулагч нартай маргалдаж байхтай тааралдав. Учрыг нь асуувал, эмэгтэй хоёр өдрийн охоиндоо дүрэмт хувцас авахдаа багадуулсан аж. Эргэж ирээд солиулах гэтэл борлуулагч нар “Мэдээллийн санд оруулсан, бид зарагдсан барааг буцаах эрхгүй” гэж гэдийжээ. Эмэгтэй ундууцаж, “Та нар шүүхэд өгөөрэй” хэмээн борлуулагч нарыг загнаж, дүрэмт хувцсыг шуудхан аваад явчихав.
Иймэрхүү дүр зураг “Дүнжингарав” худалдааны төвийн дүрэмт хувцасны нэгдсэн үзэсгэлэн дээр ч мөн ажиглагдаж байлаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ дүрэмт хувцсыг нь сонгохдоо биечлэн дагуулан ирж, өмсүүлэн сонгох нь зохистой гэдгийг зөвлөх байна.
Мөнгөө хэмнэх аргыг ингэж зөвлөв
Дүрэмт хувцасны үнийг багцаар нь авч үзэхэд бага анги 82 мянга, дунд анги 102 мянга, ахлах анги 135 мянган төгрөг орчимд авахаар байна. Үүнд, хүрэм, өмд, цамц, зангиа тус бүр нэг ширхэг багтаж буй.
Эцэг эхчүүд хармаанаасаа ийм хэмжээний мөнгийг гаргаж өгөөд, нэг удаагийн хос авч байгаа нь бас чиг чамлууштай санагдаж буйгаа нуусангүй. “Материал нь ерөнхийдөө адилхан байгаа хойно, одоо дотоодоосоо л авна” гэсээр зогсоо тэдэнд мөнгөө хэмнэх аргыг зарим компаниуд ингэж зөвлөж байна.
Тодруулбал, дүрэмт хувцасны хүрмийг ноосон цамц ба майкаар солих. Хүрэм нь дүрэмт хувцсан дотроос хамгийн үнэтэй нь бөгөөд наснаас хамааран 38-70 хүртэлх мянган төгрөгөөр зах зээл дээр борлуулагдаж байна. Харин ноосон цамц ба майк нь 18-27 мянгаар зах зээл дээр гарч.
Эдгээр цамц, майкууд нь дүрэмт хувцасны стандартад нийцсэн албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөдойролцоогоор 20-45 хүртэлх мянган төгрөгний хэмнэлт хийх боломжтой юм байна. “Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд харьцангуй зохицож байгаа” гэх тайлбарыг борлуулагч нар онцолж байлаа.
Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас зарим газар дуусчээ
Өмнөх жилүүдэд бага ангийн сурагчдын дүрэмт хувцас тодорхойгүй хугацаагаар тасарч байсан. Харин энэ жил ихэнх компаниудын дүрэмт хувцасны нийлүүлэлт харьцангуй сайн байгаа нь ажиглагдаж байлаа.
“Дүнжингарав” худалдааны төвд нийт зургаан компани дүрэмт хувцас борлуулж байснаас “Төмөр трейд” компанийн бага ангийн хувцас дууссан байлаа. Хэзээ ирэх талаар тодруулахад, “Амралтын өдрүүдээр ирнэ. Гэхдээ яг аль насны хувцас ирэхийг хэлж мэдэхгүй байна” гэх тайлбарыг борлуулагч нь өгөв.
Мөн “Бат зүү” компанийн борлуулалтын цэгийн бага ангийн хувцас дуусаж, гадна баригдсан гэрт зарагдаж байгааг эцэг эхчүүдэд учирлаж байлаа.
Дүрэмт хувцсыг хаанаас ямар үнээр авч болох бэ?
Эцэст нь дүрэмт хувцсыг хаанаас ямар үнээр авч болох талаарх мэдээллээ хүргье. Энэ жил с нийслэлийн зарим сургуулиуд дээр борлуулалт явагдана гэдгийг компаниуд уламжилж байлаа. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд худалдааны төвүүд, борлуулалтын цэгүүд дээр очин, сонголтоо хийх нь илүү зохимжтой юм билээ.
Борлуулалтын цэгүүд Хархорин зах, Хороолол, Дүнжингарав худалдааны төв, Эрх чөлөөний талбай, МАН-ын байр, Спортын төв ордон зэрэг газруудад ажиллаж байна. Мөн дүүргүүдийн хүн ам ихтэй худалдааны талбайдад байрлаж байгааг дуулгая.
Харин үнэ ханшийн тухайд компани бүр компани бүр өөр өөр байсан хэдий ч хэт их савласан өсөлт ажиглагдсангүй. БСШУЯ-наас ч бас дүрэмт хувцасны үнэ сүүлийн гурван жилийн турш хүчтэй өсөөгүй болохыг өчигдөр албан ёсоор мэдэгдсэн билээ.
Ингээд нэр бүхий компаниудын дүрэмт хувцасны үнийг доорх байдлаар хүргэж байна.
“Батзүү” компанийн дүрэмт хувцасны үнэ ханш
“Өүлэн минж” компанийн дүрэмт хувцасны үнэ ханш
“Төмөр трейд” компанийн дүрэмт хувцасны үнэ ханш
“Шүгдэн -уул” компанийн дүрэмт хувцасны үнэ ханш
“Торгон хийц” компанийн дүрэмт хувцасны үнэ ханш
“МТОТ” компанийн сурагч цэнхэр цамцны үнэ ханш
“Хорго мишээл” компанийн сурагч ноосон майк, цамцны үнэ ханш
Ж.Мядагбадам