Comment.mn

ПАРЛАМЕНТ ТАРАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛСОН УУ

УИХ ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахаар тусгасан нь нийгэмд маш том “шуугиан” дэгдээж, Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар асуудлыг бага ч болов намжаалаа. Гэхдээ өнөөг хүртэл УИХ хоригийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь хоригийг хүлээж авбал, хуулийн тодорхой хэсгийг хүчингүй болгох ёстой.

Монголын ардчилсан парламентат ёс, анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн босгон дээр парламент ийнхүү төрийн мөнгө идсэн хүмүүсийг уучлах хууль баталсан. Зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө Монголын парламентад эмгэнэл илэрхийлэхэд ч багадмаар. Зарим УИХ-ын гишүүний зүгээс “УИХ одоо бүрэн эрх зүйн чадамжгүй болж, тарахаас өөр сонголтгүй болсноо энэ удаагийн хуулиар нотоллоо” хэмээн мэдэгдсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн дурьдсан байсан.

Тэгвэл түүний хэлсэнчлэн парламент цаг хугацаанаасаа өмнө тарах шаардлага үнэхээр бий болсон уу. Жилийн жилд ард түмний төрдөө итгэх итгэл алдарсаар буйг улстөрчид ч, судлаачид хэлж байгаа. Гал дээр тос гэгчээр авлигачдыг өршөөх хууль баталсан нь төрдөө итгэх итгэлийг улам бөхөөх шиг болов. Энэ нөхцөл байдлаас Монгол төр цэвэр гарах магадгүй цорын ганц арга нь цаг хугацаанаасаа өмнө тарах болчихоод байх шиг. Тэгж байж, цаашид хариуцлагатай, ёс зүйтэй, хамгийн гол нь итгэлцэлтэй парламентыг бий болгох боломжтой.

Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг Өршөөлийн тухай хууль тодорхой харуулсан. Мэдээж УИХ зөвхөн Өршөөлийн хууль баталсныхаа төлөө өөрсдийн хүсэлтээр тарна гэдэг хэцүү. Тэгвэл Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламентат засаглалыг илүү тогтвортой болгосныхоо дараа парламент өөрөө тарж болно. 1990-1992 оны Ардын их хурал Үндсэн хуулиа баталчихаад өөрсдөө тарж байсан түүх бий.

Энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуульд концепцийн шинжтэй томоохон өөрчлөлтүүдийг хийнэ. Жишээ нь, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хоёр танхимтай болох, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх зэргийг дурьдаж болно. Нэгэнт ийм томоохон хэмжээний өөрчлөлтийг УИХ хийж чадвал өөрсдийн хүсэлтээр тарах боломжтой. “УИХ арваннэгдүгээр сар гэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийгээд, тарахаар болсон” гэх бор шувуу Төрийн ордонд жиргэх болсоор багагүй хугацаа өнгөрч буй билээ.

УИХ цагаасаа өмнө тарж болох бас нэгэн шалтгаан ирэх онд Монголд болох АСЕМ-ын чуулгантай холбогдож байна. АСЕМ-ын чуулганыг 2016 оны долоодугаар сард буюу УИХ-ын ээлжит сонгуулийн дараа хийхээр төлөвлөж буй. Тэгвэл өнөөгийн үл итгэлцэлтэй, тогтолцооны гажигтай байгаа ийм үед 2016 оны сонгууль шударга болно гэх баталгаа алга. Өөрөөр хэлбэл, парламент бүрэлдэж амжаагүй, улс төрийн нөхцөл байдал хүнд, хэцүү байх үед Монголд АСЕМ болно гэсэн үг. Монгол Улс олон улсын өмнө муухай харагдана. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд парламентын сонгуулийг эртхэн явуулж, Үндсэн хуулиа өөрчлөх сонголт байна.

Яг өнөөгийн нөхцөлд ч гэсэн Засгийн газар сайд нараа огцруулсан, шинэ сайд нараа томилох зэргээр улс төрийн уур амьсгал сайнгүй байна. Юмыг яаж мэдэх билээ, парламент нэг удаа зориг гаргаад, өөрсдийн хүсэлтээр огцорвол нөхцөл байдал хавьгүй дээрдэх ч юм билүү.

Л.Энхдэлгэр 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.