Лааз, шил түүдэг далан настай өвгөн хөрөнгийн зах зээл дээр тоглоод зөвхөн хувьцааны ашгаараа хоёр сард гурван сая төгрөг олдог гэвэл та итгэх үү. Хөрөнгийн зах зээл дээр аль ерээд оноос тоглосон ийм хүн бидний дунд амьдарч байна. А.Чулуун гэхээр хөрөнгийн захынхан андахгүй юм билээ
. Өвгөн аль социализмын үед ажлаасаа халагдаад самар түүж, тарваганы арьс өвчиж, ундаа зарж, юм юм л үзэж. Мань эр ажилгүй болчихоод Төв хорооны дарга Төмөр-Очирын орчуулсан “Мөнгө” гэдэг номыг уншсан гэж байгаа. Өнөө номонд нь хөрөнгийн зах зээлийн талаар гардаг юм байна л даа. “Мөнгөө өсгөх хүнд энэ зах чинь уг нь их дажгүй юм, даанч манай нийгэмд байхгүй юм даа” гэж бодож суусан өвгөнд ардчилал ялж, Хөрөнгийн бирж байгуулагдсан нь том олз байлгүй хаачихав. Брокер дээр харайж очоод данс нээлгүүлчихэж. Бичиг баримтаа гээчихсэн, регистрийн дугаараа мэдэхгүй учраас анхандаа хэцүү байсан гэдэг. Брокерууд хувьцааных нь ашгийг идэхээс эхлээд шантармаар тохиолдлууд гарч байсан ч хөрөнгийн захаас урваагүй өдий хүрчээ. Энэ эрхэм одоо гэр хороололд хашаа байшинтай, лааз, шилээ түүсэн хэвээр санаа амар амьдарч байна. “Орон сууц авахгүй юм уу” гэхээр “Байр авах мөнгө бий л дээ. Эргэлтийн хөрөнгө түүнээс илүү хэрэгтэй байна” гээд хавьтуулдаггүй хашир тоглогч гэсэн. Тэр саяхан “Хувьцааг үнэтэй авч болохгүй, арилжаа суларсан, мөнгө чангарсан, хүнд байх үед авах хэрэгтэй. Одоо жинхэнэ хувьцаа авдаг үе” гэж дуугарсныг Хөрөнгийн биржийн нэг ажилтнаас сонсов. Тиймээ, одоо л жинхэнэ хувьцаа авдаг үе.
Дэмий улстөржиж суухаар байгаа хэдэн төгрөгөөрөө хувьцаа худалдаж аваад өгөөжийг нь хүртээд суувал өөрт хэрэгтэй. Намайг дэмжиж, дайсныг минь муулсанд баярлалаа гээд мөнгө сарвайхгүйгээс хойш улстөржиж маргацгаах хэрэггүй л байгаа юм. Аль нэг нам нь ямар нэг зүйл амлаад сонгуульд ялчихдаг. Ялаад засаг барихаараа ажил нь амнаасаа зөрдөг. Ингээд л бөөн улстөржилт, нерв, стресс нийгэмд өрнөнө дөө, харин ч нэг. Ялагдсан нам нь ч ялгаагүй. Дараагийн сонгуульд өнөөхөөсөө гоё юм яриад гараад ирнэ. Тэгээд “өмнө нь та нар идсэн, одоо бид иднэ” гэсэн юм яриад дөрвөн жилийг барна. Нийгэм тэр чигээрээ дахиад л улстөржиж, стресстэнэ. Тэглээ гээд бидний дагаж хуйлраад байдаг өнөө улстөрчид маань май гээд мөнгө өгдөггүй. Бүх хүүхдээ цэцэрлэгт явуулъя гээд цэцэрлэг бариад эхэлдэггүй. Монголын жирийн иргэд 25 жил улстөржлөө. Өөрсдөө засаг барьж мөнгө идэж хөрөнгөжөөгүй хэрнээ талцсаар өнөөг хүрлээ. Үр дүн нь их гунигтай. Үр хүүхдэд нь цэцэрлэггүй, долларын галзуурлаас болж халаасан дахь хэдэн төгрөг нь цаас болчихсон, зүгээр л амьдрах орон сууц мөрөөдөл болоод өндөрт тахигдчихсан, өнөө маргаашаа болгоод амьдарцгааж байна.
“Сүү” компанийн хувьцаа анх 100 төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр 100 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. А.Чулуун шиг идэвхтэй тоглогчид ийм өгөөжтэй учраас хөрөнгийн захаас холдож чадахгүй яваа. Тэдний нэг байх боломж бидний хэнд ч бий. Хувьцааны зах дээр тоглогч болж мөнгөө өсгөхийн тулд ажлаасаа гарах шаардлагагүй. Ажлаа хийнгээ мөнгөө өсгөөд байх боломжтой. Улс төр ямар байхаас үл хамаарч мөнгөжих боломж хөрөнгийн зах зээлд байна. Хувьцаа худалдаж аваад ашгийг нь хүртэж амьдарна гэдэг биднээс харь юм биш. Дэлхийн аль ч улсын ямар ч иргэн тоглож болдог зах зээл. Америкийн жирийн нэг ачигч эр хувьцааны зах зээлийн гол тоглогч болоод мөнгөө өсгөөд аятайхан амьдарч байна. Бид ийм л дэлхийн нэг хэсэг нь. Дэлхийн тэрбумтнуудын хоёрт жагсдаг Уоррен Баффет гэхэд л 11 настайдаа хотын үйлчилгээний компанийн гурван ширхэг хувьцааг Нью-Иоркийн Хөрөнгийн биржээс худалдан авсан гэдэг. Хүү кока коланы шил цуглуулж, бохь зарж, сонин түгээж олсон мөнгөөрөө хувьцаа авч байж. Их сургууль төгсөх жилдээ 90 мянган ам.доллартай болсон гэж байгаа. 1962 онд хөрөнгө нь сая ам.доллар давж, 1965 онд найзтайгаа “Berkshire Hathaway” компанийн хувьцааг худалдан авч удирдсан түүх намтарт нь тодоос тод дурайж байдаг. Ерэн онд компани нь A төрлийн хувьцаа худалдаж, Уоррен Баффет тэрбумтнуудын эгнээнд орж байж. Өнгөрсөн онд түүний компанийн нэгж хувьцааны үнэ 200 мянган ам.долларт хүрч цойлсныг хөрөнгийн захынхан андахгүй. Үр дүнд нь 321 мянган ширхэг хувьцаа эзэмшиж байсан Уоррен Баффетийн хөрөнгө 64.2 тэрбум ам.доллар болтлоо өссөн юм.
Хөрөнгийн зах зээл гэдэг хэдэн зууны түүхээр батлагдсан систем. Хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл энэ захаас мөнгөжиж, хөрөнгөжсөөр ирснийг хэдхэн тоогоор тодотгоё. Төв Европт 1409 онд анхны бирж үүссэн бол өнөөдрийн бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо нь Антверпын биржийг гэцгээдэг. Өнөө алдартай Нью-Иоркийн биржийн үүсэл 1792 оноос улбаатай. 24 худалдаачин Нью-Иоркийн Уолл стрийтийн гудамжны нэгэн модны дор тогтмол цугларч байхаар тохиролцсон нь өнөөдрийн аварга биржийн эхлэл болсон гэдэг.
Хүн төрөлхтний түүх хэдэн зуун дамжин ашигтай, өгөөжтэйг нь баталчихсан хөрөнгийн зах зээл Монголд тэгтлээ айхтар хөгжөөгүй нь үнэн. Гэхдээ бас ч гэж өнгөө олчихсон. Саяхан гэхэд түүхэнд тохиогоогүй өндөр дүнтэй арилжааг ганцхан өдрийн дотор хийчихлээ. Арван тэрбум төгрөг гэдэг бага тоо биш. Рекорд эвдсэн Засгийн газрын үнэт цаас гэсэн шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн зах дээр тун эрэлттэй байгаа. Арван тэрбумын хязгаартайгаар Сангийн яамнаас өгдөг үнэт цаасыг худалдаж авъя гэсэн санал долоо хоногт 20, 30 тэрбумаараа ирж байна. Ашигтай, анхаарал татахаар бүтээгдэхүүн гаргавал авъя гээд мөнгөө атгасан өчнөөн улс Хөрөнгийн бирж хавиар алхаж явааг баталсан жишээ. Удахгүй компанийн даатгагдсан бонд гэж гарна. Эхний компани 500 саяын захиалга өгөхөд ганцхан цагийн дотор захиалга нь бүрдчих жишээний. Компанийн бондоос лав ойрын хоёр сард 20 тэрбумыг босгоно гэж дуулдсан.
Дэлхийн өнцөг булан бүрд хэн дуртай нь хөрөнгийн зах дээр тоглож байхад монголчуудын цөөн зарим нь л энэ захын өгөөжийг хүртэж байна. Аль ерээд оны ягаан, цэнхэр тасалбараа оруулбал Монгол Улсын 237 мянган иргэн хувьцааны данс эзэмшдэг. Тэгэхээр ихэнх нь хувьцааны данс нээлгэснээ мэдэхгүй яваа. Бэлгэдэл төдий данс гээд ойлгочихож болно. Жинхэнэ идэвхтэй тоглогчид гэвэл 37-хон мянга. Бидний дунд амьдарч яваа, боловсрол өндөр, хувьцааны талаарх мэдлэг дажгүй хэсэг нь л энэ зах дээр тоглож мөнгөө өсгөж байгаа гэсэн үг. “Миний бизнес нийт хөрөнгийн маань төчнөөн хувь, хувьцаанаас олсон мөнгө төчнөөн хувийг эзлэх ёстой” гэж ирээд хөрөнгөө төлөвлөчихсөн хүмүүс цөөн ч гэлээ бий нь сайн хэрэг. Одоо бүгдээрээ хөрөнгийн зах зээл рүү орж, хувьцаа худалдаж авъя. Ёстой нөгөө юун наадам, юун цагаан сар гэдэг шиг юун улстөр. Хувьцаа худалдаж авч мөнгөө өсгөвөл амьдралд маань, алсдаа үр хүүхдэд маань нэмэртэй. Эцсийн бүлэгт бидэнд мөнгө л хэрэгтэй. Саяхан нийтлэлч Б.Цэнддоо тусгаар тогтнол бол эдийн засаг гэсэн санаа хэлсэн байна лээ. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үг.
Хөрөнгийн биржийн зарим нэг хувьцааг харж байхад гурван сарын дотор 37 хувь өссөн хувьцаа ч байдаг. Тэр хувьцааг авсан хүмүүсийн мөнгө гуравхан сарын дотор ийм хувиар өсчихсөн гэсэн үг. Арилжааны банкинд мөнгөө хадгалуулснаас хавь илүү өгөөж гэдгийг энэ мэт жишээгээр нотолчихож болно. Мэдээж эрсдэл бий л дээ. Буруу хувьцаа худалдаж авбал мөнгөө алдах эрсдэл бий. Гэхдээ Хөрөнгийн бирж дээр явагддаг сургалтаар хувьцааны зах зээл, ашигтай хувьцаа худалдаж авах мэдлэг, мэдээллийг өгчихдөг юм билээ. Хөрөнгийн зах зээлийг яаж мэдрэх аргыг хүртэл нарийн хэлээд өгдөг гэж дуулдсан. Тэр сургалтад нь сонирхоод суучихад гэмгүй. Зах зээлээ мэдэрч арайхандаа барахгүй гэвэл эрсдэлгүй бүтээгдэхүүн ч Монголын хөрөнгийн зах дээр байна. Тэр нь өнөө эрэлт ихтэй гээд байгаа Засгийн газрын үнэт цаас. Сард 1.7 хувийн хүү аваад суух боломж танд ч бий. Үүнээс ч өндөр өгөөж хүртье гэвэл зах зээлээ мэдрээд илүү гүнзгий түвшинд тоглох боломж бас нээгдэж байгаа.
Хөрөнгийн зах зээлийн алтан дүрэм уг нь их энгийн. Сонирхож байгаа компаниудынхаа санхүүгийн тайланг уншаад сурчих хэрэгтэй. Аргыг нь Хөрөнгийн биржийнхэн сургалтаараа хэлээд өгдөг гэсэн. Уналттай, уналтгүй салбар, ашигтай, ашиггүй компанийг мэдрэх тийм хэцүү эд биш л дээ. Өнөөдөр гэхэд барилга, уул уурхайн салбар сайнгүй, хөдөө аж ахуйн гадагшаа экспортолдог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа дажгүй байгаа. А.Чулуун шиг хувьцааг хямд дээр нь аваад, үнэ хүрэхээр нь зардаг хашир тоглогчийн дүрмээр бол яг өдийд уул уурхай, барилгын салбарын хувьцаа, бондыг сонирхох цаг. Уул уурхайн салбар гэхэд ирэх жилүүдэд таагүй байх ч хэдэн жилийн дараа аяндаа сэргээд ирнэ. Уул уурхайгаа дагаад барилга, бүтээн байгуулалтын компаниуд ч өөдлөх нь гарцаагүй.
Хувьцаа, бонд худалдаж аваад мөнгөө өсгөчихсөн хүн наад зах нь “Миний хүүхэд цэцэрлэггүй үлдлээ” гэж гомдоллохгүй. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж цэцэрлэгийн үүдэнд хэд хоногоор дугаарлаж зовохгүй. Мөнгө нь байвал стандарт хангасан, гял цал, шил толь болсон хувийн гоё цэцэрлэгүүд зөндөө байна. Хувьцаа, бонд худалдаж аваад хөрөнгийн зах дээр тоглож эхэлсэн хүмүүс өчнөөн мэдлэгтэй болно. Наад зах нь Хөрөнгийн биржийн сайтыг ашиглаад сурчихна. “Блүүмберг”-ээр ханшийн, зах зээлийн мэдээ хардаг болно. Хөрөнгийн зах зээлийн талаар гайгүй сайн мэдлэгтэй иргэд олшрохын хамгийн гоё үр дүн нь юу гээч. Улстөржсөн хийрхэлт алга болно. Өнөөдөр бол улстөрчид нэгнээ намнахын тулд элдэв мэдээлэл түгээж, өнөөхийг нь өргөн түмэн сонгогчид нь өлгөж аваад нийгэм тэр аяараа дэнсэлгээтэй байгаа. Үр дүнд нь улс төр нь тогтворгүй, тогтворгүй улс төрөөс нь хөрөнгө оруулагчид жийрхээстэй, хөрөнгө оруулагчгүй эдийн засаг ямар байх нь тодорхой. Иргэд нь хөрөнгийн зах дээр тоглодог болчихвол огт өөр дүр зураг харагдана. Хөрөнгийн зах зээл дээр тоглож байгаа иргэд хэзээ ч улстөржиж хийрхдэггүй. Тоглож, мөнгө олж байгаа зах зээл нь улс төрөөс шууд хамааралтай учраас тэр л дээ. Улс төр тогтворгүй байхын хэрээр хувьцааны ханш унадаг. Улстөр тогтвортой байвал харин сэргэдэг зах зээл.
Ц.Баасансүрэн
http://www.dnn.mn