НАМЭХ-ны төвийн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна. Энэ талаар НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаатай ярилцлаа.
-Төвийн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөний онцлог, ач холбогдол нь юу вэ?
-“Бид хамтдаа” аяны хүрээнд НАМЭХ төвийн бүсийн долоон аймгийн 250-300 эмэгтэйг оролцуулсан удирдах ажилтны зөвлөгөөнөө энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Манай холбоо улс төрийн ууган хүчний дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо учраас 2016 оны бүх шатны улс төрийн сонгуульд бэлтгэх, үйл ажиллагаагаа идэвхижүүлэх учиртай. МАН улс төрийн ууган хүчний хувьд бусад намуудад үлгэр дууриалал болох томоохон шийдвэрийг гаргасан нь дүрмэндээ анх удаа бүх шатны сонгогдох томилогдох албан тушаалд 25 хувьд эмэгтэйчүүдийг дэмжих бодлогыг барих ийм боловсон хүчний бодлогын заалтыг намын дүрмэндээ оруулж өгсөн. МАН Их хурлаас хойш гарсан бүх шийдвэрт энэ баталсан дүрмийн заалт хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн зөвлөгөөнд төвийн бүсийн долоон аймгийн бүх сумын салбар зөвлөлийн удирдлагууд ирж байгаа гэсэн үг. Бид бүх бүсийн чуулган зөвлөгөөнөө хийгээд дуусахаар 21 аймаг 332 сумын идэвхитэн сонгуультнууддаа 2016 оны сонгуульд бэлтгэх мэдээллээ хүргэж, үүнийгээ мэдлэг болгож үйл ажиллагаагаа идэвхижүүлэх юм. Нийгэм өнөөдөр хүссэн ч эс хүссэн ч эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч байна. Боловсрол, эрүүл мэнд гээд эмэгтэйчүүд давамгайлж ажиллаж байгаа салбараар аваад үзсэн ч, гэр бүлийн хүрээнд ч эмэгтэйчүүдийн дуу хоолой нийгэмд хүрч байгаа. Эмэгтэйчүүд илүү их шинэ мэдлэг, мэдээлэл авах, нийгэмтэйгээ ойр холбогдох, үүнийхээ үр дүнд өөрсдийнхөө манлайлалыг дээшлүүлэх тухайн хариуцаж байгаа ажил, салбартаа амжилт гаргах олон хэрэгтэй мэдээллийг энэ чуулганаар өгөхийг зорьж байна.
-Эмэгтэйчүүдэд ямар сэдвээр яриа, сургалт хийх вэ?
-Эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд юунд анхаарах ёстой юм бэ. Эдийн засгийн үр ашиггүй зардлаа хэрхэн танах ёстой вэ, ямар төлөвлөлт хийх ёстой гэдэг талаар ач холбогдолтой сэдвүүдийг хөндөнө. Нөгөөтэйгүүр МАН-ын улс төрийн ажлыг нуруундаа үүрдэг дайчин туслагч нь байдаг эмэгтэйчүүд цуглаж байгаа учраас сонгуулийн ажлын менежментийг хэрхэн сайжруулах вэ, өмнөх сонгуулийн алдаа туршлагаасаа ярилцана гэж бодож байна.Үнэнийг хэлэхэд залуучууд сонгуулийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгохгүй байгаа. Аль ч нам гарсан адилхан гэсэн бодолтой сонгууль өгөх сонирхолгүй байгаа нь зөв юм уу, буруу юм уу. Нэгэнтээ Монгол Улсын улс төрийн тогтолцоо механизм өөрөө улс төрийн намуудаар дамжиж хэрэгжиж байгаа тохиолдолд улс төрийн намуудад бэлтгэгдэж байгаа боловсон хүчин тэр тусмаа эмэгтэйчүүд, залуучууд ямар улс төрийн боловсролтой, ямар улс төрийн ёсзүйтэй байх ёстой вэ гэдэгт олон зүйлийг хөндөнө. Яагаад ийм шаардлага байна вэ гэхээр та бүхэн мэдэж байгаа. Улс төрийн нам дамждаг, урвадаг, шарвадаг ийм муу үлгэр дууриалал улс төрийн нам, цаашлаад Монголын парламентад сөрөг үр дүн авчирч байгаа. НАМЭХ Монгол Улсын 21 аймаг 9 дүүрэгт үндэсний хэмжээний сүлжээтэй томоохон эмэгтэйчүүдийн байгууллагынхаа хувьд бид монголын нийт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг барьж авч улс төрийн намуудад сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг тусгах тусгуулах талд шахалт үзүүлж ажиллана.