Comment.mn

Хүүхдүүдээ хазаж тамалсан эцэг өршөөлийн хуулиар гарч ирнэ

13598f03918c258d71d152be75c35682УИХ-ын ээлжит бус чуулганаар Гэмт хэргийн болон Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталсан.  Тэгвэл хэдийгээр  Ерөнхийлөгч  уг хуульд хэсэгчлэн хориг тавих гэж байгаа ч  гэсэн энэ удаагийн Өршөөлийн хуулиар  хүүхдүүдээ хазаж  тамалсан  эцэг суллагдах гэж байна.  

2014-3-р сард төрсөн эцэг нь хоёр үрээ хазаж бие болон сэтгэл санаанд нь ноцтой хохирол учруулсан. Энэ хэргээс болж хүүхдүүд удаа дараа эмчилгээ хийлгэж, хүн үнсье гэхэд айдаг, шөнө унтахдаа цочиж сэрдэг бөгөөд сэтгэл санааны асар их дарамтад орсон байдаг. Эхнэрээ олон жил хардаж зоддог, хүүхдүүдээ тамалсан эцгийг Эрүүгийн хуулийн 100.1 байнгын тарчлан зовоох, 181.2 танхайрах заалтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхээс түүнд 3.6 жилийн хорих ял оноосон. Одоо тэрбээр нэг жилийг шоронд өнгөрүүлээд байгаа. 461-р хорих ангид саатуулагдаж байгаа ялтан Д суллагдах өдрөө хүлээж байгаа.

Түүний хувьд  Өршөөлийн хуулиар  хамгийн түрүүнд гарч ирэх нь тодорхой болоод байна.  Өөрөөр хэлбэл  ялынхаа  2/3-ыг эдэлсэн болохоор түүний хувьд магадлангаар гарч  ирэх боломжтой байгаа. Ийм үед Өршөөлийн хууль батлагдсан нь түүнийг  эрх чөлөөтэй болоход  боломжийг нээж өгч байгаа юм.

Ялтан Д-ын хувьд хүүхдүүддээ тэтгэмж өгөхгүй улсаар тэжээлгэж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл гэр бүл цуцлахад гурван хүүхдэд сар бүр тэтгэмж өгөх шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Гэвч ШШГЕГ-ынхан “Шоронд байгаа хүнээс юуг нь авдаг юм бэ? ” хэмээн хэлж үйл ажиллагааны зардал болох 50 000 төгрөгөө авчихаад ажиллагаа хийгдээгүй байдаг. Хуулинд бол шоронд хоригдож байгаа хүүхдийн тэтгэмж өгөх ёстой этгээдийг албадан хөдөлмөр эрхлүүлж, цалингийн тодорхой хэмжээг хүүхдийн тэтгэмж хэмээн авах тухай заасан байдаг. Харин энэ хууль өнөөдөр хэрэгжихгүй байгаа нь ШШГЕГ-ынхан хэрхэн ажлаа хийж байгааг харуулж байна.

Энэ бүхнээс үзэхэд эхнэр хүүхдүүдээ тамлаж байсан ялтан Д суллагдсаны дараа хохирогчдын эрх ашгийг хэн хамгаалах вэ? Цагдаа хэрэг гарсан хойно, Тахар шүүхийн шатанд тэднийг хамгаална. Харин буруутай этгээд шоронгоос гарч ирээд өс хонзон санасан тохиолдолд тэднийг хамгаалах төрийн байгууллага байхгүй гэдэг хуулийн цоорхой манай улсад байна. Уг нь хүүхдүүд болон тэдний ээж бүх насаараа хохирогч. Тэднийг хамгаалахгүй л бол өнөөдөр амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны тогтворгүй байдалд байх болчихоод байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн этгээд улсаар тэжээлгэн, хариуцлагаас мултрах боломжийг манай улсын хууль бүрдүүлж байна.

А.Баярмаа 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.