Comment.mn

Цэцэрлэг цэцэрлэг бас дахин цэцэрлэг

Есдүгээр сар дөхөөд ирэхээр эцэг эхчүүдийн өмнө тулгардаг томоохон асуудлын нэг нь цэцэрлэг. Балчир үрээ харьяа дүүргийнхээ цэцэрлэгт өгөх гэж нэг хэсэгтээ л “дайн” болно. Хоёр, гурван хоног нойр, хоолгүй хонох нь энүүхэнд. Бүр таваас долоон хоног нойр хоолгүй цэцэрлэгийн үүд сахиж хонох эцэг эхчүүд байдаг гэнэ. Ийн ядрахаа мэдэхгүй хонож өнжсөний эцэст эхний “20 хүүхдийг л авна. Илүү авч чадахгүй шүү. Манай багтаамж хүрэлцэхгүй” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч аашилна. Гэвч горьдлого нь үл тасрах эцэг эхчүүд арай ч 20 хүнээр тасалчихгүй байлгүй дээ хэмээн хүлээнэ. Харамсалтай нь эрхлэгч хэлснээ хэрэгжүүлнэ. Ингээд л бөөн хэл ам болно доо.

Уг нь Монгол Улсын төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэдэн хүн улсад учруулсан хохирлоо барагдуулахад л нийслэл Улаанбаатар хотод 20 гаруй цэцэрлэг сүндэрлэн босно. Ойрын жишээ гэхэд л, алдарт “хүргэн” Г.Дэнзэний 5.5 тэрбум, ахлах зөвлөх асан Л.Гансүхийн 17 гаруй тэрбум төгрөгийг нөхөн төлүүлээд цэцэрлэг барьчихвал эцэг, эхчүүд ингэж зовохгүй сэн. 250 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барих зардал нэг тэрбум гаруй төгрөг. Харин дээрх хоёр нөхрийн улсаас завшсан мөнгөн дүн нь нийлээд 22.5 тэрбум төгрөг. Тэгвэл 22.5 тэрбум төгрөгөөр 250 хүүхдийн багтаамжтай 22 цэцэрлэг барина. Ингэснээр 5500 хүүхдийн хувь заяа нааштайгаар шийдэгдэнэ гэсэн үг. Эцэг, эхчүүд ч хонож өнжин дугаарлах хэрэггүй болно. Энэ бол зөвхөн хоёр хүний улсаас шамшигдуулсан мөнгөн дүнгийн тооцоо.

Хотын мээр, баатар дарга маань хүүгийнхээ компанид баруун, солгойгүй өгсөн “Хотын дахин төлөвлөлт”-ийн тендерийн мөнгөөр бас хичнээн ч цэцэрлэг барьж болох байсан юм билээ, хэн мэдлээ. Монголыг худалдаж байж олж ирсэн бондын мөнгөнийхөө нэг хувийг цэцэрлэг барихад зарцуулж болох л байсан. Даан ч эрх баригчдад тийм сэтгэл байгаагүй. Миний хүүхэд л болж байвал бусдынх нь яршиг л байна гэсэн хүний сэтгэлээр хандсан. Нүдээ бүлтийтэл ээж, аавыгаа хүлээж суугаа хүүхдүүдэд хэдэн цэцэрлэг бариад өгчих юм сан, эрх баригчдаа. Эсвэл Авлигалтай тэмцэх газраа татан буулгаад тэдний төсвийг цэцэрлэг барихад зарцуулж болох уу? Өршөөлийн хууль батлагдсанаар АТГ-ынхан чинь хийх ажилгүй болчихлоо шүү дээ. Шалгагдаж байгаа 40 гаруй хэрэг нь өршөөгдчихөөр тэд юу хийх болж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг юм чинь ажил хийхгүйгээр зүгээр суугаад цалин аваад байж боломгүй юм.

Ямар ч байсан энэ жил эцэг, эхчүүд дахиад л цэцэрлэгийн үүд сахин нойр, хоолгүй хонох нь, эрх баригчдын буянаар… Хэдэн тэрбумаар улсаас идэж, ууснаа өршөөгөөд л, хүн чанараа харуулаад байдаг юм билээ. Одоо тэгвэл ирээдүй болсон хүүхдүүддээ хүн чанараа нэг харуулах юм сан, эрх баригчдаа… Идэж, уугаад өршөөгдсөн авлигачдаас ядаж тал мөнгийг нь аваад цэцэрлэг барья. Бүр давраад дахиад талыг нь аваад хүүхдийн эмнэлэг баривал бүр догь. Цөөхүүлээ жаргаснаас цөмөөрөө жаргасан дээр шүү дээ, эрх баригчдаа. Та нар олуулаа болж ирээд цөөхүүлээ идээд дууслаа. “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй, олуулаа идсэн оготно таргална” гэдэг биз дээ. Идэж, ууж ханасан бол Монголын үргэлжлэл болсон үрсээ бодъё оо, эрх баригчдаа.

С.НЭМЭХ

Эх сурвалж: www.Zaluu.com

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.