Comment.mn

Д.Цогтбаатар: Манай 30 хувийн урьдчилгаа Америкийн иргэнд ч ихдэхээр байсан

Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатартай ярилцлаа.

-МАН-ын зургаан сайд засагт найман сарын хугацаатай байлаа. Тэднээс салбартаа үр дүнтэй ажилласан нь таныг гэж хүмүүс дүгнэж байгаа?

-Бид хамтдаа бие биенээ дэмжиж зүтгэсэн болохоор бас тодорхой үр дүн гарсан байх. Мөн барилгын салбарынхны хичээл зүтгэл бол энэ айлыг хөдөлгөж байдаг дотоод хөдөлгүүр.

Барилгын салбарын хувьд би шинэ хүн байсан нь нууц биш. Тэр нь харин надад зарим зүйлсийг шинэлэг өнцгөөс харах боломжийг олгосон байх гэж боддог. Салбарын бодлого боловсруулах тогтолцоонд зарим шинэ зүйлсийг оруулах боломж орон зай байсан. Нэгдүгээрт, Хэрэглэгч төвтэй бодлого, түүний хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээнүүд, Хоёрдугаарт, Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, чингэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татах үйл ажиллагаа, Гуравдугаарт, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яамны бодлого, арга хэмжээ, Дөрөвдүгээрт, Евростандартыг нэвтрүүлэх ажил, Тавдугаарт, Түрээсийн орон сууцны зах зээлийг бий болгож, иргэдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох ажил, Зургадугаарт, Нийгмийн даатгалын санг орон сууцжуулах хөтөлбөртэй анх удаа холбох бодлого, арга хэмжээ гэх зэрэг.

Эдгээрийг задлаад нарийвчилбал урт яриа хөвөрнө. Гол нь энэ өөрчлөлтүүдийг одоо улс төржүүлж, эргүүлж буцаах бараг л боломжгүй байх гэж найдаж байгаа. Тухайлбал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ, бодлогыг буцааж, өөрчлөх гэвэл олон нийт зөвшөөрөхгүй л болов уу. Тиймээс нийгмийн захиалгад нийцсэнээрээ удаан амьдрах өөрийн дотоод нөөц чадавхитай шинэчлэлүүд болсон болов уу л гэж найдаж байгаа.

-МАН-ын сайд нарыг огцруулахын өмнөхөн та Барилгын тухай хуулийн төсөл өргөн барьсан. Төслийн агуулгыг танилцуулахгүй юу?

-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээр дурдсан шинэчлэлүүдээсээ оруулж өгсөн. Ингэж байж шинэчлэл чинь яриа биш ажил хэрэг болно шүү дээ. Тухайлбал, хуулийн төсөлд бизнесийн орчинг хөнгөвчлөх бодлогыг тусгаж өгөхийн зэрэгцээ нөгөө хүн хэрэглэгч төвтэй салбар байх асуудлуудыг чинь оруулж өгсөн байгаа. Одоо бол барилгын компаниуд нэг их гоё зураг, сурталчилгаа худалдан авагчдад үзүүлээд, түүгээрээ иргэдийн худалдан авах шохоорхлыг төрүүлдэг. Энэ нь цаашдын хэлцэл хийхэд хүргэх үндсэн нөхцөл болдог бөгөөд эрх зүйн үр дагавартай зүйл юм. Гэтэл амьдрал дээрээ нөгөө гоёмсог зүйлс нь өөр болчихсон эсвэл бүр байхгүй болсон байх тохиолдол цөөнгүй л байдаг. Байр сууцны хэмжээнээс авахуулаад машины зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, засал чимэглэлийн чанар стандарт гэх зэрэг олон зүйлс сурталчилж байснаас өөр болсон байдаг. Иргэн дангаараа эсвэл хэсэг бүлгээрээ улсын комисс нэгэнт хүлээгээд авчихсан барилгын гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар зарга үүсгэхэд барилгын компаниудын дэргэд зүгээр л жижигддэг. Одоо харин сурталчилгаанд ярьсан зүйлс нь байрыг худалдан авах гэрээний салшгүй хэсэг болохоор байгаа. Тэгэхээр байраа байгаагаас нь гоё болгож сурталчлах боломжгүй болж байгаа юм. Ер нь сурталчилгаандаа ярьж хэлсэн зүйлсийнхээ хариуцлагыг барилгын компаниуд бүрэн хүлээдэг болно гэсэн үг л дээ. Иргэдийн эрх ашгийг чиглэсэн бас нэг чухал зүйл бол бид барилгын баталгааны асуудлыг шинээр зохицуулахаар оруулж өгсөн байгаа. 90 жилийн түүхтэй, хийсэн бүтээсэн зүйл ихтэй барилгын салбар маань иргэдийнхээ өмнө уртаашаа гурван жилийн баталгааны хариуцлагыг л хүлээдэг тогтолцоотой байсан нь миний гайхшралыг ихэд төрүүлсэн. Уг нь энэ заалт нь барилгын дотор засал чимэглэл, тоноглолтой холбоотой байх учиртай. Гэтэл нэгэнт нарийвчлалгүйгээр ерөнхий заачихаар салбарын баталгааны зохицуулалт бүхэлдээ л үүнд захирагдчихаж байгаа юм. Тэгэхээр гурван жил өнгөрсний дараа тухайн барилгын асуудлаар түүнийг барихад оролцсон бүх этгээдийн хариуцлага дуусчихаж байгаа хэрэг. Тиймээс бид үүнийг өөрчилж, барилгын эдэлгээний хугацааг бетон, мод, төмөр хийцтэй байхаас нь хамаараад хамгийн багадаа 40-60 жил байхаар төсөлд тусгасан байгаа. Иймд барилгынхны хувьд хийсэн бүтээлийнхээ бат бэхийн асуудлаар иргэдийнхээ өмнө хүлээх хариуцлагынх нь хугацаа өөрчлөгдөж байгаа юм. Бид уг асуудлаар олон орны жишгийг судалсан. Эдэлгээний хугацаа дээрхээс хамаагүй урт байх нь ердийн үзэгдэл юм билээ. Бид бас бизнесүүддээ огцом ачаалал өгөхгүйн тулд, мөн Монголынхоо бодит нөхцөл байдлыг тооцож үзээд хугацааг арай татуу сонгосон. Энэ үзүүлэлтийг ийнхүү өөрчлөх нь гадаадын хөрөнгө оруулалтыг үл хөдлөх хөрөнгийн салбарт татах асуудалд ч эерэгээр нөлөөлнө. Эдэлгээний хугацаа нь 100 гаруй жил байдаг орнуудын хөрөнгө оруулагчид хүрч ирээд байр байшин сонирхтол аль хэдийнэ уг байшингийнх нь талаар хариуцлага хүлээх этгээдгүй болчихсон байвал яаж хөрөнгө оруулах билээ дээ. Даатгуулах гэхэд л шууд хүндрэл гарч эхэлнэ шүү дээ. Барилгын дотоод засал чимэглэл, сантехникийн холболт, тоноглолтой холбоотой баталгаат хугацаа харин гурван жилтэй тэнцэж байгаа. Үүн дээр нэмээд тохируулгын хугацааг нэг жилээр тусгаж өгсөн байгаа. Ингээд иргэдийн хувьд дотоод эвдрэл гэмтлийг үнэ төлбөргүй засуулах хугацаа дөрвөн жилтэй тэнцэж байгаа. Уг хуульд бизнесийнхнийхээ эрх ашгийг бас нэлээд сайтар тусгаж өгсөн байгаа. Дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй манайх шиг оронд барилгын тусгай зөвшөөрлийг яагаад ч юм гурван жил байхаар хуульчилчихсан байна. Яг сонгуулийн өмнөхөн дарга нарын үүдийг бүх насаараа барилга барьчихсан, нэр хүнд нь зах зээл дээр бүр танил болчихсон компанийн удирдлагууд сахиад суух магадлал байна л даа. Тэгэхээр нь тусгай зөвшөөрлийн хугацааг шууд тав эсвэл 10 жилээр өгөхөөр тусгасан байгаа. Ихэнх нь сонгуулийн мөчлөгийг давж тарах биз. Давахгүй байлаа гэхэд нэг удаа аваад даргаас дараа нь дахиад гуйх шаардлага гарч болзошгүй хугацааг аль болох холдуулах боломжийг эрэлхийлсэн гэсэн үг. Нэг удаа аваад хэсэгтээ мартдаг байгаасай л гэсэн хэрэг.

Гурван жилийн баталгаат хугацааны заалт бас нэг гажуудлыг бий болгосон байна билээ. Төсвийн хөрөнгөөр барилга барьж буй компаниудыг бас л бөөрөлхөж, тодорхой мөнгөн баталгааг уг компаниудаас гурван жилээр авч ямар ч хүүгүйгээр хадгалдаг явдал. Тохируулгын хугацаа нэг жил гэсэн заалтыг оруулснаар 3 жилийн энэ хугацаа нь даруй 60 гаруй хувиар буурч байгаа юм. Мөн баталгааны хөрөнгө байршуулахын оронд даатгуулах боломжийг нээж өгөхөөр тусгасан. Тэгвэл компаниудад очих санхүүгийн дарамт буурсан ч хариуцлагынх нь баталгаа хэвэндээ үлдэнэ, бас даатгалын бизнес хөгжих шинэ орон зай ч бий болж байгаа юм.

Мөн барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа, шаардагдах гарын үсгийн тоог дорвитой бууруулж өгсөн байгаа. Өнөөгийн хуульд байгаа эдгээр тоог Барилгын яамны өмнөх удирдлага засгийн газрын шийдвэрээр мэдэгдэхүйц буулгаж өгсөн байдаг. Ийнхүү буулгасан тоотой харьцуулахад хугацаа ч, гарын үсгийн тоо ч тус тус 30 гаруй хувиар буусан байгаа. Гэхдээ хуулийг засгийн газрын шийдвэртэй биш, хуультай нь л харьцуулдаг. Энэ өнцгөөс авч үзэн өнөөгийн хуулийг шинэ төсөлтэй харьцуулах юм бол цаг хугацааны үзүүлэлт бараг ес дахин, гарын үсгийн тоо 3.5 дахин буюу 30 хол давсан хувиар буурсан байгаа. Бизнест энэ дорвитой дэм болно гэж бодож байгаа. Иргэн-хэрэглэгч төвтэй бодлогыг тусгасан, мөн барилгын бизнесүүдийн дарамтыг нимгэлэн дэмжихэд чиглэсэн заалтуудын заримаас жишээ болгон дурдахад ийм байна.

–Энэ хуулийн төсөл барилгын салбарт үгүйлэгдэж байгаа бодлогыг хуульчилсан байх нь ээ. Төслийг өргөн барьсан сайд нь огцорсон болохоор хууль цаашаа явах эсэхэд олон хүн эргэлзэж байсан л даа.Тэгэхээр хуулийн төсөл батлагдсанаар ямар ач холбогдолтой болохыг тодорхойлохгүй юу.

-Монгол төрийн ажил хувь хүнээс хамаарахгүй байх ёстой. Тэгээд ч хууль сайдын мэдлээс гараад УИХ-ын мэдэлд шилжсэн. Сайд солигдсоноос УИХ солигдоогүй. Иймд асуудал явдаг журмаараа л явна.

Энэ хуулийн шинэчлэн найруулсан төсөл батлагдаад хэрэгжээд эхэлбэл иргэдэд, бизнесүүдэд л хэрэгтэй. Салбарыг хүн-хэрэглэгч төвтэй болгоход чиглэсэн заалтууд хуульчлагдчихвал үүнийг хэн нэгэн албан тушаалтан мартаад эсвэл ойшоохгүй явах боломжгүй болох юм. Тухайлбал, ШӨХТГ-ыг би Сайдын зөвлөл, Барилга хүлээж авах комисст тушаал гарган оруулсан байсныг өөр сайд өөрчилж болно. Харин хуулийг бол дагах хэрэгтэй болно. Барилгын салбарыг хэрэглэгч төвтэй болгон хөгжүүлнэ гэдэг бол маш том сэтгэлгээний өөрчлөлт дагуулна шүү дээ. Энэ нь эргээд бизнес-хэрэглэгчийн шударга харилцааг хөгжүүлэхэд л хэрэг болно. Мөн технологи, чанарын дэвшил, хариуцлагын тодорхой тогтолцооны төлөвшилтөөс авахуулаад олон дэвшлийг дагуулна гэж бодож байгаа. Зөвхөн хүн-төвтэй өөрчлөлт талаас нь ярихад л энэ шүү дээ. Түүнээс өөр бусад талаас нь яривал хуулийн шинэ төсөл олон эерэг зүйлсийг дагуулна.

–Таны энэ салбарт хийсэн томоохон ажлуудын нэг бол ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгосон явдал. Энэ нь яг ямар шатанд явна вэ? Хэзээнээс хэрэгжих бол?

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт орон сууцны үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх баталгааг засгаас Хөгжлийн банкаар дамжуулан гаргах асуудал бүрэн шийдэгдсэн.

Салбар хариуцсан сайдын хувьд засгаас гаргах ёстой бүх шийдвэрүүдийг гаргуулж үлдээсэн. Одоо зөвхөн хэрэгжих цаг хугацаагаа л хүлээж байна.

Энэхүү зохицуулалтын дүнд анх удаа орон сууц авч буй, тогтмол орлоготой, нийгмийн даатгалын төлбөрөө хоёр жилээс дээш төлсөн иргэд урьдчилгаа 10 хувиа төлөөд байртай болох боломжоор хангагдаж байгаа. 10 хувийн урьдчилгааг цоо шинэ зүйл мэтээр ойлгож, бүтнэ, бүтэхгүй гэж эргэлзэх явдал байгаа. 10 хувийн урьдчилгааны тухай заалт өнөөдөр мөрдөгдөж буй урьдчилгаа 30 хувьтай зээлийг зохицуулж буй журмын 2.4 дүгээр заалтад тусгасан байгаа. Тэнд зээлийн урьдчилгаа 10-30 хувь байна гээд заачихсан байдаг. Тиймээс бид тэр боломжийг л ашигласан.

Зарим улсууд үүнийг Америкийн хямралтай л холбох юм. Америкийн хямрал subprime mortgage буюу хоёрдогч ипотекийн зээлээс үүдэлтэй юм. Түүнээс ердийн ипотекийн зээлээс үүдээгүй. Дэлхийн бүх улс орон ипотекийн зээлтэй. Тэнд Америкийнх шиг ипотекийн зээлийн хямрал өрнөөгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэнд зүгээр ипотекийн зээл л зонхилж байснаас subprime гэдэг тодотголтой ипотекийнх нь зээл Америкийнх шиг газар аваагүй байсан. Манайх ч гэсэн ердийн л ипотекийн зээлтэй. Маш хашир тооцож хийсэн зээлтэй шүү.

Урьдчилгааг нь 30-аас 10 болгоод л буулгачихаар эдийн засгийг хямруулдаг хоёрдогч ипотек болчихдог юм шиг гэнэн юм зарим нь ярих юм. Тэр хямралд өртсөн АНУ-д чинь Фэнни Мэй гэдэг компанийнх нь олгодог ипотекийн зээлийн урьдчилгаа нь гурван хувьтай байдаг юм шүү дээ. Интернетээр ороод харахад л шууд гараад ирнэ шүү дээ. Энэ бол ипотекийн зээлийг хамгийн ихээр нь орлого багатай иргэддээ олгодог компани. Хэрэв ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьтай байж л аюулгүй байдаг, түүнийг бага болгосноос хямардаг юм бол хямралын гашуун зовлонг ном сонингоос биш бодит амьдрал дээрээ амссан АНУ яагаад өнөөдөр хүртэл ийм бага хувийн урьдчилгаа төлбөртэй зээлийг байлгасаар байгааг тайлбарлуулмаар байгаа юм.

Фэнни Мэй зэрэг тусгай зохицуулалттай компанийнх нь зохицуулалтыг орхиё л доо. АНУ-д анхны байраа авч буй хүмүүст олгодог ердийн ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьтай л байдаг. Энэ бол боломжтой дундаж орлоготой иргэдэд олгодог зээл шүү дээ. Бас л манайхаас бага байгаа юм. Гэтэл тэнд байгаа хүмүүсийн дундаж орлого манай иргэдийнхээс хэдэн арав дахин их шүү дээ. 30 хувийн урьдчилгаа бол америк хүнд хүртэл их байгаа юм.

Америкийг харьцуулахаа больё. Сингапурт энэ урьдчилгаа 10 хувь, Тайландад 20 хувь гээд харьцуулаад байх юм бол манайх хамгийн бага орлоготой иргэдтэй хэрнээ хамгийн өндөр урьдчилгаатай байгаад байгаа юм. Байрны үнэ хөөсрөлтэй үед бол энэ чухал зохицуулалт байсан. Гэхдээ хөөсрөлт байхгүй болчихоод байхад хичнээн удаан иргэдийг ийм дарамттай зээлтэй байлгах гээд байгаа юм бол. Сингапур, Тайланд, Энэтхэг зээлийнхээ урьдчилгааг манайхаас бага байлгаад байгаа нь хямралаас айхгүй, эсвэл биднээс бага мэдээд, болгоомжгүй бодлого хэрэгжүүлээд байгаа хэрэг үү. Би тэгж бодохгүй байна.

Нэмээд хэлэхэд энэ бодлогыг шүүмжлээд байгаа улсууд эдийн засгийг хямруулахаас болгоомжлоод байгаа юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж эрэлтийг нэмэх чинь яг л тэр болгоомжлоод байгаа хямралаас нь урьдчилан сэргийлэх гэж хийж буй гарцаагүй арга хэмжээ юм шүү дээ. Үүнийг хийхгүй бол тэр айгаад байгаа хямрал чинь болно. Америкийн хямралыг нарийн судалбал хүмүүс нь зээлээ төлж чадахаа больсноос эхлээгүй, харин үл хөдлөхийн үнэ огцом бууснаас эхэлсэн юм шүү. Тэгмэгц зээлүүд муудаж, түүнээсээ үүдэн дараа дараагийн гинжин урвал явсан даа.

Саяхан нэг танил маань “10 хувийн урьдчилгаатай зээлийн тогтолцоо эрсдэлтэй, түүний оронд хямд төсөр байрны судалгааг гаргах хэрэгтэй” л гэж ярьсан байна лээ. Хямд төсөр байрыг Америкийн чинээлэг иргэдэд ч чанга тусах 30 хувийн урьдчилгаатай зээлийн тогтолцоотойгоор Монголд яаж хөгжүүлэх гээд байгааг нь сайн ойлгоогүй.

-Иргэдийг хямд орон сууцаар хангах түрээсийн орон сууцны хөтөлбөр таныг тус салбарыг удирдаж байхад шуурхай батлагдсан бас нэг ажил. Энэ хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Иргэдийг орон сууцаар хангах тал дээр хийсэн бас нэг ажил бол “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөрийг батлуулсан явдал юм. Улаанбаатарын иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт багтсан 1300 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах заалтыг хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн барилгын компаниудтай гэрээ байгуулж эхлээд байна. Товчхондоо төрийн зүгээс иргэдээ түрээсийн орон сууцаар хангах эхний хувилбарууд ажил хэрэг болж эхлээд байгаа юм.

“Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжээд дуусахгүй. 21 аймагт хэрэгжих юм. Аймгийн төвүүдэд эмч, багш, төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа гээд орон сууцны тодорхой хүлээлттэй айл өрх, иргэд олон байдаг. Тэдний асуудлыг ч орхигдуулахгүй шийдэх боломжтой.

Хувийн хэвшлийнхний барьсан хорооллоос тодорхой тооны орон сууцыг улс аваад дараа нь тухайн компанитай концессын гэрээгээр төлбөрөө барагдуулаад явах юм. Энэ ажил ТОСК дээр ч хэрэгжиж байгаа. Орон сууцанд амьдрах хүсэлтэй ч худалдаад авах боломжгүй иргэд олон бий. Шинээр гэр бүл болсон залуус, оюутнууд, гадаадын иргэд гээд түрээслэгчид байна. Тэдэнд байраа худалдаад ав, эсвэл боль гэдэг л хувилбаруудыг зөвхөн санал болгодог тогтолцоо бол хоцрогдоод байна. “Түрээсийн орон сууц”-ны хөтөлбөр хэрэгжсэнээрээ өвөл бүр асуудал болдог утаа багасах, агаарын бохирдол буурах, эрүүл ахуйн олон асуудал шийдэгдэх боломжтой болно гээд ач холбогдол нь маш их л дээ. Иргэддээ хямд төсөр орон сууцыг нийлүүлэх, барилгын салбарыг их ч бай, бага ч бай зогсолтгүй ажиллагаатай болгоход их чухал үүрэг гүйцэтгэх нэг зохицуулалт бол нийгмийн даатгалын санг орон сууцжуулах хөтөлбөртэй холбох гээд байгаа асуудал чинь шүү дээ. Бас л би сэдчихсэн юм биш л дээ. Дэлхийн бүх улс орнууд өөрийн хамгийн урт хугацааны хөрөнгийн энэ эх үүсвэрийг яг энэ зорилгод амжилттай ашиглаж ирсэн туршлага байгаа юм. Ийм хөтөлбөрт хөрөнгө оруулахыг хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэлбэр гэж үздэг. Үнэхээр ч байраараа барьцаалагдсан, байр нь хэзээ ч тодорхой үнээ хадгалж, мөнгөн урсгалыг бий болгож байдаг учраас ийм тогтолцоог бий болгосон байдаг байх. Иймд манай яамнаас өргөн барьсан хуулийн төсөл бол уг нь 10 хувийн урьдчилгаатай, 20 хувийн баталгаатай зээлээс том өөрчлөлтийг бий болгох юм шүү дээ.

-Барилгын салбарт стандарт гэж юм байгаагүй. Та сайд болсныхоо дараа иргэд рүүгээ чиглэсэн бодлого явуулна гэж байсан. Үүний нэг нь евростандартыг нэвтрүүлсэн ажил уу?

-Стандарт байсан л даа. Гэхдээ энэ нь өнөөгийн амьдралаас хоцроод бизнесийн, салбарын хөгжилд тушаа болох талдаа байгаад байна. Нөгөө хэрэглэгч-төвтэй болгох бодлогыг чинь хэрэгжүүлэх чиглэлээр авсан олон арга хэмжээний чухал хэсэг нь бол энэ стандартын асуудал.

Яаманд ирээд юуны өмнө чанар стандарт хариуцсан шинэ нэгжийг яамны бүтцэд анх оруулсан. Энэ бүтэц маань Европын стандартуудыг нэвтрүүлэх богино болоод урт хугацааны бодлогыг боловсруулах ажилд орсон. Эхний ээлжинд 160-аад евростандартуудыг нэг жилийн хугацаатайгаар шууд нэвтрүүллээ. Энэ хугацаанд эдгээрийг европ суурьтай монгол стандарт болгон батлах ажлыг хийх ёстой. Нэг жилийн хугацаанд бүгдийг нь MNS стандарт болгож амжихгүй л дээ. Яг өнөөгийн байдлаар л гэхэд дөнгөж 40 гаруй евростандартыг л монгол сууринд буулган баталж амжсан байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөг хүртэл яг хэвшсэн журам шат дарааллаараа явж эдгээр стандартуудыг нэвтрүүлнэ гэвээс энэ нь хэдэн арван жилийн ажил болохоор байгаа биз. Харин ингээд хурдавчилсан аргаар шууд нэвтрүүлээд цаашид бүх стандартыг монгол болгон баталтал жил жилээр уг стандартуудыг хэрэглэх эрхийг сунгаад явчихвал үр өгөөж нь хэрэглэгч иргэдэд өнөөдрөөс мэдрэгдээд эхлэх боломжтой юм. Стандарт хэмжил зүйн газрынхан маань энэ асуудал дээр дэмжиж шийдэмгий хамтарч ажилласныг энд тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж энэ төгс хувилбар биш. Бид байгаа хууль эрх зүйн орчиндоо зохицож, гэхдээ боломжоороо шинэлгээр асуудалд хандан ажиллаж байгаа нь л энэ. Дээрх арга хэмжээ бол богино хугацааны хэсэгчилсэн л шийдэл.

Цаашид, урт хугацаандаа бол евростандартуудыг Монголд нутагшуулахдаа шууд англи хэл дээр нь хэрэглэдэг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Ингэхийн тулд хууль эрх зүйн орчноос эхлээд боловсролын тогтолцоо хүртэл багагүй өөрчлөлтүүд хийгдэх ёстой байгаа юм. Мэдээж цаг уурын онцлог орчин бүсэд оршдог, тусгаар тогтносон орны хувьд манай зохих байгууллагууд эдгээрийг судалж үзээд баталдаг байх ёстой. Гэхдээ энд баталдаг гэхээсээ хүлээн зөвшөөрдөг тогтолцоог ярьж байгаа юм. Тусгайлан батлах асуудал нь зөвхөн манай цаг уурын нөхцөлд зайлшгүй тохируулж хэрэглэх стандартуудын тухайд л гарч байх ёстой юм. Ингэвэл шилжилт хамаагүй хурдасна.

Европчууд мөнгө нь багтахаа байсан баяндаа евростандартын бүтээгдэхүүнийг шаардан хэрэглээд байдаг юм биш. Тэд мөнгөндөө хэмнэлттэй хандаж буй нь тэр.

-Барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг богино хугацаанд татаж чадсан. Хятадын Эксим банк, Сингапурын хөрөнгөөр босох барилгуудын тухай мэдээлэл өгөөч. Эдгээр орон сууц баригдсанаар зах зээлд хямд үнэтэй орон сууцаар хангагдах боломж бүрдэх үү?

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэсэн шинэ санаачилгаа хэрэгжүүлэхэд бас ахиц гаргасан. Эдийн засаг удааширсан, дотоодын хөрөнгийн эх үүсвэр эрс хумигдсан, гадаад хөрөнгө оруулалт огцом татарсан үед мөчлөг сөрж үл хөдлөх хөрөнгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж (зөрүүдэлсэн гэх үү дээ) ажиллалаа. Ингэж ажиллахдаа уул уурхайн салбарт манай төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтран далайцтай сурталчилгаа хийж байсан туршлагыг харгалзан зохих бодлого, үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Анх удаа ийм сурталчилгаанд зориулсан өргөн сурдалгааг хийлгэж, шинэ шинэ тоо баримтуудыг боловсруулсан. Түүний үндсэн дээрээ танилцуулгууд боловсруулсан. Багагүй хүч хөдөлмөр зарцуулсан ажил болсон. Гэхдээ үр дүнгээ өгсөн. Сингапур, Туркэд хувийн салбарынхантайгаа хамтран үл хөдлөх хөрөнгийн талаар далайцтай сурталчилгааг хийсний дүнд цөөнгүй хөрөнгө оруулагчид барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхогчид Монголыг чиглэсэн. Үүнд урам орсон. Болох юм байна. Энэ салбар чинь хийсэн бүтээсэн юмтай учир бусдын анхаарлыг хандуулаад л өгдөг юм бол сонирхлыг нь татахуйц юм байна гэдэг итгэлийг олсон. Харин бид энэ өнцгөөс улс орныхоо үл хөдлөх салбарыг ер сурталчилж байгаагүй юм билээ.

Нөгөө голланд өвчнөөс салахыг хүсвэл яг үүнийг л бодлогоор хийх хэрэгтэй юм л даа. Одоо Монголд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн нэг компани Сингапурын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргахаар ажиллаж байна. Амжилттай гараасай гэж хүсч байгаа. Тэгвэл Монгол гэдэг чинь ганц уул уурхайн орон биш юм байна гэдгийг гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгуулах юм.

Гадаадын хувийн хөрөнгө оруулалтаас гадна хөнгөлөлттэй зээл тусламжийг салбар руугаа түлхүү татах чиглэлээр ажиллалаа. Үүний дүнд БНХАУ-ын ЭКСИМ банкнаас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг гацаанаас нь гаргаж шийдвэрлэх шатанд нь оруулсан. БНСУ-аас хөнгөлөлттэй зээл авах асуудал уг нь нэлээн ахицтай яригдаж байгаа. Энэ бүгдийн дүнд улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн орон сууцны хорооллуудын барилгын асуудал зогсчихгүй урагшлах боломжтой болж байгаа юм. Нийтдээ 6000-7000 мянган айлын орон сууцны барилгын тухай ярьж байна шүү дээ.

“ӨДРИЙН СОНИН”   М.МӨНХЦЭЦЭГ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.