УИХ-аар хаалттай хэлэлцэн баталсан Өршөөлийн хуулийн араас хөврөх хэл ам, хэрүүл тэмцэл тасрахгүй байна. Тэр дундаа авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдүүдийг хавтгайруулан өршөөж байгааг эсэргүүцэх хүн олон бий. Тэдний төлөөлөл болох тусгай алба болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Мөнх дайчин нөхөрлөл” нийгэмлэгийн залуус Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлжээ.
Залуус “УИХ-аар батлаад байгаа Өршөөлийн хууль нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд эрсдэл дагуулахуйц байгаа төдийгүй зарим зүйл, заалт нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг, шалгуур үзүүлэлтэд шууд заналхийлсэн байна” гэдгийг мэдээллийн эхэнд онцолжээ.
Иймээс он удаан жил хууль сахиулах байгууллагад ажилласан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн нэрийн өмнөөс олон нийтэд хандаж буйгаа ч хэлсэн.
Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, дэд хурандаа Н.Одонпүрэвийн хэлснээр, энэ удаагийн өршөөлийн хууль нь өдгөө ял эдэлж байгаа жирийн иргэдэд хүртээл багатай бөгөөд зөвхөн улс төрийн бүлэглэлд зориулсан, тэдний эрх ашигт нийцсэн хууль гэлээ. Түүнчлэн “Чингис”, “Самурай” бондоос гадна манай улсад гаднаас орж ирсэн асар их хэмжээний зээл, тусламжийн хөрөнгөөс зарим нь алга болсон байдаг. Харин энэ мэтээр идэж ууж, шамшигдуулж, улсын сан хөмрөгт гар дүрж, ард олон төдийгүй улсын баялгаар тоглож байгаа хүмүүс өөрсдийнхөө хууль бус үйлдлийг хаацайлж, хариуцлагаас мултрахын тулд энэ хуулийг гаргасан гэдгийг тэр хэлэв.
Хэрвээ энэ хууль хэрэгжээд эхэлбэл, энэ оны долоодугаар сарын 12-ноос өмнө цагаан захтнуудын гэгдэх хэрэг үйлдсэн этгээдүүд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байхаар байгаагаас гадна хожмын нэг өдөр эд хөрөнгө, авлига, албан тушаалтай холбоотой ямар нэг хэрэг илэрлээ гэхэд ямар ч хариуцлага хүлээхгүй байхаар хуульд тусгасан нь даанч хариуцлагагүй, увайгүй явдал хэмээн тэрбээр онцолжээ.
Үүнээс гадна “Монгол Улсад хэрэгжиж буй авлигатай тэмцэх бодлого үгүй болохоос гадна хууль хүчний бүхий л байгууллагын үйл ажиллагаа болон тэнд ажиллаж байгаа олон мянган хүний үйл хэргийг үгүйсгэж, баллуурдсан явдал боллоо. Цаашлаад ард түмний дунд баялаг бүтээж, шударгаар хөдөлмөрлөх боломжийг хааж байгаа нь хамгийн том сөрөг тал” гэлээ. Ингэснээр улс төрийн нөхцөл байдал улам ширүүсч, нийгэмд эмх замбараагүй байдал бий болох суурь нөхцлийг ч бүрдүүлж байна гэлээ. Нөгөө талаар, дэлхий нийтэд Монгол Улсын нэр хүндийг харлуулсан явдал боллоо гэдгийг ч тодотгосон.
Ямартай ч “Мөнх дайчин нөхөрлөл”-ийнхөн Төрийн тэргүүнд ийнхүү хандаж байгаа бөгөөд хориг тавих тав хоногийн хугацаанд эерэг шийдвэр гаргахгүй бол тэд улс төрийн дараагийн алхмыг хийж, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхгүй байхад ард түмнийг уриалахад ч бэлэн гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж www.wikimon.mn