УИХ-ын ээлжит бус чуулганаар Эдийн засгийн болон гэмт хэргийн өршөөлийн хуулийг хэлэлцсэн. Гэмт хэргийн өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт МАН-ын бүлгээс нэг ч гишүүн суугаагүй юм. Харин эцсийн хэлэлцүүлэгт байснаараа АН-ын гишүүд өршөөлийн хуулийн талаар ийнхүү тайлбарлаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Монгол Улс ардчилсан парламентын түүхэнд 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд Өршөөлийн хуулиудыг батлан гаргасан байгаа. Өршөөлийн хуулиуд гарснаар нийт долоон мянга гаруй хүн хорих ангиудаас суллагдсан. Хэрэг мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн шатанд хэрэгсэхгүй болсон практик бас бий. Нийт өршөөгдсөн хүний 400 буюу 3-4 хувь нь давтан гэмт хэрэг үйлдэж, хэрэгт холбогдсон байдаг. Ер нь Монгол Улсын эрүүгийн түүхийг харахад 5-6 жилд нэг удаа томоохон ой, тэмдэглэлт баярыг тохиолдуулан гаргасан байдаг. Энэ удаа парламентат засаглалтай болсны, мөн ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан гаргалаа. Өршөөлд хамрагдсан гол зүйл анги нь хөнгөн болон хүндэвтэр хэрэг, мөн хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан байгаа. Мөн хөнгөн, хүндэвтэр, зарим гэмт хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгохоор бас өршөөлийн хуульд оруулсан байгаа. Иргэний нийгмийн төлөөлөл болсон гишүүд бид Ц.Мөнхбаярын хэргийг өршөөлийн хуульд хамруулахад анхаарч нэлээд ажилласан. Ц.Мөнхбаярын үйлдсэн хэрэг бол терроризм биш, төрийн эсрэг гэмт хэрэг ч биш, байгаль орчныхоо төлөө тэмцлийн улмаас үйлдэгдсэн хэрэг. Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж байдаг. Субъектив, объектив гэсэн хоёр талтай. Субъектив талаас нь харвал гэмт хэрэг биш гэж бид үзэж байгаа. Тиймээс Ц.Мөнхбаярыг Өршөөлийн хуульд хамруулах асуудлыг хөндөж тавьсан. Өөрөөр хэлбэл, хоёр зүйл ангийнх нь нэг буюу 177.1 нь өршөөлийн хуульд хамрагдана. Харин галт зэвсэг авч явсан гэдэг зүйл анги нь өршөөлд хамрагдахгүй. Эрүүгийн хуульд хөнгөн ял нь хүнд ялдаа багтаж явдаг. 177.1 гэсэн зүйл анги бол Ц.Мөнхбаярт оноосон хамгийн хүнд ял. Ц.Мөнхбаяр хэрэгт холбогдоод хоёр жил гаруй хоригдож байгаа. Энэ хугацааг нөгөө үлдэж буй хөнгөн зүйл ангийн хугацаатай харьцуулан авч үзээд хэзээнээс, хэрхэн өршөөхийг УИХ-аас байгуулагдсан комисс хянан шалгаж, шийдвэрлэнэ.
Авлига, албан тушаалтнуудын хэргийн талаар иргэд их асууж байгаа. Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд дараахь нөхцөлд өршөөлд хамрагдахаар заасан. Нэгдүгээрт, шүүхийн өмнө очоод гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. “Би авлига авсан, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байна, намайг уучилж өгөөч” гэж. Хоёрдугаарт, гэмт хэргийн замаар олсон орлого, эд хөрөнгөө улсын төсөв тушаах ёстой. Тушаана гэдгээ бичгээр, албан ёсоор шүүх, прокурорын өмнө илэрхийлэх ёстой. Ингэсэн тохиолдолд хөнгөн, хүндэвтэр шинжтэй авлига, албан тушаалын гэмт хэргээс хэлтрүүлэх бололцоо боломж бий. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бол, мөн гэмт хэргийн улмаас олсон орлогоо улсад тушаагаагүй тохиолдолд шүүхээр ороод ялаа эдлээд явна
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Хууль зүйн байнгын хорооны дэргэд хэдэн хоригдол суллагдах вэ гэдгийг тогтоох комисс байгуулагдаж байгаа. Энэ комисс нь хэд хэдэн дэд комисстой ажиллана. Хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, эцсийн тоог гаргана. Хууль зүйн яамнаас урьдчилсан судалгаа гаргасан. УИХ-ын ажлын хэсгийн судалгаа бас гарсан. Энэ хоёр судалгаа ойролцоо тоотой гарсан байгаа. Хурал дээр танилцуулснаар нийт хоригдлын гуравны нэг орчим нь өршөөгдөх төлөвтэй байгаа. Олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байсны улмаас хүн амины хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд хамрагдахгүй. Энэ асуудлыг ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаан дээр нэлээд ярилцсан ч хууль зүйн гаргалгаа утгаараа болон одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиараа боломжгүй гэдэг хариултыг мэргэжлийн хүмүүс өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл нь өш хонзонгийн сэдэл гэдэг утгаараа урд нь ял нь хүндэрч ногддог байсан. Энэ нь Өршөөлийн гэхээсээ илүү Эрүүгийн хуулийн “гажиг”. Эмэгтэй гишүүд цаашид Эрүүгийн шинэ хуулийг хэлэлцэхдээ гэр бүлийн хүчирхийллийг онцгойлон нарийвчилж оруулна, ял эдэлж буй эмэгтэйчүүдийн байдал дээрдэнэ гэдэг хүлээлтийн үүднээс энэ хуулийг дэмжсэн. Өмнө нь гарсан бүх өршөөлийн хуульд шалгагдаж буй хэргүүдийг өршөөсөн байдаг. Зүйл ангиараа нийцэж байвал шалгагдаж байгаа болон шүүхийн шатанд байгаа, шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран хэрэгждэг уламжлалаа үргэлжүүлж хуульчилсан.
УИХ-ын гишүүн Л.Болд: Авлига, албан тушаалтны хэрэгт холбогдсон хүмүүс хийсэн хэргээ хүлээж, хохирлоо нөхөн төлсөн бол өршөөлд хамрагдахаар тусгасан байгаа. Ёс суртахууны болон улстөрийн хариуцлагаа хүлээж үлдэнэ. Энэ бол Өршөөлийн хуулийн маш том онцлог. Үүн дээр эргэлзэж, хуулийг буруу талаас нь тайлбарлаж олон түмнийг төөрөгдүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Өршөөлийн хууль соцализмын үед 10 жилд нэг удаа гардаг байсан. Бид ардчилсан хүмүүнлэг, энэрэнгүй нийгэм гэдэг утгаараа 4-5 жил нэг гаргаж байгаа.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: УИХ-ын хаалттай хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Авлига авсан, албан тушаалаа урвуулсан хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн, төсвийн мөнгө хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, иргэдийг залилсан этгээдүүдийг өршөөх нь буруу. Мөн ийм гэмт хэрэг үйлдсэн байж болох үндэслэлээр шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулж болохгүй. Өршөөлийн хуульд төрийн бодлого, зарчим тусах ёстой. Өмнөх алдаанаасаа авсан сургамжаа ч тусгах учиртай. Түүнээс бус хууль тогтоогчдын бүрэлдэхүүнд багтсан явцуу бүлэглэл, хууль завшихыг санаархагч, гэмт үйдлээ халхлахыг хичээгчид, тэдний гар хөл бологчид, хамсаатнуудын ил далд хуйвалдаан, хүсэл сонирхлын жагсаалт байж болохгүй. Ийм байдлыг улс орны бодлого тодорхойлогчид – УИХ-ын гишүүд өөгшүүлж урамшуулж болохгүй. Дээрхи үйлдлийг хүн бүр жигшиж, газар авахуулахгүй хориглож байх нь зөв. Монголын төр авлигачдын бус ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үйлчлэх хуультай. Түмэн олон ч сонор соргог, сэрэмжтэй байж хууль шударга ёсны талд хатуу зогсох нь Монголын хөгжил дэвшил, сайн сайханд хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар хичнээн хүн өршөөлийн хуулиар суллагдах нь тодорхойгүй байгаа. Зүйл ангиас нь хамаарч эмэгтэй, өндөр настай ялтнуудын дийлэнх нь суллагдах төлөвтэй байгаа бөгөөд хичнээн хүн суллагдахыг дэд комиссоор шийдэх юм байна.