Comment.mn

Ардчилсан тодотголтой дарангуйлагч

 

Ардчиллын салхи сэвэлзсээр даруй 25 жилийн нүүр үзжээ. МАН, АН дангаараа бас давхраараа энэ хугацаанд төр түшилцэж байсан байх юм. Гэхдээ ардчиллын үнэ цэнэ, үндсэн зарчим Ардчилсан нам төрийн толгойд суухаар л алдагдаад байдаг нь харамсалтай. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн нөхдүүд лав нэг хүний дарангуйллыг хүсч халуунд халж, хүйтэнд хөрч өлсгөлөн зарлаагүй нь лавтай. Монголын улс төрийн тогоонд өрнөж буй өнөөдрийн дүр зургийг харвал Ардчиллынхны шүлсээ үсчүүлэн муулдаг нөгөө хуучин нийгэм рүүгээ ухрах араандаа хийгээд орчихож байх шиг. Нэг хүний дарангуйлал хэрээс хэтэрч, хууль тогтоох дээд байгууллагыг намын өмч мэт бодож дор зургаараа аашилж байгаа энэ байдал нь ардчилсан нийгэмд үнэндээ зохицохгүй байна. Аливаа нам, түүний аппарат өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ гүйцэтгэх засаглалаар дамжуулж хийдэг бол өнөөдрийн АН, намын дарга нь хууль тогтоох дээд байгууллагын дээр сандайлж суучихаад гүйцэтгэх засаглалын тэргүүний бүрэн эрхэд халдаж, хуульгүй юм шиг аашилж байгаа нь ардчиллыг булшилж байгаа хэрэг юм. Нэг хүний шуналт хүсэл, шударга бус үйл хэргээс болж хэсэг бүлэг хүний, монголын ард түмний дусал цус ч асгаруулалгүй олж авсан эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнол устаж үгүй болох нь шиг байна. Бүр тодруулбал, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын явуулж буй улстөрийн бодлого, өөртэйгөө шөргөөцөлдсөн хүмүүсийг нухчин дарж байгаа нь дарангуйлагчийн төрхийг өөрийн эрхгүй санагдуулна.

 

“Дарангуйллыг нухчин дарахын тулд дарангуйлагчийг дарах ёстой” гэж английн нэрт улстөрч Уинстон Черчилль хэлсэн байх юм. Өнөөдөр өрнөж буй улс төрийн дарангуйлал, хуулийг уландаа гишгэсэн арчаагүй байдлыг ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүгээр хараад суугаад байгаа нь эмгэнэлтэй. Уг нь Монгол Улсыг ардчиллын замд оруулах гэж сэтгэл, оюун ухаанаа чилээж явсан хүний хувьд ч, одоо хашиж байгаа албан тушаалыг нь бодсон ч төрөлх намынхаа одоогийн даргад “жавтий” хүртээхэд ер гэмгүй. Энэ маягаараа удаан үргэлжилбэл ардчилал байтугай ард түмэнгүй, эх оронгүй болох цаг ойрхон байна. Ерөнхий сайдынхаа бүрэн эрхэд шууд халдаж, эзгүйд нь Засгийн газрын хувь заяаг нь шийдчихдэг “дарангуйлагч” УИХ-ын даргатай улс дэлхийд манайхаас өөр байдаггүй байх. УИХ-ын гишүүдээ даргын индэр дээрээс хүүхэд загнаж байгаа юм шиг загнаж, үгийг нь дуусгалгүй яригчийг нь хаачихна. Мөн ч бөх зүрхтэй “том” дарга юм. Уг нь УИХ-ын чуулганыг хэд хэдэн телевиз шууд дамжуулдаг. Ядаж ард түмнээсээ ичдэггүй юм байх даа. Эсвэл УИХ-ын дарга З.Энхболд “дарангуйлагч”-ийн дүрдүү бүрэн итгэчихсэн бололтой. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм ардчилсан нийгэм шүү дээ. Гэтэл парламентийг нь намын дарга сэтэртэй нэг нөхөр дарангуйллын талбар болгож, ардчиллыг булшилж байгаа нь тун ч харамсалтай. Тэр нь тэгээд бүр Ардчилсан намын дарга гээд бодохоор бүр ч эмгэнэлтэй. Товчоор хэлбэл, Ардчилсан нам ардчиллаа булшилж байх шиг. Тэд 1996-2000 оны хооронд эх орноо булшлах дөхсөн. Одоо тэгвэл З.Энхболдын “эрин үед” ардчилал булшлагдаж байна.

 

“Дотроо ялзарсан намыг аврах ганц зам байдаг. Тэр бол ялзралыг эхлүүлсэн эзнийг нь олох” хэмээх үгийг XX зууны эхэн үед америкийн Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Уилльям МакКинлей хэлсэн байдаг. Хэдийгээр Ардчилсан намынхан өөрсдийн намын “ялзралыг” “дотоод ардчилал” гэж өмөөрөх боловч үнэн хэрэгтээ лидер хоорондын зөрчил нь дээд цэгтээ хүрч, дотор “ялзрал”-аас нь “өмхий” ханхалж байна. Юутай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намын даргынхаа дарангуйллыг тэвчиж чадахгүй дээ хүрч ҮЗХ-гоо хуралдуулах санаатай гишүүдээсээ гарын үсэг цуглуулаад явж байгаа сураг дуулдана. Үнэхээр л ҮЗХ-гоо хуралдуулах гэж байгаа бол намынхаа “ялзрал”-ын эзнийг олоод нам дарж авах хэрэгтэй. Энэ үйл хэрэгт Ерөнхийлөгч хачир нэмж, дэмжлэг болох нь гарцаагүй. Сүүлийн гурван жил намагт балчир руу гүн шигдэж орсон ардчиллыг аврах ганцхан зам л үлдлээ. Ардчиллыг аврах эс аврах нь АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын хоорондох  тулааны ялагч нь хэн байхаас маш их шалтгаална. Хэрэв З.Энхболд тулааны ялагчаар тодорвол ардчилал дахиж сэргэхээргүй “сэхээнд” орчихож ч мэднэ. Эсрэгээрээ Ч.Сайханбилэг ялбал арай л “сэхээнд” оруулчихалгүй байлгаад байж дөнгөнө. Ингэж л 2016 онтой золгож “ардчилсан” нэр зүүсэн дарангуйлагчид, түүний удирдагчийг улс төрийн тавцангаас нэг мөсөн зайлуулж байж гэмээнэ ард түмэн сэтгэл тэнэгэр, нуруу цэх алхах болно. Эс тэгвээс ардчилал байтугай эх орон, газар шороогүй болчихож ч мэднэ.

 

 

С.БУЯН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.