Comment.mn

Намын дарга, УИХ-ын даргын суудал чамлагдаад байна уу, Зи

 

УИХ-ын эрхэм дарга З.Энхболдод одоо хашиж байгаа албан тушаал нь чамлагдсан бололтой. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ямар ч аргаар хамаагүй булааж авах гэж оролдож байгаа нь ойрын өдрүүдэд өрнөсөн улс төрийн үйл явцаас тов тодорхой харагдана. Түүний шуналын дэргэд Монгол Улсын эрх ашиг, ард түмний амь, амьдрал огт хамаагүй. Чухам “хэмжээгүй эрхт хаан”-ы сэнтийд залрах З.Энхболдын ганцхан хүсэл дийлж хоногийн хоолоо арай чүү гэж хүргэж буй иргэдийнхээ итгэл рүү ус цацав. УИХ-ын даргын далд санаархал нь ирээдүйн “Н.Энхбаяр” болох ч байж мэднэ. Төрийн гурван өндөр албан тушаалыг хашиж үзсэн хүн Монголд цор ганц байдаг нь Н.Энхбаяр. Одоогийн нөхцөл байдлыг харах юм бол З.Энхболдод Н.Энхбаярын залгамж халааг авах бүрэн боломж бий. “Бие жижиг ч бэлчээр томтой эр” гэж ярьдаг биз дээ, монголчууд. Тиймээс “Н.Энхбаяр чадсан юм чинь би яагаад чадахгүй гэж” гэсэн “хэрсүү ухаан” түүний далд сэтгэлд ил нуугдаж байж ч мэднэ. Н.Алтанхуягийн “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг унагаах санаа түүнийх л байсан. Учир нь тэрбээр Н.Алтанхуягтай таарамж муутай, хэдэн гишүүнээ загнаж, кноп дарж суух нь түүнд таалагдаагүй хэрэг. Эсвэл Н.Энхбаярын замаар замнах зорилго, хүсэл мөрөөдөлд нь тээг болоод байсан ч байж болно. Иймээс л тэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг далаар нь цэвэр тавьсан. Эхлээд Ерөнхий сайдын суудлаас унагаж дараа нь намын даргыг нь булааж авсан билээ. Харин Ерөнхий сайд асны оронд намын даргын далласан газар ил гарч, далайсан газар далд орох “утсан хүүхэлдэй” хэрэг болов. “Утсан хүүхэлдэй”-н эрэл хайгуулын эцсийн дүн нь Ч.Сайханбилэг. Одоогийн Ерөнхий сайдыг намын даргадаа санал болгосон хүн нь Н.Алтанхуяг. Тэрбээр арьсаа хамгаалахын тулд намын даргаа хэл амгүйхэн шиг Зи-д өгч, өөрийн хүнээ Ерөнхий сайдаар тавих тохироо хийсэн. Нөгөө талаасаа Зи “Би намын дарга болчихсон юм чинь Ч.Сайханбилэг миний үгнээс зөрж чадахгүй” гэсэн бодолтой байсан нь тодорхой. Зи-гийн бас нэг хөшүүрэг нь “Женко” Х.Баттулга. Намын даргын суудлыг авахын тулд Х.Баттулгатай Зи Тавантолгойгоор наймаалцсан дам сураг шаргал ордонд “бор шувуу” болон нисч байсан юм даг, тухайн цаг үед.

 

Юутай ч өнөө цагийн Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод одоогийн эрх мэдэл, тансаглал чамлагдаад байгаа бололтой юм. Түүний хүсэл зорилгын өмнө хууль хүчин мөхөсдөж байна. Ингэж хэлэхийн учир нь УИХ-ын даргын суудалд хууль зөрчин суусан. Мөн Ардчилсан намын даргын суудалд ч хууль зөрчиж хүрсэн. 2012 оны УИХ-ын анхдугаар хуралдааныг АН, түүний дотор зөөлөн сэнтийдээ яарсан Зи яаж холион бантан болгосныг бид бэлхнээ мэднэ. Эхлээд Ерөнхий сайд асны зөвлөх Л.Гансүх, улмаар хүргэн Дэнзэн нарыг нь баривчлан сүр далайлгаж булааж авсан АН-ын даргын суудалд Бага хурлынхаа шийдвэрээр заларчихсан. Уг нь хууль, ном дүрмээрээ бол намынхаа их хурлаар сонгогдож дарга болох учиртай. Ямар ч байсан АН алалцдагаараа алалцаж байна, сандал ширээний төлөө. Эл бужигнааны гол дүр нь УИХ-ын дарга З.Энхболд. Гэхдээ түүний бүтээж буй дүр нь тийм ч сайхан эерэг талын дүр биш. Харин ч эсрэг талын дүр болж хувираад байна. Өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж улс эх орны эрх ашгийг уландаа гишгэсэн тийм л дүр. Тэгэхээр “өндөр”, “нам” хоёрын хоорондох тулааны ялагч нь Ч.Сайханбилэг байвал монголын ард түмэнд арай л нааштай. Учир нь Зи-гийн хувиа хичээсэн, өөрийн эрх ашгаа бодсон улс төрийн тоглолт хэрээс хэтэрсэн болохоор тэр шүү дээ.

 

 

Б.НЭМЭХ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.