Энэ долоо хоногт улс төрд сонгуулийн кампанит ажил эхэлсэн үү гэлтэй үйл явдлууд ар араасаа боллоо. Тодруулбал, УИХ-ынг гишүүн О.Баасанхүү хууль зүйн сайд болж магадгүй гэсэн бор шувуу нисээд эхэллээ. Үндэсний их баяр наадмын өмнө АН, МАН гэрээгээ цуцалж, тангараг тасарснаа зарласан. Тэгвэл ирэх даваа гарагт МАН-ын зургаан сайдыг хэрхэх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэнэ. Тэрбээр “Хоёрын хооронд зургаан сайдаар шүд сугалж байснаас засгийг бүхлээр нь солих хэрэгтэй” хэмээн жиргэсэн нь түүнийг Хууль зүйн сайдад санаархаж буйг илтгэв.
“Ард Түмнээ Хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцсэн. Тус намыг улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэв. Өдгөө 1388 намын гишүүнтэй намын дарга нь ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшинэ тэр ч бүү хэл 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд мэдэгдлээ.
Харин нийгэмд нийслэлийн даншиг наадмыг эсэргүүцэв. Энэхүү наадам нь 480-560 орчим сая төгрөгийн төсөвтэй. Тэд улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд үргүй зардал гаргаж, найр наадамд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байж иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хөрөнгө оруулахыг хүслээ. Мөн Хотын дарга Э.Бат-Үүл таниас гуйх гуйлт байна хэмээж 560 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулах хэд хэдэн санаачлагыг гаргав. Тухайлбал,
-ХУД-ийн төрөх эмнэлгийг ашиглалтад оруулснаар 500-600 хүн шинээр ажлын байртай болох төдийгүй олон эх, хүүхдүүдэд тус болно.
-Монгол Улсын хэмжээнд элэгний B, C вирустай 150 мянган хүн байна. Үүнээс 52 мянга нь яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. Элэгний вирусыг устгах чадалтай Харвони эмний нэг курс эмчилгээний үнэ 2.3 сая төгрөг. Тиймээс энэ мөнгөөр нэн ядуу амьдралтай 235 хүнд Харвони эмийг худалдаж авч өгөх боломжтой.
-Үр тарианы салбарыг даатгахад хөрөнгө оруулах. Ингэж чадвал 58 тэрбум төгрөгийн үр тариаг хамгаалах боломжтой.
-Эмнэлгүүдэд хомс байгаа бөөрний дутагдлыг эмчлэг диатизийн аппарат 10 ширхэгийг худалдаж авах. Ингэснээр олон мянган хүний амийг аварна. Түүнчлэн тэд төрийн зүгээс ард түмний татварын мөнгийг хий хоосон зүйлд их зарцуулж байна. Тухайлбал Баянгол дүүргийн ойн баярыг саяхан 300 гаруй сая төгрөгөөр тэмдэглэсэн, удахгүй аравдугаар сард ахиад өөр дүүргийн ой болно. Тиймээс энэ үргүй хоосон зардлаа хэрэгтэй зүйлд зарцуулаач ээ хэмээн гуйсан нь энэ.
Эдийн засаг хүндрэлд байгаа энэ үед Төсвийн алдагдал түгшүүр зарлав. Монгол Улсын төсвийн алдагдал эхний хагас жилд 500 гаруй тэрбум төгрөгт хүрчихэж. Цаашдаа энэ янзаар явбал, оны эцэс гэхэд дахин 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэдгийг Сангийн яамнаас мэдээлэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Монгол Улсын төсвийн нийт алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэх ёсгүй. Гэхдээ энэ оны төсөвт тодотгол хийж, Хөгжлийн банк болон Улсын төсвийн зарлагуудыг нэгтгэснээр алдагдлыг 5 хувь буюу 1.2 их наяд төгрөгт хүргэсэн. Энэ утгаараа төсвийн алдагдал одоохондоо тийм ч айдаст автахаар хэмжээнд хүрээгүй гэв. Нөгөөтэйгүүр 1.2 их наяд төгрөгийн алдагдлын ихэнх буюу бараг 800 орчим тэрбум нь зөвхөн Хөгжлийн банкнаас механикаар санхүүжүүлж буй зардлууд болж байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкны зардлыг хасч тооцвол энэ онд төсвийн алдагдал 400 орчим тэрбум төгрөгөөс хэтрэх учиргүй юм.
Сангийн сайдын мэдээлж буйгаар орлогын бүрдэлт 88 хувьтай байгаа гэнэ. Гэхдээ Сангийн яамны төвшинд Засгийн газрын тогтоолоор төсвийн тэвчиж болох зардлуудыг хумих шийдвэр гаргажээ. Монгол Улсын 2015 оны төсвийг тодотгосноор орлого 6.6 их наяд төгрөг, зарлага 7.8 их наяд төгрөг болсон. Харин төсвийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй. Батлагдсан төсвөөр бол ердөө 35 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд гаргана. Сангийн яамнаас 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг вексел гарган санхүүжүүлж, дуусаагүй барилгуудын асуудлыг шийдэх болсноо зарлалаа. Ингээд векселийн санхүүжилтийг давхар тооцвол төсвийн хөрөнгө оруулалт 190 гаруй тэрбум төгрөгт хүрч байгаа юм. Энэхүү векселийн зардлыг нэмж тооцвол, алдагдал механикаар 660 тэрбум төгрөгт хүрэх нь. Дээрээс нь орлогын бүрдэлт хангалтгүй байвал он дуустал төсвийн нөхцөл байдал тун хүндрэхээр байна.
Спортын тамирчид үргэлжид баяртай мэдээг эх орондоо авч ирдэг. Энэ удаад тусгай олимпоос мөнгө, хүрэл хүртжээ. АНУ-ын Лос Анжелос хотноо дэлхийн тусгай олимп зохион байгуулагдсан юм. Тэмцээний 100 метрийн гүйлтийн тамирчин М.Даваажаргал мөнгө, Б.Номиндарь хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай улс тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн болов.
Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчдын хамтаар Лос Анжелос хотыг зорьсон юм .
Дашрамд сонирхуулахад, Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулан зуны болон өвлийн олимпыг хоёр жил тутам зохион байгуулдаг байна.
Арлын Японы сумогийн дэвжээг монголын сумочид эзэгнэж байгааг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл мэргэжлийн сумод домог болж яваа нэгэн Монгол бөх зодог тайлах тухайгаа мэдэгдлээ. Энэ бол гурван жилийн өмнө буюу 38 насандаа мэргэжлийн сумогийн дээд зиндаанд аварга болсон Кёкүтэнхо Н.Цэвэгням юм. Тэрбээр Нагоягийн зуны башё дууссаны дараа зодог тайлахаа албан ёсоор мэдэгдсэн билээ. 1998 оноос хойш сумогийн дээд зиндаанд тасралтгүй барилдаж башёд зодоглосон тоогоороо түүнийг гүйцэх бөх одоогоор байхгүй. Тиймдээ ч түүнийг Япончууд сумогийн амьд домог гэдэг.
Сүүлийн өдрийн барилдааны дараа нулимс урсган дэвжээнээсээ буусан тэрбээр “Эргээд бодоход би сумогийн дэвжээнд 23 жил гаруй барилджээ. Энэ барилдаан хамгийн сүүлчийн, дэвжээн дээрээ дахиад хэзээ ч гарахгүй гэж бодохоор л биеэ барьж дийлэхгүй байсан. Бас үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дуу, түрлэг, нэрийг минь бичсэн самбар бариад уухайлж байгаа хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлсөн дөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Урлагийн авьяаслаг ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Энэ тухайгаа “Би Алтан гадас одонгоор шагнууллаа нөхдөө. Жирийн багш, эмч, ажилчин, малчин хүмүүсийн насаараа хөдөлмөрлөөд ч ихэнх нь авч чаддаггүй энэ том шагналаар өчүүхэн намайг шагнасан засаг төр дөө баярлалаа” хэмээсэн юм.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа