Comment.mn

БНХАУ-д уусах вий гэсэн айдас газар авч байна

 

БНХАУ-ын талаар юу гэж боддогийг нь монголчуудаас асуугаарай. Далай ламын 2002 онд Монголд хийсэн айлчлалын тухай та сонсож магадгүй. Түвдийн цөлөгдсөн шашны удирдагчийг хүлээн авсан хэмээн БНХАУ Монголыг буруушааж, бүр цаашлаад хоёр улсын хилийг хэдэн цаг хаасан билээ.
“Энэ бол шал утгагүй хэрэг байсан. Бүх бараа бүтээгдэхүүн хил дээр гацсан” гэж Монголын нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг бизнесийн зөвлөх Г.Батзул хэлэв.
БНХАУ-аас хойш оршдог Монгол Улс гуравхан сая хүн амтай бөгөөд тус улс эдийн засгийн хувьд БНХАУ-аас нэлээд хамааралтай. Монголын экспортын бараа бүтээгдэхүүний бараг 90 хувь БНХАУ руу гардаг. Үүний голлох хувийг зэс болон бусад ашигт малтмал эзэлдэг. Монголын аялал жуулчлалын салбарын өсөлтөд гол хувь нэмэр оруулагчид бол БНХАУ-ын жуулчид бөгөөд тэд Улаанбаатар хотын тансаг буудал, брэнд барааны дэлгүүрүүд, тэр дундаа “Louis Vuitton” дэлгүүрээр үйлчлүүлдэг.
Монголд ардчилал үүсч хөгжсөний 25 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч БНХАУ-д уусч, улс орных нь ирээдүй бүрхэг болох вий гэсэн айдас тус улсын ард иргэдийн дунд газар авсаар байна. БНХАУ Өвөр Монголыг өөртөө уусгасан шиг Монгол Улсыг мөн өөртөө уусган авч болзошгүй гэж монголчууд эмээж байна.
Түүхэн үйл явцад бий болсон үндэстэн угсаатны хурцадмал байдал БНХАУ-ын эсрэг хандлагыг дэвэргэсэн. 1920-иод оны үед ЗХУ-ын дагуул улс болохоос өмнө Монгол улс БНХАУ-ын Чин гүрний дарлалд байсан бөгөөд төрийн залгамж халаа богино настай байсан юм. БНХАУ Монголын дотоодын шийдвэрийг эсэргүүцэж, дээрэлхүү тактикийг ашиглаж байгаа нь монголчуудад өнгөрсөн үеийг санагдуулдаг. Далай ламыг Монголд айлчлах үеэр БНХАУ хилээ хаасан нь энэ тактикийн нэг жишээ юм.
БНХАУ-ын залуучууд Монголд ирж, охидыг нь аваад явах вий гэхээс монгол эрчүүд эмээж байна. Г.Батзул
Монгол болон БНХАУ хоорондын албан ёсны харилцаа өнгөрсөн хэдэн арван жилийнхийг бодвол дээрдсэн. Гэвч Монголын хувьд БНХАУ-ын эсрэг үзэл суртал хүчирхэг хэвээр байгааг Монголын уран зохиол, телевизийн шоу болон реп хөгжмийн урсгалаас харж болно гэж Британийн Колумбийн их сургуулийн Төв Азийн мэргэжилтэн хэлэв.
Монголын реппер “Gee” гэгч залуу БНХАУ-ын эсрэг үзэл сурталтай, улс үндэстэнийхээ төлөө босохыг иргэддээ уриалсан дуу дуулж, улсдаа ихээхэн нэрд гарсан.
Орчин цагийн Монголын хөгжмийн урлагт энэ мэтийн хандлага тэр болгон харагдахгүй ч гэсэн та үүнийг мэдрэх болно. Учир нь энэ хандлага олон нийтийн соёлоос харагдана гэж Монгол Улсын БХЯ-ны атташе байсан, одоо Британийн Колумбийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байгаа Ж.Мэндээ ярив.
АНУ-ын албаны хүний үзэж байгаагаар, Монгол Улс хэт хамаарлаас зайлсхийх болсноороо өөртөө багагүй боломжуудыг нээж чадсан. Тухайлбал, 2007 онд Монголын төмөр замын сүлжээ, боловсрол, эрүүл мэнд болон үйлчилгээг сайжруулах зорилгоор АНУ-ын Засгийн газар “Мянганы сорилтын сан”-гаар дамжуулан Монголд 285 сая долларын тусламж үзүүлсэн.
АНУ-ын зэвсэгт хүчнийхэн жил бүр цэргийн сургуулилт явуулж, Монголын цэргүүдийг бэлтгэдэг. Харин Монгол улс АНУ-ын үйл ажиллагааг дэмжиж, цөөн тооны цэргээ Ирак, Афганистан болон НҮБ, НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд илгээж хариу барьсан.
Гэвч иймэрхүү үйлдэл хийж байгаа хэдий ч БНХАУ болон ОХУ-тай зөрчилдөөн гарах вий гэхээс Монголын эрх баригчид цаагуураа болгоомжилж ирсэн. Учир нь Монгол Улс далайд гарцгүй бөгөөд зах зээл, нефть болон боомтод нэвтрэх эсэх нь дээрх хоёр улсаас хамааралтай юм.  Өнгөрсөн намар хэдэн долоо хоногийн зайтай хоёр томоохон айлчлалыг Монгол Улс зохион байгуулсан. Нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины, нөгөөх нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол дахь айлчлал байв.
Намайг монгол болохоор тэр үү хүн болгон чи морь унадаг уу гэж асуудаг. Би тэдэнд “Би хотынх болохоор морь унадаггүй” гэж хариулдаг. Э.Оюундарь
Дээрх хоёр томоохон айлчлал нь АНУ, Япон болон бусад оронтой нягт харилцаатай байх гэсэн гуравдагч хөршийн бодлогоосоо Монгол ухарч байна гэсэн таамаг дэгдээсэн билээ. Иймэрхүү айдас нь төөрөгдөл юм гэж шинжээчид үзэв. Хэрвээ Монгол БНХАУ-ын боомтуудыг ашиглаж, Монголын экспортод шинэ зах зээлийг бий болгохыг хүсч байвал тус улстай нягт харилцаатай байх ёстой гэж Улаанбаатар хот дахь Төв Азийн мэргэжилтэн Б.Гунгаа хэлэв.
Байгалийн нөөц баялаг ихтэй Монгол нэгэн цагт эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан. Монголын эдийн засаг 2011 онд 17.5 хувиар өссөн. Гэвч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурч, эрэлт буурснаар Монголын нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортын хэмжээ дагаад буурсан. Үүний зэрэгцээ уул уурхайн төсөл тэр дундаа хамгийн том “Оюутолгой” төсөлтэй холбоотой маргаан Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын дунд үүсч, улмаар гадаадын хөрөнгө оруулалт буурсан.
Монголчуудын хувьд энэ асар их нөөц баялаг нь хүнд хэцүү сонголт хийхэд хүргээд байгаа билээ. Монголын нүүдэлчин ард иргэд онгон байгаль, бэлчээрээ хамгаалж, сүйтгүүлэхгүй гэж тэмцэж байна. Монголын компаниуд хөрөнгө мөнгө, туршлага багатай ч гэсэн гадаадын уул уурхайн компанитай хамтран ажиллах хүсэлгүй гэсэн үндсэрхэг үзэл Монголын ард иргэдийн дунд байна.
Гадаадын уул уурхайн компани төслийг удирдвал Монголын Улсын авдарт хэдэн тэрбум доллар оруулах юм. Гэвч авлига газар авсан бөгөөд нөөц баялгаас орж ирсэн мөнгийг эрх баригчид шударгаар хуваарилна гэдэгт олон хүн эргэлзэж байгаа нь лавтай. 2014 оны байдлаар, Монголын хүн амын 30 орчим хувь нь ядуурлын босгоос доогуур орлоготой байсан. Тэд орлогын цорын ганц эх үүсвэр болох мал аж ахуйгаас хамааралтай байсан юм.
Монголын эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд хоёр хөршийн тусламж хэрэгтэй гэж Улаанбаатарын зарим мэргэжилтэн үзэж байна. Монгол өөрийн ашиг сонирхлоо тэнцвэржүүлэх хэрэгтэй ч бид ОХУ болон БНХАУ-тай харилцаагаа сулруулж байна гэж “Cover Mongolia” зөвлөгөө, дүн шинжилгээ хийдэг компанийн захирал Б.Мөнхдөл хэлэв.
Жил бүр хэдэн зуун монгол гадаадад суралцахаар явж байна. Зарим нь БНХАУ-д суралцахаар явдаг. Тэдний нэг бол Э.Оюундарь юм. Э.Оюундарь нь Шанхайн өмнөд хэсэгт оршдог Ханжоу хотын Жөжянгийн их сургуулийн хуулийн сургуульд магистарт сурдаг байна. Тэрбээр үргэлж хятад хэл болон БНХАУ-ын талаар судлахыг хүсдэг байсан бөгөөд ингэснээр нутагтаа буцан ирэхэд нь түүний хуулийн карьерт тус болох чадварыг эзэмшиж чадна гэж боджээ.
“Би БНХАУ-д ирэхээсээ өмнө тус улсын ард иргэдийн талаар сайн, муу бүхнийг л сонссон. Нэлээд хэдэн хятад найзтай болсон бөгөөд тэдний соёлтой хөл нийлүүлэн алхаж явна” гэж Э.Оюундарь ярив. Хятадуудын талаарх түүний хэвшмэл бодол хятад найзтай болоход нөлөөлж байсан хэдий ч тэрбээр хятад найзтай болж, соёлд нь дассан зохицсон байна.
“Намайг Монгол болохоор хүмүүс морь унадаг уу гэж асуудаг. Би морь унадаггүй, учир нь би хотынх” гэж хариулдаг гэж зуны амралтаа нутагтаа өнгөрөөж буй тэрбээр ярилаа.
Төв азийн шинжээч Ж.Мэндээ, “БНХАУ-ын эсрэг үзэл суртал өнгөрсөн үед хоцорсон. Энэ үзэл суртлын зарим нь коммунист эрин үе буюу Хятадын эсрэг суртал ухуулгыг монголчуудын тархинд суулгасан ЗХУ-ын үеэс үүдэлтэй. Учир нь 1960-аад оны үед Бээжин-Москвагийн харилцаа муудаж эхэлсэн юм” гэж өгүүлэв.
Улаанбаатар хотод одоо ч монгол цусыг цэвэр байлгах гэсэн нийгмийн хэм хэмжээ, үндсэрхэг үзэл хүчтэй хэвээр байна. Гадаад залуутай, тэр дундаа хятад залуутай яваа эмэгтэйчүүдийг монгол залуучууд сайнаар хүлээн авдаггүй.
Хятад залуучууд монгол эмэгтэйчүүдийг аваад явах вий гэхээс монгол залуучууд их айдаг. Энэ айдас хэдэн жилийн өмнөөс буюу Монголын дуучин бүсгүй Сэрчмаа хятад хүнтэй сууснаас хойш газар авч эхэлсэн гэж Улаанбаатар хот дахь үл хөдлөх хөрөнгийн компанийн ажилтан хэлэв.
Мэдээж хэрэг Юань гүрний /1271-1368/ үед Хятадыг эзлэн, түрэмгийлж байсан Чингис, Хубилай хааныг дээдлэн хүндэтгэдэг Монгол Улсад БНХАУ өс санаж явдаг байх. Энэ юунаас харагдсан бэ гэвэл, Их Британи болон Өмнөд Африкийн 20 жуулчныг терроризм болон шашны хэт давруу үзлийг сурталчилсан хэргээр БНХАУ-ын цагдаа нар Өвөр Монголд баривчилж, улсаасаа албадан гаргасан билээ. Буудлын өрөөнд үзэж байсан дүрс бичлэгийн улмаас үл ойлголцол үүсч, энэ хэрэг болсон гэж жуулчдыг ахалж явсан хүн дараа нь мэдэгдсэн. Тэр нь ямар дүрс бичлэг байв? “ВВС” телевизийн гаргасан Чингис хааны тухай баримтат кино байсан юм гэж “McClatchy” сонины Бээжин дэх салбарын дарга Стюарт Ливенворс бичжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: http://www.montsame.gov.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.