Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн анхдугаар тэмцээн БНСУ-ын Чан Неон хотноо долдугаар сарын 22-26-нд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд БНСУ, БНХАУ, Японы тус бүр хоёр, Монгол, Филлипиний нийт 5 улсын 8 багийн 77 дугуйчид үндсэн 3 зайд уралдлаа.
Манай улсаас Монгол улсын Гавьяат тамирчин Ж.Өлзий-орших дасгалжуулагчтай, 6 тамирчины бүрэлдэхүүнтэй оюутны дугуйн шигшээ багийн тамирчид Монголын оюутны спортын холбооны нэр дээр уг тэмцээний замд уралдсан юм. Тэмцээний анхны өдрөөс эхлэн Монголын дугуйчид тэмцээнийг хошуучлаж эхэлсэн байна.
Тэмцээний эхний өдөр болсон “Критериум” 30 км уралдаанд 1 дүгээр байрыг БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчин Мин Кеонг Миао 33’43″86 цагийн үзүүлэлтээр тэргүүн байр эзлэн алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрыг Япон улсын Канояа багийн тамирчин Куроеда Саяа (33’44″98), Монголын тамирчин Б.Марал-Эрдэнэ нар удаалав. Энэ зайд уралдсан Б.Марал-Эрдэнийн хувьд хоёрдугаар байрт орсон Японы тамирчинтай адил 33’44″98 цагийн үзүүлэлтээр зэрэг барианд орсон боловч шүүгчдийн саналаар манай тамирчин хүрэл медалийн эзэн болсон юм.
Цуваа гараатай 8,3 км уралдаанд Монголын тамирчин ОУХМ А.Алтансүх 09’16″41 цагийн үзүүлэлтээр алтан медаль хүртэн дугуйн төрлөөр Монгол улсаас анхны Азийн оюутны аварга тамирчин боллоо. Удаах байруудад БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчин Мин Кеонг Миао (09’17″50 цаг), Б.Марал-Эрдэнэ (09’36″72) нар орсон юм.
Цуваа гараатай уралдааны багийн дүнг гаргахад Монголын багийн 6 тамирчны дүн хамгийн өндөр оноотой гарч алтан медаль хүртлээ.
Тэмцээний сүүлийн өдөр болсон бөөн гараатай 116 км зайн уралдаанд БНСУ-ын шилдэг тамирчин Мин Кеонг Миао нь 2 цаг 40’21″10 амжилтаар тэргүүн байрыг эзлэв.
Энэ зайд Монголын тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд болж манай талын давамгайлаар тэмцээн өндөрлөв. Монголын багийн Э.Мөнхтулга 2 цаг 40’30″75 амжилтаар дэд байрт, А.Алтансүх нь 2:40’32″35 цагаар гуравдугаар байрт шалгарчээ. Бөөн гараатай уралдааны багийн дүнг гаргахад Монголын багийн 6-н тамирчид бүгд алтан медалийн шагналын тавцанд гарсан.
Ийнхүү БНСУ-д анх удаагаа зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн тэмцээнд Монголын баг 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийтдээ 7 медаль хүртэн нэгдсэн дүнгээр тэргүүлэн цом гардан авч, сайхан амжилт гаргаж оролцлоо гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.