Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баярын хүрээнд аймгийн бөхийн өргөөний гадна Монголын бөхийн хөшөөт цогцолборын нээлт боллоо. Монгол Улсын дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргын хөшөөний нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд дархан аварга Х.Баянмөнхийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, Хууль зүйн сайд, Увс нуур бөхийн галын тэргүүн Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцлоо.
Дархан аварга Х.Баянмөнх “Энэ хөшөөт цогцолбор бол Монголын ард түмэн та бүхний буян хишгийг шингээсэн зүйл. Энэ бол зөвхөн Баянмөнхийн хөшөө биш. Олон зууныг элээхдээ миний Монголын ард түмний дотоод сэтгэлдээ цогцлоон босгосон баримал. Амьд байхад минь хөшөө дурсгалыг минь босгож үзүүлсэн сайхан сэтгэлт ард түмэндээ баярлаж байна.
Дэлхийн спортын түүхэнд анх удаа иж бүрэн ийм хөшөөт цогцолбор байгуулагдаж байгаа байх” гэв. Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Сар гаруйн өмнө энэ хөшөөг хийх талаар ярилцаж цаасан дээр л бичигдсэн байснаас хөрөнгө мөнгө, хөшөө барималаа хэрхэн хийх гээд бүх зүйл тодорхойгүй байлаа. Хөшөөг хийх талаар санал хуваагдан хэлэлцэж байсан бол өнөөдөр энэ бид бүхэн нээлтээ хийж байна. Намайг дөнгөж ирэхэд суурийг ажлыг эхэлж байсан бол гуравхан хоногийн дотор тохижилтын ажлыг дуусгаж хөшөөгөө босгоод байна. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэхэд сэтгэл зүрхээ зориулан ажилласан хүн бүхэнд талархснаа илэрхийлж сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе” гэв.
Хөшөөг урласан Б.Говьсайхан “Монголын түүхэн аваргын хөшөөг урлаж бүтээх урилгыг хүлээж авахдаа маш их баярласан.Монголдоо төдийгүй дэлхийд нэр алдраа дуурсгасан алдартанг хэрхэн дүрсэлж гол нь юугаар товойлгож гаргаж вэ гэдэгт анхаарлаа хандуулж санал бодлоо хуваалцсан. Дэлхийн их спортын түүхэнд түүний амжилт шуурга шиг дэгдэж мандан мандарсныг дүрсэлж арслан, заан, гарьдыг араасаа буйг билэгдсэн юм.
Гарьд Б.Гантогтох “Увс нутгийн ард түмэн аавын минь хөшөө дурсгалыг босгож хойч үедээ ийм сайхан өв болгон үлдээж байгаад баяртай байна. Аавын хөшөө дурсгалыг одоогийн дүр төрхөөр нь Монгол дээлтэйгээр хийх санаа гаргасан. Аавын минь 50 жилийн ойгоор дэвж байгаа нэг их гоё зураг байдаг. Миний хувьд тэр яг тэр зурагт байгаа залуугийн дүр төрхөөр дэлхийн бөмбөрцөг дээр зогсч байгаагаар хийхээр хэлсэн. Яг л санаагаар минь урлаж өгсөн болохоор бас баяртай байна” гэв.
Дархан аварга А.Сүхбат “Маш сайхан үйл явдал болж байна. Монголын алдартай бөх тэр тусмаа миний багшийн хөдөлмөр алдрыг хойч үедээ мөнхжүүлж дурсгалын цогцолборыг барьж байгаад баяртай байна. Хүний хийж бүтээсэн зүйл мөнх үлддэгийн тод жишээ. Багшийн минь хөшөө боссоноор Монгол эрсийн хийморь бослоо гэж хэлэхийг хүсч байна.
Монгол Улс төдийгүй тухайн үеийн ЗХУ-ын гавьяат тамирчин болно гэдэг хэн хүн болгонд олдоод байх завшаан биш. Спортын хүний хувьд дэлхийн олон оронд очихдоо ийм сайхан сүрлэг хөшөө үзсэнгүй. Увс нутгийн ахан дүүс та бүхэн минь сэтгэл зүрх хичээл зүтгэл гаргаж багшийг минь алдаршуулсанд баярлаж байгаагаа хэлье. Алтайн их уулсын дундаас, Хархираа түргэний уулсын өвөр бэлээс мэндчилж Монголын ард түмэндээ аз жаргалын дээдийг хүсье” гэв.