Comment.mn

Газар дор булагдсан байсан цэрэг байлдааны тэсрэх бодис ил гарч ирэх болжээ


  Наадмын өдөр нэлээд олон осол аваар, хүний амь эрсэдсэн хэргүүд гарлаа. Үүний дотор тэр бүр сонсогдоод байдаггүй тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэх хэрэг олныг цочроосон юм.

Тодруулбал, наадмын өдөр буюу энэ сарын 11-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт сойлт цэнэгтэй тэсрэх бөмбөгийг иргэд олжээ. Гэвч тэд хууль хүчний байгууллагыг дуудаж шалгуулахаасаа урьтаж мэдэн оролдож, өшиглөснөөс дэлбэрч 1 хүн нас барж, 3 хүн гэмтсэн байна.
Өдгөө бэртсэн хүмүүсийн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг  Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Тэсрэх бөмбөг хаанаас гарч ирсэн, хэн хаясан зэрэг асуудлыг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Дээрх хэрэг иргэдэд том сургамж болсон гэхэд хэлсдэхгүй. Хөдөө хээр хаана ч явж байсан байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис байвал аюултай, аюулгүй аль нь ч байсан эхний ээлжинд холбогдох газруудад мэдэгдэх зайлшгүй шаардлагатай юм. Хэрэв өөрсдөө дур мэдэн оролдож хөдөлгөх юм бол ямар ч эрсдлийг дагуулж болохыг иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.

 

Мөн эл хэрэг гараад удаагүй байхад буюу хэдхэн хоногийн өмнө дахин тэсрэх бөмбөг олдсон хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо “5-н хошуу Уул”-ын бэлд байлдааны зориулалттай хуучирч зэвэрсэн, лац, сойгч төмөртэй “F-1” загварын гар бөмбөг олдсон байна. Уг гар бөмбөгийг цагдаагийн байгууллагын зүгээс Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай бүлэгт хүлээлгэн өгч аюулгүй болгосон байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Өнгөрсөн удаад мөн Чингэлтэй дүүргийн нэгэн айлын хашаанаас тэсрэх бөмбөг олдсон. Ингэхдээ айлын эзэн нь өөрийн биеэр уг тэсрэх бөмбөгийг цагдаагийн байгууллагад авчирж өгсөн байдаг. Энэ нь өөрийн болон бусдын биед маш аюултай зүйл юм. Тэгэхээр иргэд ийм төрлийн зэвсэгтэй таарсан тохиолдолд гар хүрч, хөдөлгөхгүй цагдаа болоод онцгойгийн алба хаагчдыг дуудах шаардлагатай юм.
Газар дор булагдсан байсан цэрэг байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг сүүлийн үед үер, ус зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөтэйгээр болон янз бүрийн байдлаар илрэх тохиолдол гарах болжээ.  Иймд тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг, хэрэгсэл болон түүнтэй төстэй биет эд зүйл олдсон тохиолдолд ойртож, оролдохгүйгээр Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.

Д.Дуулим

Эх сурвалж: www.24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.