Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байр буюу Ачлал их дэлгүүрийн ард байрлах энэ орон сууц нурах аюултай байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нийгэмд шуугиан тарьсан.
Тус байранд амьдардаг 49 өрхийн 244 иргэнийг Засгийн газрын 2011 оны 340 дугаар тогтоолын дагуу нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, 6 зочид буудалд нийт 178 иргэнийг байрлуулсан билээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн.
Тухайн үедээ нийгэмд 16-р байрыг нурах аюултай, хэзээ мөдгүй нурна гэж дуулиан дэгдээж олон хүнийг цочирдуулсан. Тэгвэл өдгөө өнөөх байр нураагүй л байна. Дээрх шуугианаас болж зах зээл дээрх үнэ нь навс унаж байраа зарах гэж байсан оршин суугчид хохирч үлдэж буйгаа хүртэл дуулгасан.
Анх тус байрыг ийм байдалд “Би Жи Би Жи” ХХК оруулсан гэж үзэж байсан юм. Учир нь 16-р байрны зоорийн 2 давхар, 18 давхар орон сууц барих зөвшөөрөл авсан бөгөөд уг ажлыг эхлүүлэхээр газар ухсан нь хэрэг явдал эхэлсэн юм.
“Би Жи Би Жи” ХХК-ийн менежер н.Ганбат үүссэн нөхцөл байдалд тус компанийн зүгээс хариуцлага хүлээж, холбогдох бүх зардлыг гаргана гэдгээ мэдэгдсэн. Мөн хотын дарга Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэж байсан ч өнөөдрийг хүртэл хариуцах эзэнгүй явж байна.
Ийнхүү “Би Жи Би Жи” ХХК-ны буруутай үйлдлээс болж хазайлт өгч юу юугүй л нурлаа гэж байсан ч мэргэжлийнхний дүгнэлтээр 4 см-ийн хазайлт л өгсөн гэж мэргэжилтнүүдийн дүгнэлт гарч орхих нь тэр. Гэтэл бүх зардал мөнгийг даана гэж мэдэгдсэн “Би Жи Би Жи” ХХК одоо манай буруу биш. Бид ямар ч мөнгө гаргахгүй гэж гүрийж байгаа гэнэ. Үүгээр ч зогсохгүй өөрсдөдөө учирсан хохирлоо нэхэмжилж байгаа юм байх.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn