Comment.mn

С.Баяр, Ц.Мөнх-Оргилын зургийг шатаасан хөдөлгөөнчдийн өчлөөс


Сүүлийн үед нийгмийн бухимдал нэмэгдэж, янз бүрийн эсэргүүцэл өрнөн гарах боллоо. Саяхан иргэний хөдөлгөөдийнхөн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын дүрсийг шатаажээ. Тэдэнтэй ярилцлаа.
-Та нар өмнө нь Ч.Сайханбилэгийн дүрсийг шатааж дуулиан дэгдээж байсан байх аа? 
-6-р сарын 10-ны өдөр бид Ноён уулыг аврах сэдвээр хэвлэлийн хурал хийсэн. Дараа нь Их Тэнгэрийн аманд очиж шатаасан. Ингэж шатаана гэдгээ 5-р сарын 27-ны “Урвагч Ч.Сайханбилэгийг огцруулаад зогсохгүй, гэсгээн цээрлүүлье!” сэдвээр хийсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн байсан. Иргэний нийгмийн байгууллагын (ИНБ) журмын нөхөд бид Монгол улсыг мохол мөхлийн замд оруулж буй ЕС Ч.Сайханбилэгийн үлэмжийн их гай барцад эх орноос минь арилан тонилоосой гэж ёс үйлдсэн. Хайрт Монголоо гэсэн сэтгэлгүй, харь эздээ гэсэн зүтгэлтэй энэ хүний дүрсийг шатаан, золигт гаргасан. Монгол улсын үндэстний оршихуй, язгуур эрх ашгийг бусниулан сүйтгэж буй ийм ЕС-ыг хүлцэхгүй гэсэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Олон хууль зөрчсөн, үл бүтэх ЕС-ад бэлгэдлийн шийтгэл оногдуулж, гүйцэтгэсэн.
Хүзүүнд нь үйлдсэн хэргүүдээс нь дурдсан пайз өлгөж, хажууд нь “Эрх дархдаа эрдэж засаг хууль зөрчвөөс, эрхийг эвдэн ял асууж цаазын дээдийг хэрэглэ!” гэсэн Чингис хааны үгийг барьж зогссон.
-ЕС Ч.Сайханбилэг чухам ямар хэргүүд тарьчихсан юм бэ? 
-2014 оны 10-р сарын 20-нд ИНБ-ууд Шинэчлэлийн ЗГ-ыг огцрохыг шаардан хэвлэлийн хурал хийхдээ Н.Алтанхуягийн баруун гар болох, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг мөн л огцрохыг шаардаж байсан. 1919 оны Шанзав Бадамдоржийн ЗГ-тай дүйцэхүйц муу ЗГ гэгдсэн Н.Алтанхуягийн ЗГ-ын муу муухай бүхнийг Ч.Сайханбилэг хийлцсэн. Өөрөө Хятадын Зи-Ти-И компанитай сүлбээцэлдсэн, дархан цаазтай газруудыг уул уурхайн эргэлтэд оруулах гэсэн, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан гээд олон асуудалд холбогдож байсан. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягтай гар нийлэн Монголыг эдийн засгийн хувьд хариас нэн хараат болгох, хуулиудыг үндэсний эрх ашигт харшаар өөрчлүүлэх, ураны хөнөөлийг гааруулах, их өр тавих, нарийн царигтай төмөр замыг зүтгүүлэх, Чайна Банкийг сөрөг үр дагавартайгаар оруулж ирэх, үндэсний валютыг хөнөөх своп хэлцэл байгуулах гээд олон хэрэг тарьж байсан.
Тиймээс иргэний нийгмүүд бид 2014 оны 12-р сарын 8-нд Ч.Сайханбилэгийн ЗГ байгуулагдах гэж буйг эсэргүүцэн, хэвлэлийн хурлаар мэдэгдэж байв. Тэр үед нам дамнасан, албан тушаалын булай наймаа, хуйвалдаан ЗГ-тай холбоотойгоор өрнөж байсан.
2015 оны 1-р сарын 17-нд ИНБ-ууд Ч.Сайханбилэгийн ЗГ-ыг огцор хэмээн шаардаж хэвлэлийн хурал хийсэн. Учир нь, Ч.Сайханбилэг Монголын ард түмнийг “Дэлхийн дайны үе шиг хандивлаж, бүсээ чангалж амьдар” гэж шаардаж, “Монгол улс удахгүй дампуурна, ямар ч хөрөнгө мөнгө байхгүй, нэг ч барилга эхлүүлэхгүй, нэг ч юм хийхгүй, гагцхүү Оюутолгой, Тавантолгой, Ноён уулыг харьд өгнө” л гэж мэдэгдэх болсон.
Тэр нь ч биелж байна. Монголын ард түмний амьдрал улам доройтож, дэлхийн II дайны үеийнх шиг нөхцөл байдалд улам улам ойртож байна. Монгол улс дампууралд тулж, үүний улмаас Стендбай гэх сөрөг үр дагавартай, онцгой зээлийг авах гэж байна. ЗГ ард түмэнд хэрэгтэй нэг ч юм хийсэнгүй.
Гаргасан алтыг нь худалдаж авах л болзолтойгоор Ноён уулыг харьд өгөх асуудал бараг шийдэгдсэн.
Гадны талын өрийг Монголын баялгаар барьцаалж дарах, Монголд төлөх өр төлбөрийг нь хүчингүй болгох, 2048 он хүртэл татвар авахгүй, Монголын талаас хянах, үг хэлэх эрхгүй болох зэргийг тусгасан, Оюутолгойг харьд бүрэн бэлэглэх Дубайн нууц гэрээг байгууллаа. Тавантолгойг Оюутолгойгоос ч дор байдалтайгаар яаравчлан шийдвэрлэх гэж байна. Сайханбилэгийн ЗГ Монгол улсын газар нутгийг чөлөөтэй хувьчилж, зарж наймаалж, харийнханд эзэмшүүлж бэлэглэж болох Газрын хуулийг зүтгүүлэн улайрч байна. Газар тариалангийн салбарыг бүрэн унагасан, түймрийг гааруулсан. Ураны олборлолыг өргөн хэмжээтэйгээр эхлүүлж, аймшигт хөнөөлийг нь олон дахин нэмэгдүүлэх гэж байна.
“Ард түмэн шийдчихсэн” гэж, хуурамч санал асуулга гээчээрээ түрээ барин дураар дургидаг. Ард түмнийг яаж л бол яаж, олон дахин эрээ цээргүйгээр хуурч мэхэлж, доромжилж ирсэн. Ард түмний эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эсэргүүцэж, хуурамч харгис байгууллага байгуулан өөдөөс нь сөргүүлж тавих гэдэг. Тоочивч баршгүй олон хэргийг богино хугацаанд үйлдчихээд, “Миний зургийг өшиглөв” гэж гомдол мэдүүлнэ гэвэл инээдэм байлгүй.
-Тэр бөлдөгдсөн асуудлыг ч олон хүн таагүй хүлээж авсан даа… 
-Зургийг бид нааш цааш авч явахад хүмүүс алгадах, шанаадах, өшиглөх дүр үзүүлж, буруутгал зэмлэл, хараал зүхэл хэлж байсан. Украинд люстраци гэсэн нэрийн дор үл бүтэх дарга нарыг хогийн саванд хийх болсон. Бид ийм юм хийе гэж ярьж байснаа эхлүүлж, зургийг хогийн саванд хийсэн байгаа. Цаашдаа хогийн саванд болдоггүй улсыг хийнэ.
Хохирогчдын холбооны Х.Оюунцэцэгийн өшиглөж буй зургийг фейсбүкэд тавьснаа, удалгүй буцааж авсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн М.Зоригт идэвхийлэн тараачихсан. Ер нь энэ гишүүн зураг авах тараах, фейсбүкдэж твиттердэх, идсэн ууснаа сурталчлах, нүцгэн шалдан дүрс түгээх зэрэг үндсэн ажилтай юм уу гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. Тиймдээ ч УИХ-д дахин дэвшихгүй гэж байгаа биз дээ.
Зураг шатаасан 6-р сарын 10-ны өдөр дайралт бараг байгаагүй. Учир нь ЗГ зохион байгуулалттай дайралтыг тэр өдөр найруулж байсан биз гэж бодогдож байна. Маргааш нь буюу 11-ний өдөр л галзуурсан дайралт эхэлсэн дээ. Ер нь иймэрхүү ажилд Ч.Сайханбилэг мэргэшсэн хүн. ЗГ-ын нөлөөлөлтэй хэвлэлүүдэд нэг шаблон тараасан шиг. Ав адилхан зүйлс бичсэн байсан. “Ийм муу муухай юм боллоо, ард түмэн жигшин зэвүүцэж, шийтгэхийг шаардаж байна, цагдаагаас асуухад “тийм тийм зүйл ангиар тэгж шйтгэнэ, ЕС гомдол гаргавал бид шалгана” гэлээ…” гээд л ав адилхан зүйлс нийтэлцгээсэн. Маш их дайрч давшсан.
2006 онд МАХН засгийн эрх барьж байхад хөдөлгөөд Төрийн ордны дэргэд Энхбаяр, Энхсайхан, Энхболдын чихмэлийг шатаасан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Фридман, түүний хамсаатнуудын дүрсийг нөхдийн хамт хэд хэдэн удаа шатаасан. Өөр ч шатаасан тохиолдлууд бий. Өнөөдөр яагаад ингэж их сүйд болов? Жилээс жилд ямар ч ардчилалгүй, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхгүй, харгис дарангуй бурангүй нийгэм болж байна. Ялангуяа Ч.Сайханбилэгийн зургийг шатааж болдоггүй юм байна, тэр хүн мянга түмэн бууны ноходтой юм байна.
Одоо чинь заавал харгис дэглэмээ магтаж байж, шударга хүмүүсийг хараан зүхэж, ард түмний дайсан мэтээр гүтгэж доромжилж байж л ажил хийдэг болчихож, энэ бол Соёлын хувьсгал, энэ бол Ким Чен Ун.
“Гал түлэх, юм арчих боох, хүндрэхдээ болгоомжтой байгаарай, улаан хамгаалагч хунвэйбинүүд харж байгаа шүү” гэмээр байна.
-Та нарыг “шашны зан үйлийг алдаатай хийсэн” гэж их шүүмжилсэн дээ… 
-Нэг ТВ зураг шатаасан хэрэг явдлын талаар, их хүч хөрөнгө зарж байж, шуурхайлан тусгай нэвтрүүлэг бэлтгэж дахин дахин цацсан. Тэгэхдээ лам, бөө нарыг нэвтрүүлэгт оролцож, биднийг буруутгуулах гэсэн байгаа юм, тэд нь ч оролцоогүй. Гэтэл нэгэн мэргэжлийн байгууллагын ерөнхийлөгчийг авчирч, лам бөөгийн өмнөөс яриулсан. Нөгөөдөх нь, лам бөөтэй холбоогүй тодорхой мэргэжлийн байгууллагын тэргүүн байж, өөрөө бусдадаа буруу үлгэр үзүүлээд хар пиар хийгээд явж байдаг, юу вэ? Тэгээд зогсолгүй буруутган бичээд олон хэвлэлд тавиулсан. Ингэж л мэргэжлийн байгууллагыг бүхэлд нь хөдөлгөсөн шүү дээ. Тэргүүн нь “шог гараа” гэж хөдөлгөөнийхнийг бичсэн байсан, харин өөрөө?
“Шийтгэ, хариуцлага хүлээлгэ гэсэн ард түмний үй түмэн хүсэлт ирж байна, тэдний хүсэлтийг биелүүл”, “Бат инженер ял авч байсан, эдэнд ял өг, эд Батаас илүү хэрэг үйлдсэн” гэж улайран дайрах нь хэвлэл мэдээллийнхний ажил, ёс зүй мөн үү? УИХ-ын гишүүн Оюунгэрэлийнх гэж ойлгогддог сайтыг онцгойлон дурдмаар. Дор нь бичигдсэн комментууд гэж “эмэгтэй хүнийг арай ч ингэж доромжлох гэж дээ!” гэж цочирдмоор байсан. Тэр комментуудыг устгахгүй байхыг бодоход өөрсдийнх нь бичсэн зүйлс бололтой. “Оюунгэрэл, Сайханбилэг хоёр адилхан л Ц.Элбэгдоржийн хүмүүс, Сайханбилэгийгээ өмөөрөөд Оюунгэрэл нь ингээд биччихсэн юм биш биз дээ” гэсэн хардлага төрж байгаа. Цаашид бид элдэв нийтлэл нэвтрүүлэг, сэтгэгдэл, жиргээ зэргээр дайрч доромжлохыг хүлцэхгүй, зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлж байна, энэ талаараа ч 6-р сарын 17-нд хэвлэлийн хурлаар мэдэгдсэн.
Арабад нэг нөхөр эсэргүүцлээ илэрхийлэн гутлаа шидэхэд ард олон нь талархан хүлээж авч, гутал нь дуудлага худалдаанд орж өндөр үнэд хүрэн шүтэгдэж байсан. Тэгвэл Х.Оюунцэцэгийн Ч.Сайханбилэгийн зургийг өшиглөсөн гутлыг мөн дуудлага худалдаанд оруулъя гэж бодож байгаа (инээв).
-Саяхан та нар С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын зургийг шатаасан нь дуулиангүй өнгөрлөө, энэ талаар? 
-Бид сүр дуулианыг хүсээгүй, харин аль болох олон хүн үнэнийг мэдээсэй, сэрээсэй л гэж хүсдэг. 7-р сарын 1-ний тэр өдөр хэвлэлийнхэн мэдээлээгүй бойкотлосон, мөн С.Жавхлангийн үс хусах ёслол давхацсан тал бий.
7-р сарын 1-ний эмгэнэлт явдал Монголын ард түмний сэтгэл санаанд илхэн байна. Сонгуулийн будлиан булхайг эсэргүүцсэн иргэдийг нухчин дарсан, турхирч өдөөсөн, хэлмэгдүүлэн хохироосон нь ардчилсан гэгдэх өнөөгийн Монголын түүхэнд хар толбо болон үлдэж, Монголын Тяньаньмэнь ч гэж харагдсан билээ. Монголын ардчилал гэх ойлголт бодит байдал дээр огт байдаггүйг энэ аймшигт үйл явдал харуулсан.
Гэм зэмгүй дөрвөн залуу бууны суманд өртөж, гавлуулсан нэг жагсагч угаартан амь насаа алдсан. Дор хаяж 9 хүн буудуулсан. 358 цагдаа гэмтэж, 63 нь эмнэлэгт хэвтэж, 532 цагдаа халдлагад өртсөн бол, гэмтсэн бэртсэн эгэл иргэдийн талаарх судалгаа үгүй. 800 гаруй хүнийг баривчилж, туйлын хүнд нөхцөлд хорьж, зодож занчсан. 260 гаруй хүнийг хоморголон яллаж хэлмэгдүүлсэн. Энэ бүхэн нь Монголд дүр эсгэсэн ардчилал, үнэн хэрэгтээ харгис тоталитар дэглэм ноёрхож байгааг харуулсан.
7-р сарын 1 өнөөдөр ч үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл харгислал, хэлмэгдүүлэлт ард иргэдийн эсрэг бодлого үргэлжилсээр.
Учир иймд зорилго нэгтэй, ИНБ-ууд бид төр засагт хандан:
• 7-р сарын 1-ний гэм буруутан улс төрчид, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. МАХН-ын дарга асан С.Баяр, Онц байдлын комиссын дарга асан Ц.Мөнх-Оргил нарыг юуны өмнө онцлон дурдмаар байна.
• 7-р сарын 1-ний үйл явдлаас болж хэлмэгдэн ял сонссон хүмүүсийг бүрэн цагаатгаж, хохирлыг нь барагдуулахыг шаардаж байна.
• 7-р сарын 1-ний хохирогчдын хөшөөг барьж босгох ажлыг даруй эхлүүлэн гүйцэлдүүлэхийг шаардаж байна.
• 7-р сарын 1-ний үйл явдалтай холбогдох ноцтой баримтуудыг ил болгож, үнэн мөнийг ард түмний хүртээл болгохыг шаардаж байна.
• 7-р сарын 1-ний эмгэнэлийг цаашид давтагдуулахгүйн тулд шударга сонгууль явуулах нөхцөлийг эртнээс бүрдүүлэн, сонгуулийн хуулийг зөв зүйтэй боловсруулан ажиллахыг шаардаж байна.
Тийм болохоор, эсэргүүцлийн тэмдэг болгож, С.Баяр, С.Мөнх-Оргилын зургийг дүүжилж шатаасан. 7-р сарын 1-ний олон буруутан бий. Бүгдэнг нь шатаая гэхээр хөрөнгө хүчний бололцоо хүрэхгүй юм. Хамгийн том гэмтнүүд нь С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёр.
Түүх жаахан сөхвөөс, Шударга ёс, эрүүл нийгэм, хөгжил цэцэглэлийг хүсэж мөрөөдсөн ард түмний 1990 оны хувьсгалыг хулгайч нар хулгайлж, хулгайчийн нийгэм буюу клептократияг байгуулсан. Өнөөдөр энэ нь даамжраад клептомания буюу хулгайг шүтэх өвчин өргөн дэлгэрэхэд хүргээд байгаа.
2008 оны 7-р сарын 1-нд хувьсгал болсон. Мөн л сайн сайхныг хүссэн ард иргэдийн хувьсгал хэдэн өдөр үргэлжилсэн байгаа. Үүнийг АН зэрэг улс төрийн хүчнүүд зорилгодоо ашиглахыг оролдсон. Гэхдээ ард түмэн АН-ыг гаргачихъя, МАН-ыг устгачихъя гэж босоогүй юм шүү. Энэ хувьсгалыг том намууд буюу үндсэндээ нэг л нам, хожмын МАНАН нухчин дарсан. Энэ бол монгол Тяньаньмэнь байсан.
Ингэснээр, Монголын нийгэм нь хулгайч маягийн төдийгүй, хятад маягийн, Хятадын коммунист намын маягийн нийгэм болсон нь тодхон харагдсан даа. Гэхдээ Хятадын нийгмийн сайн нь манай нийгэмд нэвтрээгүй, зөвхөн муу нь нэвтэрч ирсэн. Ёстой нөгөө “Муухай хятад хүн” гэгчээр нийгэм, тэрнээс ч дор нийгэм болсон.
1990 оны хувьсгал хулгайлагдсан, 2008 оны хувьсгал нухчин дарагдсан. Ард түмэнд урьдын адил, сайн сайхан, ардчилал шинэчлэл, эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний сэргээн мандал, хөгжил дэвшлийг авчрах жинхэнэ хувьсгал л хэрэгтэй байна. Зөв шударга хувьсгал л ард түмнийг аварна. Ард түмэн энийг л хийх хэрэгтэй.
Бид зөвхөн ард түмнийг сэрээх ажил л хийж байгаа. Ард түмэн л өөрийгөө аварна. Түүнээс биш хэдэн хүн авраад, удирдан жолоодоод, хамаг юмыг нь хийгээд явдаг юм биш.
Ярилцсан П.Тулга

Эх сурвалж: www.”Далд Амьдрал” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.