Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн үг тогтоол зарлиг биш учраас АН-ынхан ардчилсан Ерөнхийлөгчийнхөө үгийг дагах эсэх нь эргэлзээтэй. Учир нь намын дарга З.Энхболд тухайн үед “Хамтарсан гэрээг дүгнэх асуудлыг бол дахиж хийж болно. Манай нам Засгийн газрыг огцруулахгүй гэдэг Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Харин сайд нарыг солих асуудал бол хууль зөрчихгүй” хэмээн намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Энэ нь цаагуураа МАН-ыг засгаас заавал гаргана гэсэн санаагаа илэрхийлээд амжсан гэсэн үг юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эхний ээлжинд парламентад суудалтай бүх намууд учраа олох хэрэгтэй. Үүний дараа би эрх үүргийнхээ хүрээнд ажлаа хийнэ. Зургаан сайдыг огцруулах асуудлыг би УИХ-д оруулахгүй” гээд хоёр намын дарга нарыг ойлголцолд хүрэхийг хүссэн. Үндсэндээ тэрбээр өөрийн танхимаас хүн гаргахгүй гэсэн саналаа хэлсэн юм. Энэ нь ч аргагүй. Ч.Сайханбилэгийн тухайд засагт хамтрах саналыг МАН-д тавьж, урьж ирүүлсэн. Тиймдээ ч МАН-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нар манай намын бүлэг дээр өнгөрсөн оны 11 дүгээр сард орж ирээд долоон цагийн турш ярьсан. Сайхан зүйл зөндөө л ярьсан. Манай хүмүүсийг авч явснаараа Ерөнхий сайд өөрөө УИХ-д зургаан сайдын асуудлыг оруулж ирээрэй” гэсэн нь үнэний ортой.
Тэгвэл одоо Засгийн газраа авч үлдэх үү, үгүй юу гэдэг нь АН-ын шийдэх асуудал болчихоод байна. Өөрөөр хэлбэл З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын хэн нь ялахаа үзэх “тулаан” гэсэн үг. АН-д “Алтангадас” урьдын адил нөлөөтэй байсан бол Ч.Сайханбилэгийн суудал ганхахгүй. Гэтэл “Алтангадас”-ыг унагах гэсэн зөрчил АН-ын фракциуд дунд хэдийнэ хүчээ авчихсан тохиолдолд энэ боломжгүй зүйл. Тэгэхээр АН-д “Шонхор”-уудын эрин үе эхлээд байгаа гэж яригдаж буй учир “Шонхор”-ын болон АН-ын дарга З.Энхболд “тулаан”-д ялж тугаа мандуулах төлөвтэй. З.Энхболд дарга аа, уг нь фракцийн биш улс орны эрх ашгаа бодвол засгаа унагаах хэрэггүй л баймаарсан даа.
Эх сурвалж: www.info.mn