АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдан МАН-ыг засгаас гаргахаар болсон. Шийдлийн засгийн газарт найман сар хамтарсан МАН-ын зургаан сайд бол:
1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар нар юм.
Тэд хүссэн ч эс хүссэн ч суудлаа тавьж өгөхөөр болж байгаа. Суудлаа тавьж өгөх сайдуудын нэг болох Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатараас цөөн зүйл тодрууллаа.
– МАН-ыг Засгийн газраас хөөх шийдвэр гарчихлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
– Өөр намын гаргаж байгаа шийдвэрт би юу хэлэхэв. Гэхдээ тэр намынхан Засгаас гарах ёстой бид нар сандал ширээтэй зууралдаад суухгүй гараад явна. Угаасаа тэднийх засаг барьж байна. Засаг барьж байгаа айл хамтраад улс орныхоо эрх ашгийг бодье гээд л урьсан. Бид тэрэнд итгээд орж ирсэн. Одоо тэгээд зангаа хувиргаж байна. Бид бол байдгаараа л байгаа. Гэхдээ гуйж, албан тушаалтай зууралдаж болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Хэрвээ тэд эцсийн шийдвэрээ гаргавал бид хариу гаргах ёстой.
– Та Л.Эрхэмбаярын мэдэгдлийг үзсэн үү?
– Үзээгүй. Твиттерээр л харлаа. Их оройтож харсан.
– Таны эхлүүлсэн ажлууд ингээд дундаасаа байхгүй болох нь..?
– Би хийдэг юмнуудаа хийсэн. Төр залгамж чанартай байх ёстой. Үргэлжлээд явах ёстой. Дараагийн хийх хүн нь хийх байх. Үүнийг манай нам шаардаад явна. Нэгэнт хийгээд эхэлсэн ажлыг үргэлжлүүлээд л явах ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: За одоо ч харин МАН жинхэнэ сөрөг хүчин болж, эргэн ирнэ дээ. МАН-аар тоглож байгаа мэт боловч үнэндээ улс орноороо тоглож байна даа энэ АН. МАН-ыг хөөх шийдвэрийг АН-ы Гүйцэтгэх зөвлөл гаргаж байгаа сурагтай. Гуйж оруулаад хөөж гаргадаг хаанахын ёс вэ? Лав л Монголын ёс биш.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Өнөөдрийн байдлаар албан ёсоор Засгаас гарахыг шаардсан албан мэдэгдлийг АН-аас ирүүлээгүй байна. МАН-ыг засгаас хөөж чадахгүй шүү дээ, энэ бол зүгээр л нэг ээлжит шоу. Фракцуудынхаа дотоод зөрчлийг нууж анхаарлыг Ардын нам руу чиглүүлэх гэсэн оролдлого. Төрийн ажлыг бид биш, АН-хан өөрсдөө гацааж байгаа. Алийн болгон ийм хошин улс төр хийх вэ? Хамтарвал хамтарсан шиг байх хэрэгтэй. МАН хамтарсан засгийн ачаа, хариуцлагыг үүрнэ. Харин өмнөх Шинэчлэлийн гэх Засгийн газрын хариуцлага, алдааг үүрэлцэхгүй”
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: АН-ынханы гол зорилго нь МАН биш Ч.Сайханбилэг. Мөн энэ шийдвэр нь эдийн засгийн өршөөлийн хуулийг батлуулахгүй байгаатай холбоотой гэж мэдэгдсэн. Харин МАН-ын засгаас хөөх сураг гарах үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “АН-аас өнөөдрийн бүлгийн хуралдаанаараа МАН-ыг засгаас хөөх асуудлыг ярилцаж байгаа гэсэн. АН-ынхан МАН-ыг засгаас хөөнө гэж маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ер нь бол АН дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж манай нам руу их дайрч байна. Гэхдээ МАН -ыг засгаас хөөх эсэх нь тэдний л хэрэг. Харин МАН 2012 онд ард иргэдийн 42 хувийн саналыг авсан үүргээ биелүүлээд явна гэдгээ мэдэгдэж байна” гэснээс өөрөөр МАН-аас Засгаас гарах эсэхэд үүнээс ам нээсэн хүн одоогоор алга. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж албан ёсны мэдэгдэл гаргах биз. АН-ын хувьд дараагийн зургаан хүнээ бодолцоо биз. МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийнхэн ч нэгийг бодож байгаа нь тодорхой. Чуулган хаахаас өмнө Засгийн газрын асуудлаар бужигнах долоо хоног эхэллээ. Хэн юу гэж мэдэгдэхийг харж л байя.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn