АН-ынхан ч тэр, МАН-ынхан ч тэр дор дороо дараагийн алхмуудаа хэлэлцэн бужигналдаж байна. АН хөөх шийдвэрээ эрт төлөвлөөд гаргачихсан байсан тул одоо цаашид хэрхэн ажиллах болон сонгогчиддоо өөрсдийгөө хэрхэн зөвөөр ойлгуулахаа хэлэлцэж байгаа. Харин МАН энэ шийдвэрийг хэрхэн ашиглах вэ гэдгээ хэлэлцэнэ.
Хоёр нам өнөөдрийн бүлгийн хурлаараа дээрх асуудлыг нягт нямбай авч үзэх нь ойлгомжтой. Эх сурвалжийн мэдээлснээр АН бүлгийн хурлынхаа дараа МАН-ыг засгаас гарахыг дахин албан ёсоор шаардана гэж байна. Харин МАН бүлгийн хурлын дараа засгаас гарахаас өөр аргагүй болсноо олон нийтэд зарлах гэж байна.
Гэтэл АН-ын шийдвэр Засгийн газарт өөр нэгэн хагарал авчрав. Энэ нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн кабинет дахь МАН-ын зургаан сайдыг гаргахгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Учир нь тэрээр АН-ынхаа араар нь хийсэн зүйлд их дургүй байгаа гэж Засгийн газартай ойрын эх сурвалж хэлж байна.
2016 он хүртэл хамтран ажиллана гэсэн намаа хөөх АН-ын шийдвэрийг хэвлэлүүд Засгийн газрын тэргүүнтэй холбохдоо хоёр хувилбар гаргаж байсан юм. Эхнийх нь Ерөнхий сайд АН-тай тохиролцож, айлчлал хийх зуур МАН-ыг хөөгөөрэй гэж тушаасан, дараагийнх нь Ерөнхий сайдыг мэдээгүй байхад АН-ын Гүйцэтгэх зөвлөл хариуцлагаа өөрсдөө хүлээнэ хэмээн МАН-ыг хөөчихлөө гэж.
Харин Ч.Сайханбилэгийн МАН-ын зургаан сайдаа авч үлдэнэ гэсэн нь АН-ын шийдвэр хоёр дахь хувилбараар гарсан гэж үзэхэд хүргэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд өнөөдөр эсвэл маргааш зургаан сайдаа өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдээлэх аж.
Өнгөрсөн 11 дүгээр сард ажлаа авсан Ч.Сайханбилэг уул уурхайн томоохон төслүүдээ урагшлуулж эдийн засгаа сэргээхийг зорьж байгаа. Саяхан Оюутолгой төслийн хоёр дахь шатны ажлыг эхлүүлэхээр болсон Ч.Сайханбилэг Тавантолгойн төслийг наадмаас өмнө баталчихна хэмээн хүлээж буйгаа барууны хэвлэлүүдэд ярьсан.
Ерөнхий сайдын дараалсан гадаад айлчлалуудын хамгийн том зорилго нь хөрөнгө оруулагчдыг татах байв. Тэрээр “Монгол Улс хөрөнгө оруулахад ээлтэй орон боллоо”, “Монгол Улс бизнест хөл тавилаа”, “Монгол Улс хөрөнгө оруулалтын хамгийн халуун цэг болно” хэмээн эх орноо сурталчилсан. Мөн Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу “Хан Ресурс” компанид Монголын Засгийн газар өрөө төлнө гэдгээ мэдээлсэн. Ингэснээр Засгийн газрыг өвөлжингөө шүүмжилсэн барууны хэвлэлүүд сая л нэг Монголд хөрөнгө оруулах нөхцөл бүрэлдэж байна хэмээн бичих болсон юм. Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр Их Британи дахь айлчлал арай дуусаагүй байтал АН хамтрагчаа хөөхөө зарлалаа.
Ингэснээр Ерөнхий сайд хүссэн хүсээгүй МАН-ын зургаан сайдыг авч үлдэхээс өөр аргагүй юм. Хэрвээ тэднийг хөөчихвөл, хөөхийг нь хүлээн зөвшөөрчихвөл олон улс дахь Монголын нэр хүнд дахиад л “улс төрийн тогтворгүй”, “хөрөнгө оруулахад эрсдэлтэй” гэсэн ангилалд орчих учраас тэр.
Олон улсын хэвлэлүүд Монголын Засгийн газрын тогтворгүй байдлын талаар аль хэдийн бичээд эхэлчихлээ. Тухайлбал, http://www.bangkokpost.com “Монголын хамгийн том нам хамтрагчаа засгаас гарахыг шаардав” хэмээх гарчигтай нийтлэл оруулжээ. Үүндээ Монголын эрх баригчид эдийн засаг сүйрлээ хэмээн Ерөнхий сайд, хамтрагчаа хөөж туусаар, гэтэл эдийн засаг нь одоо ч сүйрсэн хэвээр гэдгийг илт харагдахаар бичсэн байгаа юм.
Д.ИДЭР
Эх сурвалж: www.24tsag.mn