Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны дарга Д.Ганбатын танилцуулснаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эхлээд хэлэлцсэн юм.
2002 онд УИХ-аас баталсан Газар өмчлүүлэх тухай хуулиар өмчийн газраа зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй байхаар заасан. Харин хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үл хөдлөх хөрөнгө барьцаалах эрхзүйн орчин боловсронгуй болж, талууд гэрээний үүргээ биелүүлэхэд чухал түлхэц болно гэж үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Ажлын хэсгээс “төслийн нэгдүгээр зүйлийн 53.4 дэх хэсгийн “үл маргах” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1 дэхь хэсэгт заасан” гэж өөрчлөх санал оруулж ирснийг гишүүд дэмжлээ. Үүний дараа Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалдаг. Үүнээс шалтгаалж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байдалд хүрэх нь бий. Тиймээс бие даасан хууль баталж гаргах нь Монголын эдийн засагт нэн шаардлагатай байгаа гэж Засгийн газраас үзжээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс хуулийн төслийг 2016 оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжиж чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар боллоо. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр социалист нийгмийн өмчийг ардчилсан нийгмийн үнэт зүйлээс ялгаж салгахын тулд Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэнийг хууль санаачлагчид тайлбарлаж байв. Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд зохицуулж ирсэн 240 гаруй асуудлыг зохицуулахаар тусгасан юм. Өмнө нь аливаа зөрчлийг 1992 онд баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулж иржээ. Энэ хугацаанд нийт 20 гаруй удаагийн нэмэлтээр хуулийн тавны нэгд өөрчлөлт оржээ. Гэвч Эрүүгийн хуультай харилцан уялдаа холбоогүй, давхардал үүсгэдэг учраас энэ хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан аж. Хуулийг батлахын тулд юуг зөрчил гэх талаар зөв томьёолох ёстойг гишүүд сануулж байв. Энэ салбарын зарим судлаачид гэмт хэрэг болон зөрчлийг ялгах гол хэмжүүр нь эдийн засгийн үзүүлэлт гэж тодорхойлдог ч орчин цагт тийм ч оновчтой биш. Тиймээс Зөрчлийн тухай хуулийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн хөгжлийн дараагийн шат гэж ойлгож болно гэсэн тодорхойлолтыг Ажлын хэсгийнхэн өгч байв. Хэлэлцүүлгийн шатанд Зөрчлийн хуулийг хэзээнээс эхэлж хэрэгжүүлбэл тохиромжтой вэ гэдгийг ярилцав. Хууль зүйн яамны хувьд Зөрчлийн хуулийг ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжих боломжтой хэмээн үзсэн бол Улсын Дээд Шүүх 2016 оны долоодугаар сарын 1 гэж үзжээ. Улмаар хуулийн хэрэгжилтийг хэзээ болгох асуудал дээр гишүүд санал зөрөлдсөн юм. Ц.Нямдорж: Эрүүгийн хуулийг 2002 онд баталсны дараа хэрэгжүүлэхийн тулд долоон сарын сургалт зохион байгуулж, хуулийнхныг хамруулж байсан. Тэгэхэд хоёрдугаар сард эхлээд есдүгээр сард арай гэж дуусгаж байв. Гэхдээ тэр үед бол мөнгөтэй байсан. Одоо яам битгий хэл улс оронд мөнгө алга. Ингэж бэлтгэл хангахаас эхлээд ажил нэлээд ордог юм. Тийм учраас Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг богинохон хугацаанд тавьж өгч болохгүй. Хэрэгжүүлэх хугацааг нь наашлуулах юм бол будилаан бий болно. Д.Ганбат: -Та дандаа бэлгэ дэмбэрэлгүй юм ярьж байх юм. Хууль зүйн яам нь боломжтой гэж үзэж байхад, болж л таараа ш дээ. Ц.Нямдорж: -Энд бэлгэ дэмбэрэлсээд байх юу байдаг юм бэ. Улсын хэмжээнд сургалт явуулахад наад зах нь зургаан сарын хугацаа хэрэгтэй байдаг юм. Х.Тэмүүжин: -Эрүү, Зөрч- лийн хуулиа гаргаад дараа нь Өршөөлийн хуулиа батлах хэрэгтэй. Ингээд хорих ангид байгаа болон шүүх шатанд яваа хүмүүсийг эрүү, зөрчил гэдгийг ангилах ёстой. Ийнхүү Х.Тэмүүжин гишүүнийг үгээ хэлж дуусахтай зэрэгцэн Ц.Нямдорж гишүүн картаа сугалж аван хуралдааныг орхиж гарлаа. Улмаар Байнгын хорооны дарга Д.Ганбат Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг нэг сараар сунгаж 2015 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-д оруулахаар боллоо.
Б.Дөл
Эх сурвалж: www.unen.mn