Comment.mn

7-р сарын 1 бүү давтагдаг!


7-р сарын 1-ний эмгэнэлт явдал Монголын ард түмний сэтгэл санаанд илхэн байна. Сонгуулийн будлиан булхайг эсэргүүцсэн иргэдийг нухчин дарсан, турхирч өдөөсөн, хэлмэгдүүлэн хохироосон нь ардчилсан гэгдэх өнөөгийн Монголын түүхэнд хар толбо болон үлдэж, Монголын Тяньаньмэнь ч гэж бичигдсэн билээ. Монголын ардчилал гэх ойлголт бодит байдал дээр огт байдаггүйг энэ аймшигт үйл явдал харуулсан.

Гэм зэмгүй дөрвөн залуу бууны суманд өртөж, гавлуулсан нэг жагсагч угаартан амь насаа алдсан. Дор хаяж 9 хүн буудуулсан. 358 цагдаа гэмтэж, 63 нь эмнэлэгт хэвтэж, 532 цагдаа халдлагад өртсөн бол, гэмтсэн бэртсэн эгэл иргэдийн талаарх судалгаа үгүй. 800 гаруй хүнийг баривчилж, туйлын хүнд нөхцөлд хорьж, зодож занчсан. 200 гаруй хүнийг хоморголон яллаж хэлмэгдүүлсэн. Энэ бүхэн нь Монголд дүр эсгэсэн ардчилал, үнэн хэрэгтээ харгис тоталитар дэглэм ноёрхож байгааг харуулсан.
7-р сарын 1 өнөөдөр ч үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл харгислал, хэлмэгдүүлэлт, ард иргэдийн эсрэг бодлого үргэлжилсээр.
Учир иймд зорилго нэгтэй, ИНБ-ууд бид төр засагт хандан:
1. 7-р сарын 1-ний гэм буруутан улс төрчид, албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. МАХН-ын дарга асан С.Баяр, Онц байдлын комиссын дарга асан Ц.Мөнх-Оргил, АН-ын дарга асан Ц.Элбэгдорж нарыг юуны өмнө онцлон дурдмаар байна!
2. 7-р сарын 1-ний үйл явдлаас болж хэлмэгдэн ял сонссон хүмүүсийг бүрэн цагаатгаж, хохирлыг нь барагдуулахыг шаардаж байна!
3. 7-р сарын 1-ний хохирогчдын хөшөөг барьж босгох ажлыг даруй эхлүүлэн гүйцэлдүүлэхийг шаардаж байна!
4. 7-р сарын 1-ний үйл явдалтай ноцтой баримтуудыг ил болгож, үнэн мөнийг ард түмний хүртээл болгохыг шаардаж байна!
5. 7-р сарын 1-ний эмгэнэлийг цаашид давтагдуулахгүйн тулд шударга сонгууль явуулах нөхцлийг эртнээс бүрдүүлэн ажиллахыг шаардаж байна!
Бид шаардлагуудаа биелүүлгэхийн төлөө янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, ард олонд нөлөөлөн ажиллах болно.
Монгол орныг нөмөрсөн 7-р сарын 1-ний харанхуй арилах болтугай! Монгол оронд эрүүл нийгэм цогцлох болтугай! Сайн үйлс дэлгэрэг!
Иргэний нийгмийн байгууллагууд

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.