“Хууль болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг боловсруулах, батлах,
-Хуульд заасан нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах,
-Хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх,
-Төсөв, татвар батлах, тэдгээрийн зарцуулалтад хяналт тавих,
-Хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон УИХ-аас томилогддог албан тушаалтныг томилох”-доо парламент нийтийн буюу нээлттэй сонсгол явуулахаар заасан юм.
Тухайлбал, УИХ-аас албан тушаалтныг томилохдоо нийтийн сонсгол зохион байгуулах бөгөөд үүнд иргэд, сонирхлын бүлгүүд нээлттэй оролцож, нэр дэвшигчийн талаарх мэдээлэл болон саналаа чөлөөтэй хэлэх боломжтой аж. Гэхдээ сонголоос ямар нэг шийдвэр гаргахгүй, хариуцлагын асуудал ярихгүй. Харин сонсголын үеэр авагдсан мэдээлэлд үндэслэн УИХ өөрөө шийдвэрээ гаргах юм.
Нийтийн сонсголын тухай хуулийн хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн анхны төсөлд “Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага холбогдох албан тушаалтныг томилохдоо сонсгол хийнэ” гэсэн байсныг зөвхөн УИХ-аас томилогддог албан тушаалтнууд дээр томилгооны сонсгол хийхээр ажлын хэсэг өөрчлилсөн байна. Гэвч хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Нямдорж болон зарим гишүүд хуулийн уг заалтыг эсэргүүцсэнээс гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөсөн. Тухайлбал, Г.Уянга гишүүн “Ийм хууль оруулж ирэхийн оронд Улс төрийн намын хуулиа өөрчил. Томилогдож байгаа хүмүүс дээр парламент өөрөө яагаад шүүлтүүр тавьж чаддаггүй юм” хэмээн эсэргүүцсэн бол гишүүн Ц.Нямдорж “Тэртэй тэргүй УИХ-аар томилгоо хийх үед гишүүд нэр дэвшигчээс асуулт асуугаад, нэр дэвшигч хариулаад явдаг. Тийм байхад давхар ийм сонин юм хийж байдаг. Ингэж төр үймүүлдгээ болих хэрэгтэй. Х.Тэмүүжин чи энэ үймүүлэх ажиллагаанд битгий оролц, за” хэмээн загнав. Х.Тэмүүжин гишүүн энэ үеэр бусдадаа хандаж,
“Хуулийн төсөлд Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага холбогдох албан тушаалтныг томилохдоо сонсгол хийхээр заасан. Ингэвэл Монгол Улс бүхэлдээ ийм хэрүүл маргаан руу орчих гээд байсан учраас ажлын хэсэг энэ хэсгийг нь хасаад зөвхөн УИХ дээрх сонсголыг үлдээсэн. Хэрвээ УИХ албан тушаалд томилдог, мөнгө шийддэг эрх мэдлийг хасчих юм бол энэ проблем чинь бас алга болчихно. Мэдээж хэрэг Монголын төрд хариуцлагатай, ёс зүйтэй, сэтгэлтэй, боловсролтой хүмүүс ажиллах ёстой. Хэрвээ УИХ энэ шаардлагаа хангаад томилдог байсан бол Ерөнхийлөгч өнөөдөр ийм хууль санаачлахгүй байсан биз. Нуулгүй хэлэхэд хуулийн байгууллагын толгойд очих хүмүүсийг томилох болохоороо энэ 76 хүн “төмсөгдүүлчихсэн” юм шиг нэг ч үг хэлдэггүй. Хууль зөрчсөн томилгоо яваад, хэвлэлээр бөөн шуугиан болж байхад бүгдээрээ дуугүй явуулчихаад дараа нь ханцуй дотроо “энэ ингэлээ, тэр тэглээ” гэж муулаад суудаг.
Өөрсдөө хэлж чадахгүй байгаа учраас иргэдээрээ хэлүүл ээ гэж байгаа юм. Би ямар энэ хуулийг санаачилсан биш. Ажлын хэсгийг нь л ахлаад ажиллаж байна. Хийж чаддаггүй зүйлээ хийж чаддаг юм шиг яриад, энд худлаа ширээ шаагаад суух хэрэггүй. Огт хуульч биш хүн ерөнхий прокуророор томилогдоод явчихсан тохиолдол байна. Тийм үгээ хэлж чадахгүй мөртлөө иргэдийнхээ үгийг сонсохгүй чихээ таглаад суугаад байгаа учраас “чихээ онгойлго оо” гэж Нийтийн сонсголын хуулийг оруулж ирсэн. Яаж хэлэлцэх нь УИХ-ын асуудал. Ажлын хэсэг бол хийх ёстой юмаа хийсэн” гэлээ. Эцэст нь ажлын хэсгийн ахлагч А.Бакей хуулийн төслүүдийг татаж авч, намын бүлгүүдээс санал авсны дараа ирэх пүрэв гарагт нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Эх сурвалж: www.info.mn