Comment.mn

АН-ынхан ҮЗХ-ны гишүүддээ МАН-ын талаар нууц санал хүргүүлсэн гэв үү


АН-ынхан ҮЗХ-ны гишүүддээ МАН-ын талаар нууц санал хүргүүлсэн гэв үү
Ч.Сайханбилэгийн Засгийн газарт дөрвөн намын төлөөлөл хамтарснаараа онцлогтой. Гэтэл саяхнаас АН хамтарсан Засгийн газраас МАН-ыг хөөх тухай яриа гарч эхэллээ. Түүгээр ч зогсохгүй АН-аас аймгуудын АН-ын хороодын дарга нар болон ҮЗХ-ны гишүүд рүүгээ “МАН-тай засагт хамтрах нь зөв үү, буруу юу” гэсэн товчхон асуулттай санал нууцаар хүргүүлсэн сурагтай. Тэгвэл АН-ын ҮЗХ-ноос “Ардчилсан намаас Засгийн газарт хамтран ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасугай” хэмээн албан тоот ч чулуудаад амжсан.
АН-ын хувьд Тавантолгойн асуудал МАН-аас болж урагшлахгүй байна гэлцэх боллоо. Гэтэл “Тавантолгой МАН-аас болж явахгүй байна” гэдэг мессэж АН-ын сонгуулийн мессэж юм биш үү. Уг нь Таван толгой төслийг хөдөлгөснөөр улстөрчид ард түмнээс өндөр оноо авах ёстой байсан. Гэтэл АН доторх фракцууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байснаар энэ төсөл гацчихаад байна. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг саяхан хэвлэлийн бага хурал хийхдээ “Тавантолгой ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна” гэх утгатай зүйл ярьсан. Хэдийгээр тэрбээр сэтгүүлч миний үгийг гуйвуулж бичлээ гэж залруулга олон нийтийн сүлжээгээр цацсан ч гэсэн энэ бол хэдийнэ олон нийтэд хүрчихсэн асуудал. Яагаад гэвэл, сүүлийн үед уул уурхай, төмөр зам гээд том төслүүд ярихад АН-ынхан хоорондоо “Чи Оросын тал, чи Хятадын тал, чи Америк, Англиас даалгавар авдаг” гэх зэргээр хэрэлддэг нь олон нийтэд ил болсон гэж болно. Ер нь улстөрчид ил биш гэхэд далд утгаараа хоёр хөршийн эсвэл өөр улс орны эрх ашгийг сурталчлаад байгаа нь мэр сэр харагддаг.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Тавантолгой”-н төслийг хэзээ хэлэлцэх вэ? УИХ-д өргөн барьснаас хойш сар илүү хугацаа өнгөрлөө. Засгийн газар нь УИХ-аар хэлэлцэж өгөөч гээд өргөн барьсан. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт голдуу “Тавантолгой”-г эсэргүүцэх бодолтой хүмүүс багтсан байгаа. УИХ-аар хэлэлцүүлээд төслийг дэмжих, үгүйг  нь шийдмээр байна. Бид асуудлаа шийдэж чадахгүй болохоор хүссэн хүн бүхэн үүн рүү өөр өөрийнхөө саналыг дур дураараа хэлж байна. Л.Эрдэнэчимэг нь дахин тендэр зарлана гээд мэдэгдэл хийж давхиад байна. Ер нь Тавантолгойн асуудалд хоёр хүн ээлжилж хэвлэлийн хурал хийгээд байна” хэмээсэн. Энэ бол үнэний ортой зүйл. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэгчээр УИХ-ын гишүүддээ гэрээний төслөө танилцуулаад явбал уг нь зүгээр л баймаар.
Тэгвэл АН-ынхан МАН-ыг Засгийн газраас хөөх тухайд хамгийн инээдтэй нь, АН-ын бүлгийнхэн МАН-ынхан сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихлээ гэж “хошуугаа унжуулах” болсон. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН “Бид хамтдаа” аян өрнүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлэх багт хамтарсан Засгийн газрын гишүүд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар” гэсэн ховын чанартай зүйл ярьж байгаа юм. Үндсэндээ тэд “МАН-ынхан орон нутагт манай намыг муулаад байгаа учраас Засгийн газраас хөөнө” гэх утгатай зүйлийг ярьсан гэсэн үг. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд бондын зарцуулалттай танилцах нэрээр АН-ын даргын хувьд сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихээд байгаа. МАН-ынхан үүнтэй барьцахад буруудахгүй л болов уу.
Ямартай ч улс орноо эдийн засгийн хүндрэлээс гаргана, хамтдаа шийдэлд хүрнэ гэж Засгийн газарт намууд хамтарсан. Гэтэл өдгөө улстөрчид ховын шинжтэй зүйл ярьж эхэлсэн нь харамсалтай. МАН эрх баригч байх үедээ АН-тай цөөнгүй удаа Засгийн газарт хамтарч байсан. Тухайн үед МАН эрх баригч хүчин гэдгээрээ түрээ барьж АН-ыг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд нь ингэтлээ саад болж байсан бил үү. Хэвлэлийн хуудас эргүүлбэл хэдхэн жилийн өмнөх үйл явц тод харагдана. УИХ-ын чуулганы танхимд З.Энхболд, С.Эрдэнэ, Л.Гүндалай гээд тухайн үеийн сөрөг хүчин байсан нөхөд МАН-ынхан руу өөд уруугүй дайрч явсан үе ч бий. Энэ үед МАН-ынхан “АН засгаас гар, та нартай хамтрахгүй” гээд Удирдах зөвлөл рүүгээ албан тоот шидэж байсан удаагүй. “АН-ынхан манай намыг муулаад байна, Засгийн газраас гаргана” гээд засгийн тогтворгүй байдал үүсгэж байсан бил үү.

Эх сурвалж: www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.