Сүүлийн жилүүдэд монголчуудын тэмдэглэдэг баяр, цэнгүүн их болсон гэхэд буруутахгүй. Хурал баяр нь ихэдсэн Монгол оронд хөдөлмөр үгүйлэгдэнэ гэж үг бий. Өнөө жилийн наадмаар ес хоног амрах тухай чих дэлсээд хэд хонолоо. Үгүй, уламжлалт баяр ч гэлээ тэгээд хавтгайран баярлах ач тус байна уу. Цаана нь наадмын маргааш намар хүлээж буй. Урьд өмнө нь гурван хоног Монголчууд маань дэлгэр сайхан наадаад болоод л байсан. Тэгвэл одоо яагаад болохгүй болчхов.
Нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдөр буюу нийт тав хоног амрахаар заасан. Гэтэл ирэх сарын 16,17-ны өдөр пүрэв баасан гариг тохиож байгаа тул баяраар тус долоо хоногийг дуустал амрах болж. Ингэхлээр энэ хоёр ажлын өдрийг өмнөх долоо хоногийн бямба, ням гаригт шилжүүлэх санал гарчээ.
Харин энэхүү асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн ч шийдвэр нь гараагүй юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр болж, хойшлуулсан. Энэ нь наадмаар цаашид ес хоног амардаг болно гэсэн үг биш. Энэ жилийн тухайд ийм өөрчлөлт оруулж, иргэдийг баяр наадмаар хөдөө гадаа явж, сайхан амрах боломжоор хангая гэсэн асуудал юм” гэв.
Хэрвээ ийм шийдвэр гарвал наадмаар долдугаар сарын 11-нээс эхлэн 19-нийг хүртэл есөн өдөр амрах юм. Та ес хоног амрахыг дэмжих үү? мэдээж хувийн хэвшлийнхэнд энэ хуулийн заалтууд үйлчилдэггүй. Хувийн хэвшлийн байгууллагууд дотооддоо заасан журмынхаа дагуу ажиллаж амардаг. Зуны дэлгэр цагт наадмаар нэг сайхан амраад авах нь зөв ч гэлээ. Олон хоног амарвал архидалт, эдийн засгийн хувьд хямрах асуудал гарч болзошгүй гэж зарим иргэд өөрсдийн саналаа дуулгасан. Нэг ёсондоо энэ нь бас бодож үзэх л санал.
Эх сурвалж: www.dorgio.mn