Comment.mn

Монголчууд Кремлийн гинжнээс салаад удаж байна, Эрдэнэчимэг гишүүн ээ


Ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг монголчууд бид яах гэж хийсэн юм бэ. Далан жилийн турш нэг намын дэглэмд мөлхөж ирсэн ард түмэн дэлхий ертөнц дээр коммунизмаас өөр нийгэм байхгүй гэдэгт бараг л итгэдэг байсан. Ингээд хэлчихэд хэтийдсэн болохгүй байх.

Капитализмыг алгасаад ирсэн хүмүүс буцаад тэрхүү хөрөнгөтний нийгэмдээ очиж болдог ч юмуу үгүй ч юм уу хэн ч мэдэхгүй л байлаа. Ухаандаа, ерэн оны ардчилсан хувьсгалын гол удирдагч болох С.Зориг Их сургуулийн шинжлэх ухааны коммунизмын онолын багш байлаа. Тэрээр социализмыг хэрхэн боловсронгуй болгох, сайжруулах тухай бодож тэмцэж байсан. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд ардчиллын удирдагчид мөн ийм бодлоор нийгмээ сөрөн тэмцсэн. Харин зарим ганц нэг сэтгэгчид нь тухайлбал, Баабар мэт нь огт өөр цаг үе ирнэ гэдгийг гардарлаж байсан болов уу.

Ардчилсан хувьсгалыг нийгмийн талаас нь аваад үзэхэд их сайндаа л социализмыг боловсронгуй болгох тухай хөндөгдөж, удирдан манлайлагчид нь ч тийм ойлголттой байх цагт бид яах гэж хувьсгал хийсэн байх уу. Уг асуултад ийн товч бөгөөд тодорхой хариулахад, монголчууд ердөө Кремлийн нөлөөг бууруулах, ЗХУ-ын мэдлээс гарах, нэг намын тогтолцоотой, дарангуйллын гэгддэг дэглэмээс ангижрах гэж ерэн оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг хийсэн юм. Энэ тухай ардчиллын захын нэг партизанаас асуухад “Бид Зөвлөлт холбоот улсын дагуул колони орон байсан. Тэрнээс ангижрахын тулд л Ардчилсан холбооны тэмцлийг дэмжсэн. Бид хэний ч харьяанд байдаггүй туурга тусгаар улс болох гэж ардчилсан хувьсгалын төлөө тэмцсэн” гэж хариулна. Үнэндээ ерэн оны ардчилсан хувьсгалаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал жинхэнэ утгаараа хэрэгжсэн гэж гадна дотны нэртэй түүхч, олон улс судлаачид үздэг. Ерэн оноос хойш монгол хүн хэн ч халдашгүй туурга тусгаар улсын иргэн гэдэг үнэт зүйлээ олж авч ирээдүйнхээ сайн сайхны төлөө тэмүүлцгээсэн. “Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг шиг хүний амьдралын эрх чөлөө, баялаг бүтээхийн үндсэн мөн чанарыг мэдэрч эхэлсэн билээ.Нэг үгээр хэлэхэд жинхэнэ утгаараа туурга тусгаар улс гэдэг итгэл үнэмшил ерээд оны ардчилсан хувьсгалаар бодит зүйл болон хувирсан юм.

Сүүлийн жилүүдэд монголчууд Оюу толгой, Таван толгойгоо их ярих болсон. Эл хоёр ордыг эргэлтэд оруулбал Монголын эдийн засаг сэргэж, ард түмний ахуй амьдрал дээшилнэ гэсэн горьдлого хэн бүхэнд байгаа. Өнгөрөгч оны сүүлээр Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газар шийдвэрлэж, хөрөнгө оруулагчдын тендер зарлан ялагчдыг тодруулсан. Тэгээд Таван толгойн гэрээний төслийг Их хуралд өргөн барьсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсгийг энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр байгуулсан. Ажлын хэсэг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн ч өнөөг хүртэл ямар ч шийдэлд хүрээгүй байна. Таван толгой тойрсон яриан дээр төмөр замын асуудал сөхөгддөг. “Оросын эрх ашгийг хамгаалж байна. Үүний цаана Х.Баттулга байгаа” гэх үнэн худал нь эс мэдэгдэх яриа улс төрийн хүрээнд гардаг. Гэвч ард түмэн үүнд нэг их итгэж үнэмшээд байсан нь үгүй. Гэтэл саяхан Таван толгойн гэрээг судлах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.

Тэрээр “ОХУ-ын төмөр замын дарга Б.Якунинаас ирсэн захидалтай танилцсан. 2010 онд яригдаж байсан тэр хэмжээндээ биш сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй. Зөвхөн урагшаа гарцтай төмөр зам бариулахаар Таван толгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. Путин Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт хийгдлээ” гээд хэлчихлээ. Мөн цааш нь “Гурван жилийн өмнөхөөс байдал тэс өөр болчихоод байна. Геополитикийн таатай нөхцөл байдалтай болсон учраас Таван толгойд бус эхэлж төмөр замдаа анхаарлаа хандуулж, төмөр замын асуудлыг шийдсэн тэр орнуудад Таван толгойгоо өгөх нь ашигтай” гэж мэдэгдчихлээ. Энэ чинь юу гэсэн үг вэ.

Монголын ард түмнийг төлөөлж УИХ-д сууж, төр түшилцэж байгаа гишүүний энэ үг ардчилсан хувьсгалын гол үр дүн нь Кремлийн харьяанаас гарсан, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авсан хэмээн сэтгэлдээ омогшиж, хараа дээгүүр бардам явдаг монгол хүн бүрийн зүрхэнд ёгхийтэл туслаа. “Бид чинь өнөөг хүртэл Оросын харьяанд байгаа хэрэг үү. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой эдийн засаг, улс төрийн гол гол нүүдлийг Орос мэддэг юм уу. Орост байгаа хүмүүсийн эрх ашгийг эхлээд боддог дараа нь бидний монголчуудын эрх ашиг байдаг юм байна” гэх бодол олон хүнд төрж, айдас хүйдэс бий болгон итгэл найдварыг нь хугалж төрд үл итгэх сэтгэл төрүүллээ. Ардчилсан хувьсгалыг голлож хийсэн намын парламентад сонгогдсон гишүүн нь ингэж мэдэгдэхээр одоо яах вэ. Нөгөө бидний хийсэн гэж гайхуулаад байгаа ардчилсан хувьсгал маань огт үр дүнгүй юм болчихсон юм уу.

Оросын төрийн тэргүүн Путин сүүлийн үед дэлхий нийтэд дайнч мэдэгдлүүд хийх болсон. Хэдхэн хоногийн өмнө ОХУ зэвсэгт хүчнээ хамгийн орчин үеийн 40 гаруй пуужингаар нэмэгдүүлснээ мэдэгдсэн. Мөн зэвсгээ бүрэн автоматаар цэнэглэх системтэй, целээ 100 хувь устгах чадалтай, тусгаарласан хамгаалалтын бүхээгээс удирдах орчин үеийн “Армада” танкаа ч танилцуулсан.

Яг ийм үед нь Оросоос айж байгаа юм шиг, тал засаж долигонож байгаа юм шиг харь хамаагүй гүрний эрх ашгийн өмнөөс дуугардаг нь ямар учиртай юм бол оо. Монгол Улсын их хурлын гишүүн Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийн төлөө дуугардаг болохоос хаа хамаагүй харь гүрний өмнөөс дуугарч, олон нийтэд мэдэгдэл хийнэ гэдэг маш хариуцлагагүй, улс төрийн асар том алдаатай зүйл. Монголчууд Кремлийн гинжнээс салаад удаж байна, Эрдэнэчимэг гишүүн ээ.

Бид социализм байгуулж явахдаа Кремлийн удирдлагад байсан нь үнэн. Монгол, орос ялгаагүй ижилхэн социализм байгуулна гээд зүтгэж байсан. Одоо бол тус тусдаа улс орнууд болсон.

Эрдэнэчимэг гишүүний мэдэгдэл бас нэг зүйлийг бодуулахад хүргэж байна. Өнөөдөр дэлхий нийтээр Орост эдийн засгийн хориг тавьчихаад байгаа. Энэ үед нь нөхөрлөлдөө үнэнч гэж зуйрганан, ядарсан цагт нөхрийн чанар танигддаг гэх хий хоосон үлгэр домгийн сэтгэлгээгээр хандан, улсынхаа эрх ашгийг умартан долигонож гүйх нь зохимжгүй бөгөөд улсын эрх ашигт ч таарахгүй. Үнэнч гээд саймширч сүйд болох нь юу юм, бас муулж баалаад хонзогноод байх нь юу юм. Олон жилийн найрамдалт харилцаагаа бодсон ч мөнхийн хөршөө бодсон ч алтан дундажийг нь баримтлаад төв төвшин л явбал жижиг орны хувьд маш зөв бодлого гэдэг биз дээ.

Ер нь гадны хүчирхэг улс оронд тал зассан, долигонож гүйсэн, хөл алдаж бажигадсан сэтгэхүй монголчуудад их байдаг. Түүн дотроо Орост долигонох сэтгэхүй түгээмэл. Энэ нь дунд эргэм насны монголчууд хүүхэд ахуй, оюутан байхаасаа дээрэлхүүлсээр байгаад орос хүнийг харангуутаа харц дальдран гөлсхийдэг зуршил суучихсантай нь холбоотой. Нэгнээсээ ийн айсан, гөлсхийсэн сэтгэхүй тусгаар тогтносон улс оронд маш хортой. Хоёр улсын найрамдалт харилцаанд ч таарамжгүй юм. Энэ бол том гүрний нөлөөнд багтдаг жижиг улсын ард түмэнд байдаг зовлон л доо. Мань Эрдэнэчимэг гишүүн маань ийм сэтгэхүйгээр л мэдэгдэл хийчихэв үү дээ.

Төр түшилцэж байгаа Их хурлын гишүүний үг, үйлдэл бүхэн хариуцлагатай байх ёстой. Үг бүхэн нь хийгүй, улс төрийн алдаа мадаггүй, дээр нь Монгол төрийн төлөө үг хэлж олон түмнээ уриалан зоригжуулж байх нь түүний үүрэг юм. Ингэхэд Таван толгойн асуудалтай холбоотой төмөр замд оросууд ач холбогдол өгсөн гэдэг нь үнэн юм уу. Хэн мэдэж, баталж хэлсэн юм. Монголчуудын өөр хоорондоо хийрхэцгээгээд байгаа төмөр замын талаар оросууд ямар ч бодлого бариагүй таг чиг байхад бид өмнөөс нь хөл алдан гүйж, бодоогүйг нь бодуулж, санаагүйг нь сануулчихаж байгаа юм биш үү.

“Нээрээ бидний эрх ашиг хөндөгдөж эхэллээ” гээд гэдийгээд хэвтчихвэл бид юугаа хэлэх билээ. Тиймээс Эрдэнэчимэг гишүүн улс төрийн асар том алдаатай, хариуцлагагүй мэдэгдэлдээ даруйхан залруулга хийх хэрэгтэй байна. Кремлийн нөлөөнөөс гарах гэж ардчилсан хувьсгалыг хийсэн удирдагчид, партизанууд болоод Монголын ард түмэн Эрдэнэчимэгийг залруулга хийхийг шаардаж байна. Тэгэхгүй бол бидний хэдэн түмэн үеэрээ амь нас, хөлс, цус хэдэн зуунуудын боолчлогдохын гашуун мэдрэмжийг амсан байж бий болгосон тусгаар тогтнол минь хаачсан хэрэг вэ. Бид дагуул орон мөн бишийг дэлхий нийтэд та зарлан тунхаглах хэрэгтэй байна. Таныг монголчууд харж байна.

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.