Анх 1995 оны зургаадугаар сарын 24-нд “Камертон” хамтлагийг дөрвөн хөвгүүд нийлж байгуулсан түүхтэй. Хамтлагийн ахлагч Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, Г.Мэнд-Амар нар гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй “18 нас” дуугаа тайзнаа дуулж үзэгч, сонсогчийн танил болж байсан билээ.
Тухайн үедээ хамтлаг Монголдоо шинэ өнгө аяс авчирсан бөгөөд Монголд хамгийн их фентэй хамтлаг болж чадсан.
Харин 2005 оноос хойш хамтлагийн гишүүд тус тусдаа цомог гарган фэнүүддээ бэлэг барьсан. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2” зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид” шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо 2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд, Ганаа “Дурлалын тэнгис” цомгоо мөн 2005 онд тус тус гаргасан.
Тэгвэл энэ зуны тэсрэлтийг камертончууд хийх нь ээ. Тодруулбал, Их хотын цоглог залуусын цугларах сүүлийн үеийн шоу эвэнтийн цэг болсон “Crocus event hall”-д болох юм.
Энэ талаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болдоос тодруулга авлаа.
-Сайн байна уу. Хоёр хоногийн дараа Black & White парти болох гэж байна. Тоглолтын талаар манай сайтын уншигчдад хүргэвэл?
-Зургаадугаар сарын 24-нд 20 цагаас Crocus-т VIBE105.5 радиогийн албан ёсны нээлт болох гэж байна. Мөн манай “Камертон” хамтлагийн 20 жилийн ой болох гэж байгаа юм. Энэхүү тоглолтоороо манай хамтлаг олон сайхан хит дуунуудаа дуулна. Түүнчлэн монголын рок попын урсгал, урсгалын төлөөллүүд оролцсон нэлээн том хэмжээний Black & White буюу хар цагаан нэртэй парти болох гэж байна.
-“Камертон” хамтлаг өмнө нь 15 удаа тоглолтоо сонсогч, үзэгчдэдээ зориулж байсан. Тэгвэл энэ удаагийн тоглолт ямар эгшгээр ялгарах вэ?
-Энэ үдэш бүх урсгалын төлөөлөл болсон хамтлаг, дуучид мөн шилдэг Ди Жи сет хүрнэ. Мөн бүх хүмүүс хар цагаан хувцсаар гоёсон содон шоу болох юм.
-Яагаад заваал хар цагаан гэж. Магадгүй сонгодог өнгө гэдэг утгаар нь уу?
-Аливаа юм чинь хар цагаан дээр бүх зүйл байдаг учраас. Манай фм-ийн гол имиж хар цагаан өнгөн дээр явдаг. Лого нь хүртэл хар цагаан. Төгөлдөр хуурын даралт хүртэл хар цагаан байдаг. Тиймээс л юм болгоныг хар цагаан имижээр партигаа онцолж байгаа.
–Black & White партиг зорих залуустаа хандаж хэлэх үг?
– Энэ үдэш бүгдээрээ хамтдаа 20 цагаас үүр цайтал доргио өнгөрүүлцгээе. Монголын шилдэг Ди Жи нарын сетүүдтэй, рок поп урсгалын шилдгийн шилдэг төлөөллүүдтэй 24-нд Crocus-т уулзацгаая залуус аа.
Камертон хамтлагийн амжилтын түүхээс сонирхуулвал,
- Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гаргасан
- 15 удаа тоглолт хийсэн
- “шилдэг поп хамтлаг”
- “шилдэг бүтээл”
- “Алтан микрофон” наадмын “шилдэг хамтлаг”, “шилдэг цомог”
- “Пентатоник” наадмын “шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарсан гээд тэдний шагналын буухиа өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Өдгөө тэд өөрсдийн залгамж халаа үеээ бэлтгэн рок попын гал тогоонд оруулж ирэн олны танил болгож уран бүтээлийг нь хамтдаа өлгийдөн авч яваа билээ. “Камертон-2” шоунаас төрөн гарсан “Бид4” хамтлаг уншигч таны хэдийнээ танил болсон. Тус хамтлагийн продюсераар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: www.dorgio.mn