Тавантолгойн гэрээ юу болсон бэ?! Хариулт нь тун ойлгомжтой. Гацаасан. Үнэхээр УИХ-д өргөн баригдсанаас (дөрөвдүгээр сарын 23) хойш бүтэн 60 хоног өнгөрчихөөд байхад Тавантолгойн ажлын хэсэг дүгнэлтээ гаргах гэж яарахгүй байгааг гаднаас нь харахад, гацаасан гэхээс өөрөөр тайлбарлах арга алга.
Дотор нь байгаа УИХ-ын гишүүд ч долоо хоног бүр давтан хийдэг Л.Эрдэнэчимэгийн мэдээллүүдэд эхлээд үнэмшдэг байсан бол удалгүй эргэлздэг, одоо бол итгэхээ ч больж дээ.
Тавантолгойг 60 хоног гацаасан эхний хүн нь ийнхүү Л.Эрдэнэчимэг гэдэг нь хэнд ч тодорхой байгаа. Харин хоёр дахь хүн нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх юм. Өмнө нь Зам, тээврийн сайд байхдаа төмөр замын бүтээн байгуулалтыг гацааж байсан энэ эрхэм одоо Тавантолгойн Дэд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа билээ. Бас л гарамгай гацаагч. Энэ ажлаа ч сайн хийдэг. Уг нь УИХ-ын дарга гэдэг хурал зохион байгуулагч, хуралдаан даргалах үүрэгтэй албан тушаалтан. Үүнээс өөрөөр бол УИХ-ын бусад 75 гишүүнтэйгээ нэгэн адил эрхтэй. Гэтэл Тавантолгойн Дэд ажлын хэсгийг яагаад заавал зөвлөхөөрөө даргалуулсныг, яагаад тэр нь Тавантолгойг гацаагаад байгаа нь сонирхол татам байгаа биз. Дээр нь УИХ-ын дарга хурал даргалах үүрэгтэй шиг, Ажлын хэсгийн ахлагч хувийн байр сууриа бус Ажлын хэсгийн дүгнэлтээ л тайлагнах учиртай.
Гэтэл УИХ-ын Ажлын хэсгийг ахалж буй Л.Эрдэнэчимэг, Дэд ажлын хэсгийн дарга А.Гансүх нар өөрийнхөө байр суурийг бүгдийнх нь, бусдынх нь байр суурь мэтээр тайлбарласаар өнөөг хүрлээ. Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Л.Эрдэнэчимэгийн ёс зүйгүй ийм үйлдлийг бид долоо хоног бүр хийдэг хэвлэлийн хурлаас нь хангалттай харсан. Харин А.Гансүхийн хувьд саяхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчидтай уулзаж, энэ төслийг явуулж болохгүй, төмөр замаа тавьчихад л Тавантолгойг хөрөнгө оруулагчгүй олборлож болох юм шиг ярьсан байх юм. Тавантолгойн төслийн эсрэг “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдыг турхирсан энэ үйлдлийг нь хувь А.Гансүхийн байр суурь гэж ойлгох уу, эсвэл УИХ-ын даргын байр суурь гэх үү, бүр Дэд ажлын хэсгийн дүгнэлт гэж үзэх Алин боловч А.Гансүх төмөр зам тавиад л Тавантолгойг олборлочихно гэж “Эрдэнэс Тавантолгой”-нхонд ярьсан нь өөрөө энэ төслийг гацаах ганцхан зорилготойг нь нотолж байгаа юм. Түүний энэ үгийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг ч бас “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчидтай уулзахаар ганцаараа очихдоо (уг нь Ажлын хэсгийн 4-5 гишүүн ирнэ гэж зар тарааж байжээ) яг тоть шиг давтан ярьж явжээ. Үнэхээр тэр хоёрын хэлснээр ганц төмөр зам тавиад л Тавантолгойн бүтээн байгуулалт шийдэгдчихдэг бол амар байхсан. Тийм бол заавал тэр гэрээг Засгийн газар, УИХ дээр хэлэлцээд ч яадаг юм. Гэвч бодит үнэн гэвэл Монгол Улс орон нутгийн Тавантолгой шиг уурхай ажиллуулах гээгүй. Налайхынх шиг жижигхэн уурхай явуулах гэж байгаа бол хамаа алга. Харин дэлхийн хэмжээнд хүрсэн уурхай байгуулах гэж байгаа бол бүгдийг цогцоор нь хийх ёстой. Нэмүү өртөг шингэсэн, тэр нь Монголдоо үлддэг үйлдвэрлэл рүү явах ёстой. Тавантолгойн нүүрсийг ухаад зарах биш, угаадаг, баяжуулдаг, тэгж үнэ хүргэдэг болох ёстой. Ингэж байж үнэ нь өснө, өгөөж нь Монголд үлдэнэ. Үүний тулд Тавантолгойд хэдэн тэрбум доллараар нь хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болсон биз. Тийм юм хэрэггүй, “Эрдэнэс Тавантолгой” дээр төмөр зам тавихад л болно гэвэл тэр дэд усан сан, цахилгаан станцаа хаанаас олох болж байна вэ. Тэр ажилчдын орон сууц, амьдрах орчныг яаж бүрдүүлэх юм бэ.
Саяхан мэргэжлийн хяналтынхан Оюутолгойд шалгалт явуулаад тэнд барьсан сэндвичэн байшингууд нь суурин амьдрах бололцоог хангаагүй гэж дүгнэсэн байна лээ. Түүн шиг Тавантолгой дээр хэдэн гэр, хэдэн сэндвичин байшин босгосноо, тэгээд түүхийгээр нь нүүрсээ ухаж зарснаа дэлхийн хэмжээний уурхай байгууллаа гэж өөрсдөдөө итгүүлэх болж байна уу. Ганц төмөр зам татаад, ганц хоёр гэр бариад уурхайгаа ухна гэвэл Тавантолгойд ямар ч нэмүү өртөг бий болохгүй, ямар ч хот босохгүй. Нэмүү өртөг шингээхийн тулд, нүүрсээ үнс бус, мөнгө болгохын тулд боловсруулалт л чухал. Энэ бүхэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ядаж Ухаа худагийн үйлдвэр шиг дахиад шинэ үйлдвэр босгоё гэвэл зардал нь хэд болох бол. Тооцвол одоогийн Тавантолгойн хөрөнгө оруулалт гээд байгаа 4 тэрбум ам.доллар ч тэрэнд нь хүрэхгүй байх талтай. Учир нь төгрөгийн ханш суларч, долларын ханш чангарснаас болж царцаасан барилгуудаа ч санхүүжүүлж чадахгүй байдал улсын төсөвт үүсээд байгаа шүү дээ. Үүн дээр нь дахиад төсвөөсөө баяжуулах үйлдвэр, усан сан, цахилгаан станц, дэд бүтэц барина гэдэг юу л бол. Бас дээр нь цаг хугацаа байна уу.
Ямар сайндаа ашиглана, ашиглахгүй гээд ганц дүгнэлт гаргаж чадахгүй Тавантолгойг 60 хоног гацаасаар байгаа Ажлын хэсгээс болж Засгийн газар Тавантолгойн тогтоолын төслөө буцаан татаж, зарим өөрчлөлт хийж магадгүй байдалд хүрээд байгаа юм байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга дээр “цухуйлгасан” Засгийн газрын энэ мэдэгдлээс нь харвал дахиад л Тавантолгой хойшлох нь. Харамсалтай нь, алдаж байгаа энэ цаг хугацааны төлөөсийг Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, А.Гансүх нар бус, монголчууд гурван саяулаа төлөх юм даа.
Нээрээ Тавантолгойн гэрээ гацсан (гацаасны) 60 дахь хоногийн мэнд!
Ч.ГАНГЭРЭЛ
Эх сурвалж: www.ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН