
-“Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд хэзээнээс ажилдаа орох вэ?-Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жуулчдыг гэнэтийн халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй. Энэхүү хөтөлбөрийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан НИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбооноос хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жил ажиллахаар бэлтгэгдсэн “Оюутан цагдаа” нар өнөөдөр /өнгөрсөн лхагва гараг/ хувцас хэрэглэлээ аваад, дүүргүүдэд хуваарилагдан ажилдаа орж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт жуулчдын зорчдог, төвлөрдөг, цэгүүдтэй уялдуулан нийслэлийн зургаан дүүргийн 36 чиглэлд ажиллах болно.-Өнгөрсөн жил хэчнээн оюутан ажилласан бэ. Энэ жил тоо нь нэмэгдсэн үү?-2014 онд оюутнуудын хэлний мэдлэгийг үндэслэн эхний ээлжинд 88 оюутныг сонгон авсан. Оюутнууд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 44 чиглэлд ажилласан. Ажиллах хугацаандаа оюутан цагдаа нар нийтдээ 186 цаг ажилласан бөгөөд 600 гаруй мянган төгрөгийн цалин урамшуулал авч байсан. Оюутан цагдаа нар наадмын өдрүүдэд Хүй долоон хутаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд гадаадын иргэдэд туслах, дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг маш амжилттай хийсэн. Энэ жилийн хувьд 120 гаруй оюутан бүртгүүлсэн. Эдгээр 84 хүүхэд шалгарсан.
-Оюутнуудыг сургалтад хамруулсан гэсэн. Ямар чиглэлийн сургалтад хамруулсан бэ?
-Сонгогдсон оюутан цагдаа нарыг гурав хоногийн сургалтад хамруулсан. Тодруулбал, англи хэлний мэдлэгийг дахин сэргээсэн. Гадаадын иргэдтэй хуулийн чиглэлээр хэрхэн ярилцах, ямар мэдээлэл өгөх зэрэг чиглэлийн сургалтыг явуулсан. Цагдаагийн байгууллагийн чиг үүрэг, хууль эрх зүйн мэдлэг олгох зэрэг хичээлүүдэд хамруулсан. Одоо оюутнууд маань жуулчдад мэдээлэл сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх, хууль тогтоомж сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн болсон.
-Ажлын хөлс нь ямар байх бол. Оюутнууд өдөрт хэдэн цаг ажиллах ёстой вэ?
-Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцож, ажлын хөлсийг олгоно. Тодруулбал, оюутан цагдааг өдөрт дөрвөн цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500-4000 төгрөгөөр тооцон олгох юм. Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 мянган төгрөг, жуулчны улирал буюу 7-9 сар дуустал ажилласанаар 900 гаруй мянган төгрөгийн урамшуулал авах болно. Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улсаар аялж байгаа гадаадын жуулчдад туслах, тэднийг мэдээ мэдээллээр хангахад оршиж байгаа. Гэхдээ зөвхөн гадаадын жуулчдад төдийгүй монгол иргэддээ ч шаардлагатай бол үйлчлэх болно.
-Өмнөх жилийнхээс энэ жилийн онцлог гэх зүйл байгаа юу?
-Өнгөрсөн жил “Оюутан цагдаа” нарын хувцас өөр байсан. Энэ жилийн хувьд хувцсыг нь шинэчилсэн. “Найрсаг Улаанбаатар” аян үргэлжилж байгаа, эдгээр оюутнууд гадаадын жуулчидтай тулж ажиллах учир Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлсэн өнгөлөг /цагаан малгай, цайвар ногоон өнгийн хантааз/ хувцсаар хангасан.
Эх сурвалж: www.mminfo.mn