Comment.mn

Д.Мөнхөө: Монголын төр сайн дурын уран сайханчдаар битгий дүүрээсэй

Д.Мөнхөө:  Монголын төр сайн дурын уран сайханчдаар битгий дүүрээсэй
“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөөтэй ярилцлаа.

-Та Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцсан эмэгтэйчүүдийн нэг. Таны батлалцсан “эцэг” Үндсэн хуулийг өөрчлөх цаг болсон гэж та үздэг үү?

-Юуны өмнө уншигчдынхаа амар амгаланг эрье. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлахад оролцох том боломжийг Сонгинохайрхан дүүргийн сонгогчид надад олгож байлаа. Би 33 дугаар тойргоос депутатаар сонгогдож байсан юм. Тэр үед 421 депутат байснаас есхөн эмэгтэй байв. Гэхдээ бид эмэгтэй депутатын бүлэг байгуулаад зөвшилцөл хийхэд нэг саналын эрхтэй оролцдог байлаа. Монгол Улсын хүн амын 50 хувийг төлөөлж байгаа гэдэг утгаар ингэж оролцдог байсан. Үнэндээ энэ бол тухайн үедээ ардчиллын маш том үзүүлэлт байсан юм. Үүнээс хойш ардчиллын ийм том үзүүлэлт гарсан гэдгийг би сонсоогүй л явна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувьд огт хөдөлгөж болохгүй гэж үздэггүй. Үндсэн хуулийг баталснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хооронд олон зүйл өөрчлөгдөж, амьдралд нийцэх, нийцэхгүй асуудал гаралгүй яах вэ. Хамгийн гол нь ямар заалт нь амьдралд тохирч, юу нь Монголын төрийн хөгжил, бэхжилд хэрхэн нөлөөлөв гэдгийг сайн судалсны үндсэн дээр өөрчлөлт оруулж болно. Гэхдээ сэтгэлийн хөдөлгөөнөөр юм уу, тодорхой хэсэг бүлэг хүний ашиг сонирхлоор Үндсэн хуулийг хөндөж хэрхэвч болохгүй. Энэ хуулийг өөрчлөхийн тулд маш их цаг зарж, Монголын ард түмний саналыг авах ёстой. Бид шинэ Үндсэн хууль батлахдаа зөвхөн эмэгтэйчүүдээс л гэхэд 150 мянга гаруй санал авч байж, Ардын их хурлын чуулганд эмэгтэйчүүдийн гарын үсэг зурсан тэр саналыг өргөн барьж байв. Өөрөөр хэлбэл Үндсэн хууль гэдэг Монголын ард түмний оюуны бүтээл юм шүү. Тэр үед хүндрэл, бэрхшээл байсан. Шинэ Үндсэн хуульд орсон заалтын талаар мэдлэг, туршлага, ирээдүйг ойлгох ойлголтын хувьд ч бэлэн биш байлаа. Гэхдээ л хуулийг баталж чадсан юм. Ардын их хурлын депутатын 82 хувь нь тэр үеийн хувьсгалт, одоогийн Ардын намын гишүүд байв. Манай нам нийгмийн шинэ өөрчлөлтөд зохицож, ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон гэж одоо бахархаад байгаа энэ хуулийг баталж чадсан. Үүнийг бүтээлцсэндээ бид сэтгэл хангалуун явдаг. Надад Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан төслийн талаар нарийн мэдээлэл алга. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулахад учир бий гэдгийг хэлэх ёстой. Минийхээр, сүүлийн жилүүдэд Засгийн газар тогтворгүй байгаад байна. Энэ нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх нэг үндэслэл байж болох юм. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эх орон, ард түмний төлөө гэсэн улстөрийн зүтгэлтэн, тийм Ерөнхий сайдыг төлөвшүүлж чадсан уу, үгүй юу гэдгийг би ахмад хүний хувьд бодож явдаг. П.Жасрай гуайн Засгийн газар маш хүнд хэцүү үед дөрвөн жил ажилласан. Огцруулах гээд шөнийн 23.00 цагт парламент дээр асуудлыг хэлэлцэж байхад Жасрай гуай бие нь муу, хамраас нь цус гоожоод байгаа хэрнээ “Би Засгийн газраа авч үлдэнэ. Дуртай нь Засгийн газрыг огцруулаад байдаг жишиг тогтчихвол Монголын төрд аюултай” гэж суусаар байгаад кабинетаа хамгаалж огцруулахгүй гарч ирж байлаа. Бид тухайн үед “Та биеэ бод” гэж зөвлөж байсан ч тэр тэссээр байгаад гарч ирсэн. Үүнтэй харьцуулбал одоо үнэхээр эх орноо гэсэн хүнийг төлөвшүүлж чадаагүй нь Засгийн газар тогтворгүй байгаагийн нэг шалтгаан гэж би хардаг. Нөгөө талаас яг эх орноо гэсэн, улс төрийн хүчин төлөвшив үү гэдгийг ч анхаарах хэрэгтэй. Энэ мэт асуудлыг том, жижиг гэлгүй маш сайн судалсны үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв байх. Одоо өөрчлөх гээд байгаа заалтуудтай санал нийлж үнэндээ чадахгүй л байна.

-Ер нь Үндсэн хуульд зайлшгүй оруулах өөрчлөлт юу байна гэж та боддог вэ?

-Миний бодож байгаагаар, хоёр танхимтай парламенттай байх ёстой. Монгол төрийн уламжлалт түүхэнд ч хоёр парламенттай байсан. Бид Засгийн эрх ард түмний гарт байна гэж Үндсэн хуулиар тунхагласан. Өнөөдрийн сонгуулийн систем Засгийн эрхийг ард түмний гарт өгч чадаж байна уу. Би үүнийг олон жил ярьж байгаа даа. Парламент дээд, доод хоёр танхимтай байх хэрэгтэй. Дээд танхим нь орон тооны биш, жилд нэгээс хоёр удаа хуралдаж, Монгол Улсын хөгжлийн бодлого зэрэг хамгийн чухал асуудлуудаа хэлэлцдэг. Дээд танхимд 321 сумын төлөөлөл суухаас гадна төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байсан хүмүүсээ оруулах хэрэгтэй. Одоо бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүсээ шууд гудамжинд гаргаж байгаа. Тэд Монгол Улсын нууцыг мэдэж байгаа, бодлогын асуудалд шийдвэрлэх үүрэгтэй оролцсон маш том, ашиглах ёстой субьектууд. Тэд дээд танхимд сууж байх ёстой. Ингэж байж төрийн эрх мэдэл ард түмэнд байх механизм жинхэнэ утгаараа бүрдэх байх гэж би итгэж явдаг. Харин доод танхим нь одоогийн УИХ байх бөгөөд байнгын үйл ажиллагаатай хууль тогтоох байгууллага хэвээр байх юм. Дээд танхимтай байлаа гээд нэг их мөнгө үрээд сүйд болохгүй. Харин ч дээд танхим, дараагийн хууль тогтоогчид, улстөрийн зүтгэлтэн төлөвших маш том сургууль байх болно гэдгийг зориуд хэлмээр байна.

-Таны энэ санал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд огт тусгагдаагүй шүү дээ.

-Тийм байна, огт алга. Уг нь ийм бодолтой хүн олон байдаг. Үндсэн хууль батлалцаж явсан, туршлагатай хүмүүстэй санал солилцож байхад ядаж улстөрийн нам нь төлөвштөл, парламентын засаглал бодитой болтол хоёр танхимтай байх хэрэгтэй гэдэг юм. Би Монголын улс төрд нэлээд олон жил зүтгэлээ. Аюулгүй байдал, хөгжлийн бодлогоо монгол хүний, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэхийн төлөө л Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй. Нөгөө талаас төрийн зүтгэлтнүүд, улстөрчид төлөвших боломж эндээс олдоно. Япон, Германд төрийн ажилтны гэр бүлд төрж өссөн байх нь төрийн жинхэнэ ажилтан байх нэг шалгуур болж байна. Энэ нь санамсаргүй сонголт биш. Өнөөдөр төрөө ямар хүнээр бүрдүүлчихээд байгаагаа эргэж харах ёстой. Одоо бол албан тушаалыг сонгодог болчихсон юм биш үү. Монголын төр сайн дурын уран сайханчдаар битгий дүүрээсэй гэж би хүсдэг.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох ёстой гэдэгтэй санал нийлэх үү?

-Шинэ Үндсэн хууль хэлэлцэж байхад энэ том процесс болсон. Нэг хэсэг депутат Ерөнхийлөгчийн засаглалтай байлгана гээд. Нөгөө нь парламентынх байна гээд бөөн маргаан үүссэн. Ямар сайндаа сарын дотор батлах гэсэн Үндсэн хуулийг гурван сар хэлэлцэх вэ. Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно гэсэн бие даагчийн бүхэл бүтэн бүлэг ажиллаж байлаа. Гэхдээ ард түмнээс эхтэй, хоёр эрх мэдэл байна гэдэг яаж ч бодсон буруу. Ерөнхийлөгчиийг сонгодог тусгай субьектийг ард түмнээс сонгох хувилбар зөв байж болох юм шүү. Би ардчиллыг муулдаг хүн биш л дээ. Гэхдээ олонхийн санал гэдгээр ямар ч тоглолт хийж болдог сул тал байна. Төр бүрдүүлэхэд санал худалдаж авдаг, мэдээлэлгүй хүмүүсийн тархийг угааж бодлогын асуудлыг ард түмэнд ойлгуулж нэгдсэн хараагаар харахын оронд худал сурталчилгаагаар санал авч байна. Энэ нь төлөвшөөгүй хүнийг төрд гаргах механизм болоод байгаа юм. Энэ мэтчилэн санал худалдаж авдаг байдал зөндөө байна. Ард түмэнд мэдээлэл алга. Мэдээллийн орон зай нь ч баталгаагүй. 160 гаруй телевиз бүгд Олон нийтийн гэдэг статустай юм шиг ард түмэнд мэдээлэл цацаж байна. Ингэж ард түмний оюун санааг самарч болохгүй. Мэдээллийн орон зайг төрийн зөв бодлогоор зохицуулаагүйн гай энэ юм.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг хасах заалтыг Үндсэн хуульд оруулахаар тусгасан байна лээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэхгүй болохоор Ерөнхийлөгч юу хийх юм бол?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийн бэлгэдэл гэж заасан байгаа. Эв нэгдлийг бэхжүүлнэ гэдэг аюулгүй байдлын том асуудал. Энэ үүргээс нь Ерөнхийлөгчийг татгалзуулаад байгаа юм биш үү гэж бодогдож байна. Энэ мэт заалтыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгасан нь ойлгомжгүй л юм.

-УИХ-ын 76 гишүүн гурван сая хүнийг төлөөлж чадахгүй гэдэгтэй та санал нийлдэг үү?

-УИХ-ын 76 гишүүнд тавьдаг ард түмний хяналт байх хэрэгтэй. Би НҮБ-ын Хүн амын байгууллагын шугамаар АНУ-ын сенатад нэг өдөр ажилласан. Сенатын гишүүний зөвлөх гэдэг шинжлэх ухааны ямар нэг байгууллагын тасгийн даргаас доошгүй албан тушаал хашсан байдаг юм байна. Гэтэл манай зөвлөхүүд гэж ямар хүн ажиллаад байна аа. Үүнээс эхлээд хуулийн чанар, шинжлэх ухааны үндэслэлийг ярина шүү дээ.

-Та төлөвшсөн улстөрч, улс төрийн хүчний талаар их ярих юм. Уг нь хорин жил гэдэг хүний амьдралаар тооцвол төлөвшиж болохоор хугацаа. Гэтэл төр нь яагаад төлөвшдөггүй юм бэ?

-Үндэсний эрх ашгийг дээдэлсэн хүний нөөцийн бодлого алдагдсан. Төрийн ажилтны тогтвортой, мэргэшсэн, баталгаатай байдлын тухай хууль уг нь байдаг ч нэг хүн дарга болж гарч ирээд бүгдийг нь “самарчихдаг”. Нэг зүг харсан хөгжлийн нэгдсэн бодлого алга. Бидний үед “Үндэсний хөгжлийн бодлого” баталсан. 1996-2000 онд АН засаг барьж байхдаа “Тогтвортой хөгжлийн бодлого”, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Мянганы хөгжлийн зорилттой уялдуулсан хөгжлийн бодлого”-ыг УИХ-аар батлуулж байлаа. Гэхдээ хоорондоо ямар ч авцалдаагүй, хэн ч эргэж хардаггүй. Үүнд анхаарах ёстой. МАН 2030 он хүртэлх дунд хугацааны бодлого гаргаж Бага хурлаараа хэлэлцсэн. Түүнийгээ гаргаж ирж ард түмнийх болгож, Монгол төрийн бодлого болгож тавих хэрэгтэй.

-Та намынхаа ажилд хэр оролцдог вэ. Засгийн газарт хамтарсныг дэмждэг үү. Аль эсвэл эсрэг байр суурьтай байдаг уу?

-Намын ажилд оролцдоггүй ээ. Засагт хамтарсантай учиргүй их санал нэгдээд байдаггүй юм. Харин С.Баярын нэгдсэнийг дэмждэг. Тэр бол үндэсний эрх ашгийн төлөө хийсэн маш том алхам байсан гэж боддог.

-Сонгуулийн тогтолцооны талаар танаас асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Та аль хувилбарыг дэмждэг вэ?

-Пропорциональ систем тодорхой хэмжээгээр байх ёстой. Манайхан үүнийг буруу хэрэглэчихсэн юм. Дарга нараа намын жагсаалтад оруулах замаар УИХ-д суулгадаг арга болгон ашигласан. Гэтэл дэлхийн бусад оронд үүнийг хүн амын бүлгийн төлөөллийг парламентад оруулж ирэх аргаар хэрэглэдэг. Жишээлбэл, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад, үндэсний цөөнхийн төлөөллийг оруулж, тэд бүлгийнхээ эрх ашгийг хууль тогтоох, төрийн бодлогод тусгуулж, эрх ашгийг нь хамгаалдаг. Парламентад олон удаа сонгогдож, төлөвшсөн хүний оюун санаа, бодлогыг авч үлдэх төрийн залгамж чанарыг хадгалахын тулд мөн ашигладаг. Ажилчны эрх ашгийг хамгаалдаг хүн алга, ажилчдын асуудлыг төрийн бодлогод хэрхэн тусгах вэ гэдэг асуудал дэвшүүлж пропорциональ системийг гаргаж ирж байсан. 1790 онд Английн том философичийн хөндөж байсан асуудал шүү дээ.

Парламент дээд, доод хоёр танхимтай байх хэрэгтэй. Дээд танхим нь орон тооны биш, жилд нэгээс хоёр удаа хуралдаж, Монгол Улсын хөгжлийн бодлого зэрэг хамгийн чухал асуудлуудаа хэлэлцдэг. Дээд танхимд 321 сумын төлөөлөл суухаас гадна төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байсан хүмүүсээ оруулах хэрэгтэй. Одоо бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан хүмүүсээ шууд гудамжинд гаргаж байгаа. Тэд Монгол Улсын нууцыг мэдэж байгаа, бодлогын асуудалд шийдвэрлэх үүрэгтэй оролцсон маш том, ашиглах ёстой субьектууд. Тэд дээд танхимд сууж байх ёстой.

М.АЛТАНЦЭЦЭГ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.