Comment.mn

Брендлэг амьдрал ба шунал


Би Америкт ирсэн цагаасаа хойш олон хүний амнаас энэ чинь Америк ш дээ ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй, Америкт хүмүүс нүүрээ буддаггүй ш дээ, бас хөлд эвтэйхнээр нь углааш, пүүз л угалчихдаг. Энэ Америкт чинь хар кофе уухгүй бол болдоггүй ш дээ. Бүр сурчихдаг юм.

Монгол хоол яршигтай болхоор манайх ер хийдэггүй ш дээ гэж ярихыг бишгүй олон сонсож байв. Харин би анхнаасаа энэ Америкт энэ хүмүүсийн хэлж байсан энэ олон болох болохгүйг алиныг нь ч сурахыг, мөрдлөгө болгохыг хүссэнгүй. Үргэлж шахуу өөрт томдсон, хэлхэгнэсэн юм өмсөж, хаа нэг даашинз өмсөх болоход багтахаа болихоос би залуугаасаа эмээсээр ирсэн. Би нүүрээ будаж, ямар ч ажилд очсон өөрт эвтэйхэн бүдүүвтэр өсгийтэй гутал өмсөж, биеэ барьсан голдуу хувцаслаж, хар кофе биш хаа нэг шар тос самарсан сүүтэй цайгаа ууж, үгүй бол ногоон цай, ус залгилж, өдөр бүр монгол хоолоо хийж идэж, өдийг хүрэв. Хаа нэг Монголчуудын дуу хуур, бүжиг танцанд очихдоо ямар брендийн юм өмсөж, яажшуу гоё сайхан харагдахав гэж тархиа гашилгаж байсангүй.

Хэдийгээр хүмүүс энэ нэг хөгшин авгай гэж жигтэйхэн муулдаг ч хэхэ. Хормойгоо чирж, гэзэг үсээ сэгсийлгээд нурмайж явахыг минь охин, нөхөр минь ч хараагүй. Амьдрал бол гайхамшигтай үдэшлэг гэж боддог учир өглөө, өдөр бүрийг гоё сайхан угтах дуртай би. Өөрт байгаа бүхнээ зохицуулан өмсөж, харин ямар нэгэн арга хэмжээ хөтлөх болвол бусдыг хүндлэх үүднээс зориуд шинэ даашинз худалдаж авч, дараа нь түүнээ бага сага өөрчлөн гоёж бас нэгэн арга хэмжээн дээр өмсчихдөг. Ингэлээ гээд би хувьдаа муудаж, муухай болсонгүй. Би брендийн үнэтэй хувцас авч өмсөх мөнгийг Монголд эсвэл энд зовлон зүдгүүр тохиолдсон нэгэнд 50,50 аар нь тараагаад өгөхийг илүүд үзэж, түүндээ бас өөрөө учиргүй баярладаг. Хаа нэг хэт их үнэтэй биш ч аятайхан боломжийн гангарааг хань минь надад бэлэг болгон өгөхөд гэр бүлийн данс тооцоонд дарамт учруулаагүй бол баярлан авдаг. Учир нь миний баярлах цэнгэхэд гэр бүлийн маань санхүү ганхаж байхад би дургүй. Гол нь үнэ бренддээ ч биш. Түүнийг эдлэж хэрэглэсэн эзэнд их учир байдаг гэж би боддог. Намайг цэл залуу байхад бидний үеийнхэн тэр бренд энэтэр мэдэх ч үгүй ч хөөрхөн сайхан харагдаж, бусдын харцыг булаасаар л ирсэн. Өнөөдөр би хувьдаа хүнийг хичнээн их бренд наасан баян хүн бэ гэж харахаасаа илүүтэй энэ брендийг авах гэж олсон мөнгөө харамсах ч үгүй бусдын сайн сайхны төлөө зориулж чаддаг хүн үү үгүй юу гэдгийг л хархыг хүсдэг.Тийм нэгнийг харвал учиргүй баярладаг.
Би өнөөдрийг хүртэл төрийн өндөрлөг, бизнесийн өндөрлөгт гарч чадсан эрчүүдийн эхнэрүүдээс хэн тийм сэтгэлийн бядтай эмэгтэй вэ гэж л хархыг хүсдэг. Миний шуналаа хөдөлгөн байж авсан ганц брендийн үнэтэй цүнх Монголд хэдэн мод болж болох бол гэж бодхыг хүснэ. Миний шуналтай авсан LV Брендийн ганц цувны үнэ надад яг нарийндаа ямар таашаал өгөхийг би мэдэхгүй байна. Би түүнийг өмсөхөөр нисэх юм болов уу? Эсвэл нас минь нэмэгдэх юм болов уу? Шунал хүсэл гэдэг өөрөө оройгүй эд л дээ. Тиймээс түүнийг байнга л нухчин дарж байхыг хүснэ. Бид орлогондоо тааруулж амьдарч сурах хэрэгтэй байна. Хаа сайгүй баярхаж амьдрах гэдэг хүмүүсээс залхаж байна. Би Америкт амьдардаг.Учир нь надад хань, үр хүүхэд, унах унаа, унтах ор дэр. Намайг хайрладаг гэр бүл минь байна. Эдийн засгийн хувьд би баян биш ч аз жаргалтай амьдардаг юм. Учир нь би баян баялаг амьдралыг ямар нэгэн хэлбэр дүрсээр хэмждэггүй учир. Хааяа ядуу л байна даа гэж зурвасхан бодол орж ирхэд үлдэн хөөж, үтэр түргэн зайлуулдаг. Америкт ямартай ч ямар ч хүн өлсөж үхэхгүй орон. Гар нь хөдөлж, өөрөө л хүсэж байвал 90 настан ч ажилаа хийсээр байх болно. 10$т хүүхдүүддээ хангалттай жимс авч, хамгийн хямд тахианы махаар, ногоотой хольж юу л бол юу хийгээд идчихнэ. Хүмүүст өмссөн хувцас, унасан машинаа харуулах гэж гайхуулах гэж амьдрах биш, үр хүүхэд гэр бүлдээ яаж хамгийн бага зардлаар зөв сайхан хооллож, ширээгээ тойрч баяр баясалтай өглөөний болоод оройн хоолоо хамтдаа идэж, сонин хачинаа ярилцаж инээлдэж суух л миний мэдэх жинхэнэ бренд юм даа. Хүмүүс зүгээр л аз жаргалын даавар илүү ялгаруулж чадсан нь нэг ёсондоо өөрийнхөө хэлбэр дүрс, үйлдэлд хангалуун байж сурвал өөрт байхгүй зүйлд улайрч үхэлдэхээ болих. Яг үнэндээ бидний хэчнээн нь жинхэнэ, дууриамал хоёроо ялгадаг билээ дээ. Гадаад оронд очиж үзэж хэл соёлтой нь танилцаж байж л тэр брендийн зүйлүүдийг чинь анхлан шилэн хоргоны цаанаас харах ккк. Авахсан гэж хорхой хүрэх ч сар бүр тоо томшгүй эргэлдэх зарлагаа төлөх үү? Тэр брендийн үнэтэй цүнхийг барьчихаад эмээ өвөөгийнхөө бөгсийг арчиж, эсвэл хумсны салонд ширээнийхээ ард чулуудах уу? Эсвэл хадгалж хадгалж хаа нэг шкафнаасаа гаргаж Монголчуудынхаа цугласан газар сугавчлаад алхах уу ккк. Би лав хувьдаа хэзээ ч хүүхний барьсан цүнхийг биш өөрийнх нь царай, бие галбир, бас үнэр, алхаа гишгээ, хувцасны донж маяг, бас дээрээс нь инээмсэглэлийг, бас нүүрнийх нь арьсыг харж шинжих дуртай. Магадгүй үнэхээр сайхан хүүхэн бол аандаа барьсан зүүсэн нь бас нүднээ тусах биз ээ.Бренднээс илүүтэй эр эмгүй биенийхээ хэлбэр галбирт, цаашлаад эрүүл мэнддээ л анхаарал тавьцгаая. Хамгийн чухал бренд бол өөрөөсөө илүү нэгнийг хүлээн зөвшөөрч, бас хүний сайн сайхныг ядаж л сайхан зохиож ярьж муулж чаддагтайгаа ижил хэмжээтэй биш гэхэд өчүүхэн төдий хийж сурцгаая. Амьдрал өөрөө яг л эрвээхэйн далавч, бас солонго шиг, гоёхон болхоор амьд яваа махан бодь, оюун ухаанлаг брендийн төлөө улайрцгаая .Бренд өмсөөд сайхан харагдана гэж бодох биш, эрээн даавуу өмссөн ч гоё сайхан харагдаж болдог гэдгийг санаж амьдар. Тэгэхийн тулд бие, сэтгэл хоёр эрүүл, зөв сайхан бодолтой байхад л болчихно.
Яруу найрагч Хулганайн Тэргэл 2015 Чикаго хот. (Номын хэсгээс авав)

Эх сурвалж: www.dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.