БЗД-ийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс толгойгүй нэг, хэн болох нь танигдахгүй болсон нэг цогцос, нийт хоёр эмэгтэйн цогцос олдсон бөгөөд цагдаа нарыг хэргийг шалгаж сэжигтнийг баривчилсан байдаг.
Тэгвэл энэ хэргийг нэг хүн үйлдсэн байх боломжгүй гэж үздэг ч өнөөдөр хуулийн байгууллага болон шүүхээс Б.И гэх залууг яллагдагчаар татаад байгаа. Б.И-д Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.12, 91.2.16 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан болон Давж заалдах атны шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оноосон байдаг. Тодруулбал өчигдөр давж заалдах шатны шүүхээс Б.И-д оноосон 25 жилийг ялыг хэвээр нь үлдээсэн юм. Б.И Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа.
Тэгвэл иргэн Б.И-г буруугүй гэдгийг өмгөөлөгч болон төрсөн эгч нь болон хэрэг гардаг өдөр хамт байсан найз З нь баталдаг. Тухайлбал хэрэг гардаг өдөр яллагдагч Б.И нь найз З-тойгоо хамт хоносон гэдэг. Үүнийгээ З нь ярьдаг хэлдэг юм билээ.
Б.И-ын өмгөөлөгч Ш.Бадмаараг: “Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон гэх нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Тухайлбал гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, бичлэг байдаггүй. Хэрэг хийгээгүй энэ хүнд онц харгис бүдүүлэг, ёс суртахуунгүй ял оноож байгаад харамсаж байна.” гэдгийг мэдэгдсэн.
Тэгвэл Б.И-ын төрсөн эгч Б.Золзаяа миний дүү хэрэг хийгээгүй нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байгаа. Ийм үед буюу шүүхийн шатанд байхад Г.Дөлгөөнмандал гэж хүн 50 сая төгрөг өгвөл энэ хэргийг хэн хийсэн талаар мэдээлнэ гэсэн. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа тэр н.Ёндонжамц гэх залуу энэ хэргийн эзэн нь хэн болох талаар ярьж байхад нь хажууд нь байсан гэсэн. Бүр “Энэ хэргийг хийсэн хүн гадаа наранд зүгээр л явж байгаа. Харин энэ Б.И гээд байгаа залууг ёстой мэдэхгүй юм байна. Би энэ хэргийг хэн хийснийг мэднэ” гэж ярьсан байсан. Бас хажууд нь н.Ардикан гээд нэг Казах залуу, нэг хөгшин хүн байсан гэж байгаа. Надтай 9946-тай дугаараас утсаар ярьсан. Анхан шатны шүүх хурлаас хойш сарын дараанаас над руу утасдаад надаас мөнгө нэхэж эхэлсэн. Улмаар нэг удаа биечлэн уулзая гэж хэлсэн. Би үнэндээ жаахан айж байна. Одоо би ажил ч хийж чадахгүй, дүүгийнхээ төлөө ганцаараа л гүйгээд байна. Г.Дөлгөөнмандалд “надаа энэ их мөнгийг өгөх боломж байхгүй гэдгийг чи мэдэж байгаа. Чи жинхэнэ хэрэг хийсэн хүнийг нь хэлээд өгчих” гэхээр “Юу гэж хүнийг нь хэлэх юм эгчээ. Хэрэг хийсэн хүн наранд байгаа. Та мөнгөө өгчих өө. Бүх зүйл мөнгөн дээр тогтоно шүү дээ. Мөнгө хүчтэй болохоор. Ганцхан хүнийг амийг 50 сая гэж байхад чинь бүхэл бүтэн хоёр хүнийг амийг 50 саяар худалдаж авна гэж байна” гэж хэлсэн. Миний дүү буруугүй, өөрөө ч үүнийгээ хэлдэг. Хэргийн газраас олдсон бөгж миний дүүгийнх биш, хэргийн газраас Б.И-ын хурууны хээ олдоогүй байхад буруутгаад байна. Улсын дээд шүүхэд хандах бодолтой байна гэдгийг хэлж байлаа.
Хуулийнхан баримттай байж л хүнийг яллах учиртай. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс ял оноосныг үзэхэд гэм буруутай этгээд нийгмийн сэтгэл зүйгээр тоглох гээд байна уу? Эсвэл үнэхээр хуулийнхан гэмгүй хүнийг яллах гээд байна уу? Гэдэг нь ойлгомжгүй болчхоод байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn