2002 онд Төв аймаг дахь УИХ-ын 38 дугаар тойрогт нөхөн сонгууль болсныг олон хүн санаж байгаа болов уу. Монголын улс төрд том зай үлдээж одсон эрхэм хүмүүн М.Зэнээ агсны орыг залгах улс төрч тодрох нөхөн сонгууль учраас олны анхаарлыг маш их татаж байв. Нөхөн сонгуульд дөрвөн эрхэм нэр дэвшсэн.
Эдгээр нь Ж.Гомбожав, До.Ганболд, Су.Батболд, З.Эрдэнэбилэг нар. Эхний хоёр нэр дэвшигчийг төрийн экс түшээ, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс одоо ч андахгүй. Гурав дахь нь энэ нөхөн сонгуулиар УИХ-д анх орж ирсэн, энэ цагийн эрхэм гишүүн, бидний сайн мэдэх Су.Батболд. Монголын морины наадмын
түүхэнд нэрээ мөнхөлсөн алдартай уяачийн хүү.
Дөрөв дэх нь З.Эрдэнэбилэг. Одоо хүмүүс түүнийг бараг мэдэхгүй байж ч магад. Уг нь тухайн үедээ олны танил судлаач байв. Тэрбээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орох зиндааны алдартнуудын судсаар урд хөршийн хомо сапиенсын шингэн гүйж буй эсэх, хүүхэд байхдаа хонгондоо хөх толботой байсан үгүйг өөрөөр хэлбэл, хятадын эрлийз үү, эсвэл цэвэр монгол үндэстэн үү гэдгийг аман эх сурвалж, архивын материалаар тодруулдаг ажил хийдэг байлаа.
1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МҮАН, МСДН хамтран Пунсалмаагийн Очирбатыг, МАХН нь Лодонгийн Түдэвийг нэр дэвшүүллээ гэж албан ёсоор зарлаад байсан үе. Бидний хэдэн нөхөр нэр дэвшигч П.Очирбатын сонгогчидтой хийсэн хэд хэдэн уулзалтад оролцлоо. Гарал үүсэл, цусны найрлага судлаач З.Эрдэнэбилэг бас л ирсэн харагддагсан. Уулзалт болгон дээр тэрбээр “Таныг хужаагийн эрлийз гэдэг, энэ үнэн үү. Эрлийз гэдгээ нуух гэж ааваараа биш ээжээрээ овоглосон гэл үү. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгнө үү” гэж асууна. Уг нь нэр дэвшигчийн гарт өөрийгөө хятад хүний хүүхэд биш гэдгээ баталж чадах “хөзрийн хоёр том тамга” байсан юм. Эдгээр нь улсын архивт хадгалагдаж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын наймдугаар багт 1944 оны арваннэгдүгээр сар, 1947 оны наймдугаар сарын 8-нд явуулсан хүн амын тоо бүртгэлийн материал.
Эхнийхэд нь “Гонсын Гэндэнжав 52 настай эрэгтэй, халх, эхнэртэй. Гэндэнжавын Очирбат хоёр настай. Цогтын Пунсалмаа 27 настай, эмэгтэй, халх, нөхөртэй” гэж тодорхойлсон бөгөөд өрхийн тэргүүн Гэндэнжавыг нас барсны дараах хүн амын тооллогын хоёр дахь материалд “Гэндэнжавын Очирбат таван настай, эрэгтэй, халх, малын ажилтай, Цогтын Пунсалмаа 30 настай эмэгтэй, нөхөргүй, монгол бичиг, шинэ үсгээр уншиж бичиж чадахгүй. Сургуульд яваагүй, малын ажилтай. Гэндэнжавын Жамбалгарди 1 настай. Мал нь адуу 1, үхэр 5, сарлаг 5, тугал бүгд 4, хонь 23, хурга 10, ямаа 2, ишиг 1” гэжээ. Ц.Пунсалмаа нь ханилсан хань Гэндэнжавыгаа 1947 оны хавар нас барсны дараа бага хүү Жалбалгардийг айлд үрчлүүлж, том хүү Очирбатыгаа дагуулан Улаанбаатар хотод иржээ. Улмаар Бөхөөн гэдэг өвөр монгол хүнтэй сууж хотын зүүн дүүрэг Амгаланд суурьшин аж төрсөн байдаг. Хүү нь 1951 онд Амгалангийн сургуульд орохдоо бурхан болсон ааваараа ч, Бөхөөн ахаараа ч биш, ээжээрээ овоглож Пунсалмаагийн Очирбат гэж бүртгүүлжээ.
Залуучуудтай хийсэн уулзалтад нэр дэвшигч П.Очирбат,
-Миний төрсөн Завханы Түдэвтэй нь мөнх цаст Түдэвтэй уулаараа нэрлэгдсэн сум. Ер нь их хүйтэн дээ. Цельсийн хасах дөчин хэдэн градус, бараг л 50 шахаж хүйтэрнэ шүү дээ. Хүйтэн учраас хятадууд байсангүй. Би өөрийнхөө төрсөн өдөр сараас урагш хөөж бодохоор ижийнхээ хэвлийд дүн өвлөөр олдсон байдаг юм. Тэгэхээр, Эрдэнэбилэгээ, тэр их тачигнасан хүйтэн өвлийн шөнө намайг хийх гээд шаахайтай нэг хужаа манайх руу явж байсан гэвэл хэр үнэмшилтэй сонсогдож байна вэ гэж хариулна. Танхимд цугларсан залуучууд пирхийтэл инээд алдаж хөхрөлдөөд ирээдүйн Ерөнхийлөгчөө монгол хүн гэдэгт үнэмшиж байсансан.
Харин ахмадуудтай хийсэн уулзалтад нэр дэвшигч П.Очирбат гарал үүсэл судлаач З.Эрдэнэбилэгийн асуултад арай өөрөөр хариулж байлаа. Тэрбээр,
-Ах нар минь дээ. Би чинь социализмын үед, Цэдэнбал даргын үед 1972 онд Түлш, эрчим хүчний яамны дэд сайд, 1976 онд яамны жинхэнэ сайд болж байсан хүн. Хятад, Монгол Улсын харилцаа маш муудсан цаг шүү дээ. Хэрвээ би хятадын эрлийз байсан бол тийм өндөр албан тушаалд тавих байсан уу. Үгүй байх аа. Та минь ээ, үүнийг юу гэж бодож байна. Эрдэнэбилэг гэдэг энэ залуу яах вэ, миний хийж байгаа уулзалт болгон дээр, тусгай даалгавраар намайг хятадын эрлийз гэж ойлгуулах гэж явдаг юм. Би Завханы Галуутайн хүрээний лам байгаад хар болж миний ээжтэй ханилсан Гэндэнжав гэдэг хүний хүүхэд нь гэлээ. Тэнд байсан ахмадууд нэр дэвшигчийн хариултад баяр хүргэн, бүр босч зогсоод алга ташиж байсансан.
Бивээр дээр дурдсан Төв аймгийн 38 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль болсон 2002 онд өөрийнхөө уг гарвалыг архивын баримтаар тодруулахаар Үндэсний төв архивыг зорьсон юм. Далимд нь таньдаг мэддэг ганц хоёр хүний уг гарвал, эцэг өвгөдийнх нь хошуу нутгийг нь тогтоох сэдэл төрж байна. Яагаад ч юм бэ, тохиолдлоор Архивын газрыг зорих замд анхлан тааралдсан хүн нь сэтгүүлч, яруу найрагч Ойдовын Содномпил байв.
-Хүн өөрийн язгуур угсаагаа эс мэдвээс ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж гэж эртний судар “Шар тууж”-д бнчжээ. Дүү нь өөрийгөө эзэн Чингнс хааны удам эсэхээ тодруулах гэж явна. Та чёин Архангайд төрсөн төв халх байх аа. Таныг бас Чингис хааны хойчис эсэхийг мэдээд өгье. Таны овог тань Ойдов, андар өвгийн тань нэр бурханы Очир бил үү гэж түүнд хэллээ. О.Содномпил найрагч,
-Баярлалаа. Би л Архангайд төрсөн болохоос өвгө дээдсийн минь нутаг Ховд аймаг. Аав минь Эрдэнэбүрэнгийн өөлд. Тиймээс аавын Ойдов, өндөр өвөөгийн бурхны Очир гэсэн нэрээр хөөгөөд Чингисийн удам гэж гарч ирэхгүй. Харин манай өндөр өвөөтэй адилхан нэртэй, ёстой жинхэнэ Чингисийн удмын өөр нэг Очир байсан юм билээ гэж байна.
•Та яаж мэдэж байна вэ. Архиваас үзсэн юм уу, Тэр Чннгнснйн удмын Очирын чннь үр хүүхэд одоо хаана байна вэ гэж лавлахад тэрбээр,
-Чингисийн удмын Очирынхны угийн бичгийг Д.Сумьяабаатар Докторын “Чингисийн алтан ургийн Угийн бичиг ба Гэрийн үеийн бичмэл” номноос харсан юм. 141 дүгээр хуудсанд нь …Харчин – Баатар – Очир – Чимэд – Сайханбилэг -Өнөбилэг гэж бичсэн байна Лээ, Сайханбилэг нь одоо энэ, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Сайханбилэг. Өнөбилэг гэдэг нь бодвол хүү нь байх гэж хариуллаа.
Түүнээс хойш бүтэн 13 жил өнгөрч нөгөө Залуучуудын холбооны Ч.Сайханбилэг ерөнхийлөгч нь Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд болсон байна.
Монголчууд аавын талаа ясан төрөл, ээжийн талаа цусан төрөл гэж ярьдаг улс. Ясан төрлийн гол зангилаа эцэг, цусан төрлийнх эх гэж үзнэ. Үүнээс үндэслэн ураг төрлийг шууд буюу голын, хажуу буюу хажуугийнхад авга, нагац болон тэдний хамаатан саданг тоолдог билээ. Үр хүүхдээ мах цусны тасархай гэх атлаа ясан төрлөө арай л илүүд үзнэ. Гэтэл шинжлэх ухааны үүднээс энэ ойлголт, түүнийг дагасан дотносох сэтгэлгээ нь ямар ч утга учиргүй ажээ.
Хүн болгон 32040 гентэй, өөр өөрийн гэсэн генийн сантай юм байна. Генийн сангийн 16020 нь эцгээсээ, 16020 нь эхээсээ байгалийн “клоуны арга”-аар хувилагдаж ирсэн байдаг. Тэгэхээр аав, ээжээсээ адилхан 16020 ген авч төрчихөөд ясан төрөл, цусан төрөл гэж ангилан хандлагын дээд, доод төвшин тогтоох нь шинжлэх ухааны суурь мэдлэггүйн нөлөөт тусгал гэж үзэх ёстой аж.
Одоо Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгг эзэн Чингис хааны генийн сангаас байгалийн “клоуны арга”-аар хувилагдаж ирсэн генийг тооцъё. Чингис хааны отгон хүү Тулуйд эцгийнх нь 16020 ген, түүний хүү Хубилай хаанд өвөөгийнх нь 8010 ген, Хубилай хааны хүү Өлзийт хаанд эзэн Чингисийн 4005 ген хувилагдаж ирнэ. Ер нь нэг үе төрөх бүрт эзэн Чингисийн ген хоёр дахин багасах маягаар хувилагдаж түүний хойчийн удмынханд үлдэнэ гэж ойлгож болно. Ийм маягаар багассаар Чингис хааны 15 дахь үеийн Батмөнх даян хаан гэхэд 0.997 “чингис” гентэй байжээ. Харин одоо Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Ч.Сайханбилэгт 0.000000028 “чингис” ген ногдож байна.
Эцэст нь хэлэхэд, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд минь эзэн Чингис хааны удам мөн байх, биш байх нь Монгол Улсын иргэдэд ач холбогдол багатай зүйл. Гагцхүү “Чингис”, “Самурай” бондыг зөв зарцуулж, “Тавантолгой”-г хөдөлгөхөд толгойгоо сайн ажиллуулж чадах аваас таван хошуу малын буян дээр тогтож ирсэн бүх монголчуудын амьдрал дахин нэг нугарч дэвшин дэгжихэд маш ач холбогдолтой билээ.
Б.ЕРЭНТЭЙ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Эх сурвалж: www.Үндэсний шуудан сонин