Тэгвэл С.Ганбаатарыг анх монголчууд “Фэнгшүй” гэх тодотголоор нь мэддэг болсон. Улмаар 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай иргэний хөдөлгөөн манлайлж жагсаж явсан нэгэн. Ийнхүү жагссаныхаа хариуд тэрбээр 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн суудлыг авсан гэдэг. Түүний талаар олон л мэдээлэл гардаг байв. Зах зухаас нь дурдахад, “Анх Хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байжээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байв”, “Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллах болсон талаар нь асуухад “Гэнэтхэн эдийн засаг, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллана уу гэсэн урилга аваад маш их баярласан. Би улстөрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг ажлаа золиослоод гудамжинд гараад талбай дээр гэр бариад цагдаа нартай зодолдоод явна гэдэг хэцүү шүү дээ” гэж ярилцлага өгч байжээ” гээд л мэдээлэл олон бий. Энэ мэт мэдээллийг гарч байхад тэрбээр хэвлэл мэдээлэлтэй тэрсэлдэж байгаагүй. Харин өнөөдөр үүнийг уншвал мөн л “хөлсний бичээч” бичжээ хэмээн түвчигнэхийг үгүйсгэхгүй.
Магадгүй тэр хувь хүнийхээ хувьд туйлбаргүй нэгэн байж болох. Учир нь тэрбээр 2012 оны сонгуулийн өмнө УИХ-д өрсөлдөхгүй гэж байсан ч гэнэт бие даан нэр дэвшихээр болсон байдаг. Дарханчууд түүнд итгэл үзүүлснээр тэр энэ парламентад багтаж чадсан. “Фэнгшүй”-гээс “Жагсагч”, “Үйлдвэрчний Ганбаа” нэртэй болоод байсан тэрбээр УИХ-д орсноор “Босоо” гэх тодотголыг хүртэл зүүгээд авсан. Учир нь тэрбээр үг хэлэхдээ заавал индэр дээр зогсож байна гэсэнтэй нь холбоотой. Харин сүүлийн үед популизм хийдэг гэдгээрээ “алдаршаад” байгаа гэж болно. Учир нь түүний хувьд Оюутолгойн гэрээг эсэргүүцсээр ирсэн. Өдгөө Тавантолгойн гэрээнд ч мөн л эсрэг байр суурьтай байгаа гэдэг. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг шиг мега төслүүдэд хаалт хийж байгаагаараа олон нийтэд адлагдаж байгааг нь ч дурдахгүй өнгөрч боломгүй.
Хэдийгээр өөрөө “Миний мөрийн хөтөлбөрт Оюутолгойн талаар нэг ч үг үсэг байхгүй. Оюутолгойн асуудлаас залхаад болих надад амар. Би энэ асуудлаар улс төр хийнэ, нэр хүнд хөөцөлдөх гээгүй. Зөв сэтгэлтэй байх улс оронд хэрэгтэй” хэмээн ярьж байгаа ч үүнд итгэхэд бэрх. Учир нь түүний дүү С.Гантуяа “Оюутолгой” компанид ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Хөдөлмөрийн маргаан шүүх дамнан үргэлжилсэн ч “С.Ганбаатар дүүгээ ажилд нь эргүүлж оруулахын тулд Оюутолгойг шантаажилж байна” гэх яриа мэр сэр гарч байсан. Үндсэндээ энэ тохиолдолд гэр бүлээрээ ашиг сонирхлын зөрчил яригдах ёстой. Энэ мэтээр дурдаад байвал С.Ганбаатартай холбоотой факт цөөнгүй. Гэтэл өөрийн толгой дээрх бухлыг харахгүй, өрөөлийн толгой дахь өвсийг харна гэдэг шиг огт өөгүй цэвэр өөрийг нь “хөлсний бичээчид” нийгэмд сөрөг харагдуулж байна гэж ярьж явах нь хэр зохимжтой юм бол. Ямартай ч тэрбээр УИХ-ын гишүүний суудалд залраад хэн байснаа мартав бололтой.
Эх сурвалж: www.info.mn