Comment.mn

Нийслэлчүүд маргаашаа хараад тэвчих хэрэгтэй


Нийслэлээс зуны хоёр сар хотын төв хэсэгт дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргалаа. Иргэдийн цөөнгүй хэсэг нь бухимдалтай байна. Энэ нийслэл чинь яачив аа, замгүй, усгүй, тоггүй, цэвэр­лэх байгууламжгүй…

Дээр нь түгжрэл гээд. Гэвч нийслэлчүүдийн энэ их стрессийг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа бололтой. Байдал энэ хэвээр үргэлжилбэл хотын халуун дулааны шугам ирэх өвөл ачааллаа дийлэхгүй юм байна лээ. Жишээ нь ирэх намар Амгалангийн дулааны станц ашиглалтад ороход түүнээс шахах өндөр даралтыг өнөөдрийн шугам хоолойнууд даахгүй хага үсэрнэ. Ийм байдалд хүрвэл хотын зүүн хэсгийг хангах энэ станц ашиглалтад орсны хэрэг гарахгүй. Тийм болохоор өнөөдрийн энэ бүх хязгаарлалтыг хийж Амгалангийн станцад зориул­сан бүдүүн шугам хоолойнуудаа тавьж, мөн цаана нь хийгдэх шугам сүлжээний бусад ажлаа амжуулах шаардлагатай болжээ. Үүнийг нь нийслэлчүүд бид ойлгон хүлээж авъя. Ганц шугам хоолойны ажил ч бус шинээр баригдсан олон тооны барилга байгууламжууд шугамын шинэчлэл хүлээгээд хаалгаа нээхгүй байгаа гэсэн. Дэлхийн аль ч хотод тулгамдаж байдаг энэ асуудлын шийдэл нь манай өнөөдрийнхтэй яг адил хөдөлгөөнийг саармагжуулж, замын урсгалд тодорхой хугацааны хориг тавьж хийгддэг.

Үүнээс гадна нийслэлд зам, гүүр, гарц шинээр барих, шинэчлэн засварлах ажлууд энэхүү дугаарын хязгаарлалттай үед хийгдэнэ. Гэхдээ шугам сүлжээгээ бодвол хугацааны хувьд харьцангуй наана дуусах боломжтой юм. Замын технологи харьцангуй сайжирсан учраас. Монголын нийслэлд тулгамдсан эхний хоёр асуудал бараг энэ болов уу. Эдгээрийг үе шаттайгаар, хурдан, чанартай хийгээд явбал Монгол Улсын хүн амын талаас илүү нь амьдран буй хот тулгамдсан асуудлаа шийдэж чадаж байна гэсэн үг. Бүр цаашилбал Монгол Улс асуудлаа шийдээд явж байна гэсэн үг.

Дэлхийн хотууд хөгжлийн түвшинд яаж хүрснийг харахад эхлээд дээрх асуудлуудыг л шийдсэн байдаг. Саяхан манай улсад айлчлал хийсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Модигийн ард түмэндээ үнэлэгддэг гавьяа нь энэ шүү дээ. Тэрбум хүнтэй Энэтхэгийн хотуудад үе үеийн бүх удирдагчдынх нь толгойн өвчин, шийдэж чадахгүй суудлаасаа буудаг асуудал нь нийтийн тээвэр, бохир, цэвэр усны хангамж байж ирсэн. Моди гуай бол цэвэр ус, тээврийн асуудал хоёрыг шийдлийн өндөр түвшинд аваачсан байдаг. Одоо нийслэл хийгээд бусад хотынхоо бохирын асуудал дээр шийдэл олж байгаа удирдагч юм билээ. Ерөөсөө ард түмэн нэг их юм хүсдэггүй юм байна л даа, ердөө тав тухтай ажиллаж амьдрах орчинг л төрөөс, удирдагчдаасаа хүсдэг. Түүнийг нь Энэтхэгийн өнөөдрийн Ерөнхий сайд шийдэж чадаад одоо олон улсад гарч ажиллаж байгаа нь тэр. Монголчууд бидний ярьдгаар гэрээ засаад, төр засаад, одоо дэлхийг засалцах ажилдаа орсон хүн юм. Түүний хийж чадсаныг гаднынхан Шинэ Дели хотын дүр төрхөөс харж болно.

Өнөөдөр Э.Бат-Үүл баатар үзэж тарж л байна. Модигийн хэмжээнд очихгүй ч Монголынхоо хэмжээнд Улаанбаатараа улсын нийслэл шиг болгочих санаатай. Түүний санаачлан хэрэгжүүлж буй Дагуул хот, “Найрсаг Улаанбаатар” гээд зөв ажлын эхлэлүүд байна. Дагуул хотуудыг байгуулж байж төвлөрлийг сааруулна. Найрсаг хот байж гэмээнэ аялал жуулчлалын төв болно. Лондон, Парис, Нью Йорк, Шанхай, Москва, Бээжин… бүгд асуудалтай. Замын түгжрэл, таргалалт, аваар осол, агаарын бохирдол, дуу чимээ, энэ бүгд стресс. Өнөөдөр нийт хүн төрөлхтний тал нь хотуудад амьдарч байна. Тавин жилийн дараа 75 хувь болно гэсэн судалгаа бий. Жилд 60 сая хүн хот руу нүүж байгаа юм. Тэгэхээр хот-нийслэл гэдэг бол тухайн улсын хөгжлийн түлхүүр болчихоод байгаа юм. Дээр нь аль ч улсын хотуудад хүн биш машин амьдрах гэж байгаа юм шиг болсон нь асуудал болоод байна. Манай нийслэлд ч ялгаагүй машин амьдардаг хот шиг машины зам, машины зогсоолд нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа ажил зориулагдах боллоо. Гэтэл манайхтай адил хөгжиж буй Балтийн улсуудад, жишээ нь Латвийн хотуудад бүр эсрэгээрээ машин замын оронд явган хүний зам түлхүү барьж байна. Олон давхар засмал замаа буулгаад унадаг дугуйны замыг уртын урт барьж байгуулж байна. Өнөөдрийн Латвийн машины хэрэглээ ердөө 30 хувь. Үүний үр дүнд тэр улсад таргалалт, таргалалтаас үүсдэг сахар, зүрх судасны өвчин, даралт, зүрхнээс үүдэлтэй эрсдлүүд 60 хувьтай буурчээ. Дээр нь аваар осол, агаарын бохирдол, дуу чимээ бүгд байхгүй, энэ дэлхийн стрессгүй, амгалан тайван улс болж аялал жуулчлалын хамгийн эрэлттэй бүс нутаг болж байна. Гэтэл эсрэгээрээ Америк тэргүүнтэй манайх мэтийн улс орнууд авто машины хэрэглээ 70 хувьд хүрчихээд байгаа юм. Өнгөрсөн бямба гариг нийслэлд машингүй өдөр болж Улаанбаатарын төв замууд хүүхэд хөгшид залуусаар дүүрлээ. Цаанаа нэг тайван сайхан хүмүүс. Дагаад хөөрхөн эдийн засаг явагдаж харагдана. Алхаад л зайрмагийн цэгүүд, унадаг дугуйны үйлчилгээнүүд, бусад олон төрлийн худалдаа үйлчилгээ бямба гаригт нийслэлийн төвийг дүүргэлээ. Харьцангуй дулаан байдаг 5-10 сарын хооронд ядаж нэг сарынх нь нэг амралтын өдрийг машингүй болгож байвал зөв санагдлаа. Ингэдэг жишиг ч дэлхийн хөгжсөн хотуудад байдаг. Жишээ нь Сөүлийн Ганнам дүүрэгт аравдугаар сард Олон улсын энх тайвны төлөөх марафон гүйлт гэж зарлаад төв зам талбайгаа машинаас бүрэн чөлөөлдөг. Дараагийн арваннэгдүгээр сард нь Ганнамын загварын наадам, дараахь сард нь Ганнамын оршин суугчдын спортын наадам, бүжгийн наадам… гэхчлэн сар сардүргэлжилдэг. Сөүл хотын 25 дүүрэг тус бүрдээ ийм ажлыг зохион байгуулдаг юм билээ.

Дөчөөдхөн жилийн өмнө Азийн хамгийн ядуу буурайгийн туйл, загасчдын тосгон байсан Сөүл хот газар нутгийн байршил, хүн амынх нь нягтрал гээд олон зүйлээрээ Улаанбаатартай төстэй. Манай нийслэл Богд хан, Сонгино хайрхан, Баянзүрх, Чингэлтэй гэсэн дөрвөн уулын дунд багтаж ядан байгаа бол Сөүл хот Ивансан, Паксан, Намсан, Пукагсан дөрвөн уулын дунд багтахаа байсан. Гэвч өнөөдөр Сөүл хот дэлхийн хүмүүс очих дуртай, аялах, амрах, бүр ажиллаж, амьдрах дуртай хот болсны нууц юунд байна вэ. Нэг дүүргийнх нь нийт газар нутгийн хэмжээ 30-100 км-т багтдаг. Алдарт Ганнам дүүрэг гэхэд 39,55 км-ийн радиуст оршдог. Тэнд 500 мянга орчим хүн амьдардгаас цөөнгүй нь Солонгос улсад хөрөнгө оруулсан гадныхан амьдардгаараа онцлогтой. Баячуудын дүүрэг гэгддэг энэ дүүргийг Сөүл хотын захиргаанаас бодлогоор гадны хөрөнгө оруулагчдад зориулсан юм байна лээ. Тэнд нь Солонгосын үндэсний хөрөнгөтнүүд, хөдөлмөрч, баялаг бүтээдэг хэсэг нь очоод айлсаад буучихгүй юу.

Эх сурвалж: www.dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.