Сүүлийн үеийн мэдээллээр дээрх үйл явдал “Хаан жимс”-т ч өрнөөгүй гэнэ. Тодруулбал, хуучин Гэмтлийн эмнэлгийн хажууханд байх протейзын үйлдвэрийг экс Ерөнхий сайд хувьчилж авсан бөгөөд АТГ-ынхан тэнд нэгжлэг хийх үеэр Н.Алтанхуяг гэнэт гарч ирээд “Та нар миний юманд битгий хүр. Би юу ч өгч явуулахгүй” гээд АТГ-ынхны өмнө тэгнээд хэвтчихсэн сураг байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Г.Дэнзэнг баривчилсны дараа “Н.Алтанхуяг АТГ-аас Прокурорын мөрдөнг салгах тухай хуулийн төсөл санаачилсны дараа Г.Дэнзэнг баривчиллаа” гэх мэдээллийг зохион байгуулалттай гэмээр цахим сүлжээ, сайтуудаар тарааж эхэлсэн байдаг. Мэдээж Н.Алтанхуяг ганц хуулийн төсөл санаачилснаас болж Г.Дэнзэнг баривчилна гэж байхгүй.
Гэсэн хэдий ч Н.Алтанхуягийн шинээр санаачилсан хуулийн төсөл нь цагаан захтуудыг өөгшүүлсэн хуулийн төсөл болж байна гэж олон нийт үзэж байгаа юм. Мөн тэрбээр Улсын Ерөнхий прокурорын харьяанд байсан Мөрдөх албыг АТГ-т шилжүүлснийг эрс эсэргүүцэж буй. Тиймдээ ч дээрх Мөрдөн байцаах албыг АТГ-аас салгахаар хуулийн төсөл санаачлаад байгаа нь энэ юм. Ингэснээр цагаан захтнууд өршөөгдөх боломж үүсэх талтай. Тэгэхээр хуулийн төслөөс болж Г.Дэнзэнг баривчилсан биш Г.Дэнзэн мэтийн цагаан захтнуудад зориулж хуулийн төсөл санаачилсан мэт харагдаж байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Үндсэндээ Н.Алтанхуяг өөрийнх нь охин болон тойрон хүрээлэгчдийг нь шалгасны болон барьж хорьсны хариуг авахын тулд АТГ-ын эсрэг хувийн ашиг сонирхол бүхий хуулийн төсөл санаачилжээ гэж үзэхээс аргагүй байгааг ч олон нийт хэлж байгаа юм.
Ямартай ч Н.Алтанхуяг сүүлийн үед “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа” хэмээн ийш тийш бичиг захидал илгээж, хуулийн төслөө батлуулахыг ч яаруулж байгаа нь нууц биш. Мэдээж тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрээ бариад АТГ-ын шалгалтаас сугарч үлдэх магадлалтай. Харин “хүргэн” Г.Дэнзэнд ингэж эдлэх эрх ямба байхгүй. Тийм ч учраас Н.Алтанхуяг хадмын хувьд хүргэнээ “аврах”-аар зүтгэх нь аргагүй. Ийнхүү Н.Алтанхуяг төлөвлөгөө боловсруулж, “13 мэх”-ээ ашиглаж эхлэв бололтой. Учир нь “Хуулийн төсөл санаачиллаа”, “АТГ-ын ажилд саад учрууллаа”, “АТГ-аас нэгжлэг хийхэд бичиг баримт дээр нь тэгнэж хэвтлээ” гэх зэргээр өдөр бүр хэвлэлийн хуудсыг чимж байгаа мэдээллүүдээс харахад Н.Алтанхуяг үнэхээр “хичээж” байгаа бололтой. Мэдээж энэ мэтхэнээр түүний арга төлөвлөгөө дуусахгүй нь лав. Тэгэхээр цаашид хэрхэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Эх сурвалж: www.info.mn