Хэдэн жилийн өмнө хар тамхи гэгчийг гадны иргэд л хэрэглэдэг гэх ойлголт манай улсын иргэдэд байсан. Тэгвэл эл тамхийг аль хэдийн манай улсын залуус хэрэглэж ялтан болсоор байгаа нь харамсалтай.
Ихийг хийж бүтээх насандаа цагаан тахал хэмээх хар тамхинд мансуурч, хөл алдан яваа нь хууль хяналт сул уу эсхүл эцэг, эх хүүхдээ хаана, юу хийж явааг мэдэгдэхгүй байгаад байна уу.
Өөрөөр хэлбэл, хүүхэд залуус хар тамхи хэрэглэх, борлуулах энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдах, шүүхээс ял шийтгүүлэх зэрэг тохиолдол гарсаар байгаа нь олон нийтийг цочролд оруулаад байна.
Өнгөрөгч сараас эхлэн 21 холбогдогчтой арван гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа гэдгийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн албанаас мэдээлсэн.
Уг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сэжигтнүүдээс урд өмнө ял шийтгэл эдэлж байсан 6-н хүн байгаагаас Б, Э, Н нарын гурван хүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйл, 192,1-р ял шийтгэл эдлэж байжээ. Сэжигтнүүдийн орон байр тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр метамфетамины төрөл болох ICE буюу мөс 111,1 гр, гашиш 15,5 гр, өвс 6,4 кг, анданте 490 ширхгийг илрүүлж, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Хар тамхи, мансууруул болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг үзвэл 2010 онд 15-н гэмт хэрэг гарч, 51 гэмт үйлдлийг тогтоон 75-н хүн холбогдож байсан бол 2014 оны байдлаар 65-н гэмт хэрэг үйлдэгдэж 132 хүн холбогджээ.
Үүгээр ч зогсохгүй хар тамхи үйлдвэрлэгч этгээдүүд гадаадын иргэнтэй хамтран жижиг үйлдвэрийн цехдээ хар тамхины төрлийн гашиш болон каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан баримлын шавар мэт болгон бэлддэг байж.
Хамгийн аймшигтай нь энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, ихэнх тохиолдолд нуугдмал байдаг учир илрүүлэлтийн хувийг ярих боломжгүй байдаг аж. Монгол Улсын хэмжээнд мэдэгдэж бүртгэгдсэнээр 400 гаруй хар тамхины төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгч залуус байдаг гэнэ. Үүний цаана 40 орчим залуус нууц байдалтайгаар амьдарч байгааг ч судлаачид олж тогтоожээ.
Нөгөөтэйгүүр, хар тамхи мансууруулах төрлийн үйлчилгээтэй эм бэлдмэл, бодисын гаднаас хууль бусаар хил нэвтрэн орж ирж байгаа нь ихээхэн нөлөөлж байгаа. Манай улсад энэ төрлийг бодисыг гаргаж авах боломжгүй. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг өвсний төрлийг ургамлыг хэрэглэсэн түүнийг гар аргаар боловсруулж, мансууруулах төрлийн үйлчилгээг нь нэмэгдүүлж, өөрсдөө хэрэглэн бусдад худалдаалсан хэргүүд илэрсэн. Энэ төрлийн бодисыг улсын хилээр нууж, оруулж ирж байгаа. Хил дээр холбогдох шалгалтууд явагддаг. Ийм төрлийн бодис өндөр хүчин чадалтай ч овор хэмжээ багатай байдаг гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү хэлсэн.
Түүнчлэн 2009 оноос Бүгд Найрамдах Унгар улсаас оруулж ирж эхэлсэн мансууруулах үйлчилгээтэй анданте гэх эм 2014 оныг хүртэл эмийн сангуудаар худалдаалагдаж байсан бөгөөд хүүхэд залуус хэрэглэж мансуурах тохиолдол их гарчээ. Тиймээс өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын эмийн бүртгэлээс хасаж, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах эмийн жагсаалтад оруулсан. Тиймээс ард иргэд энэ төрлийн бодисыг хэрвээ хууль бусаар олж авах, тээвэрлэх, биедээ авч явсан тохиолдолд Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг ч мэдэж байх хэрэгтэй.
Дэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байгаа нь тод жишээг дээрхээс харж болно. Дөнгөж 3 сая иргэнтэй болж буй манай улсад хар тамхи хэрэггүй л байлтай. Залуучууд хар тамхийг сонирхож хэрэглэх, саваагүй зангаас болж, хэн нэгэнд уруу татагдаж хэрэглэж үзсэн гэдэг судалгаа хүртэл гарч байсан билээ.
Х.Даваа
Эх сурвалж: www.dorgio.mn